Шинэ он гараад та “new year, new me” дээрээ тавьчихсан бүхнийг шинээр, эхнээс нь эхлэхээр шийдчихсэн байна уу. Өөрт тохирох ажлын байр, шинэ орчин, шинэ хамт олон, шинэ сорилтын өмнө өөрийгөө бэлтгэж байна уу? Тэгвэл “Central TV”-гээр гарч байгаа “The Job Interview”-г үзээд ажлын ярилцлагад хэрхэн бэлдэж, ажил олгогчдод өөрийгөө яаж илэрхийлвэл эерэгээр үнэлүүлэх боломжтойг сонирхоорой. Тус нэвтрүүлгийн ням гарагийн дугаарт Монголын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп оролцлоо.
Группийн удирдлагууд ажил горилогчидтой хэрхэн нээлттэй харилцаж, тэдний дотоод нөөц бололцоо, ур чадварыг богино хугацаанд нээн илрүүлж буй нь Танд ажлын ярилцлагын шинэ шийдлийг харуулах нь гарцаагүй. Түүнчлэн тус групп хүн төвтэй байгууллагын соёлын хүрээнд бүх ажилтнуудаа дэмждэг бөгөөд ажилчдынхаа ур чадвар, бүтээмжийг харгалзан үзэж цалингийн системээ тодорхойлдог нь салбартаа шударга өрсөлдөөнийг бий болгож байна. Юнител группийн оролцсон дугаар онцлох зүйл ихтэй, туршлага болгон хэрэгжүүлмээр санаагаар баялаг байлаа. Тэд энэ удаад “HR Innovation & Experience Specialist” гэх ажлын байранд тохирох хүнийг эрэл хайгуул хийж байв.
“HR Innovation & Experience Specialist” нь ямар ажил хийх вэ?
Энэ ажил нь байгууллагын өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Багийн гишүүн болсноор ажилтнуудад зориулсан дижитал шийдэл, ажилтны туршлагыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцоно. Сургалт хөгжлөөрөө салбартаа тэргүүлдэг багийг хэрхэн улам сайн хөгжүүлэх вэ гэдэг сорилттой нүүр тулж, тасралтгүй суралцаж, хөгжих боломжтой ажил юм. Мөн байгууллагын брэндийг дотоод, гадаад зах зээлд таниулах бүтээлч ажлуудыг зохион байгуулна.

Энэ удаагийн дугаарт дээрх ажлын байрны ярилцлагад Б.Анударь, Г.Солонго, Г.Маралмаа, Г.Баянжаргал гэсэн дөрвөн бүсгүй оролцлоо. Тэд бүгд өөрсдийн гэсэн давуу тал, мэдлэг, ур чадвартайн дээр хуримтлуулсан туршлагатай бөгөөд өөрийгөө илэрхийлэх чадвар, хандлага нь гайхалтай байсан юм. “HR Innovation & Experience Specialist” ажлын байранд Б.Анударь, Г.Баянжаргал хоёр тэнцсэн. Тэд ЯАГААД тэнцсэн бэ? гэдгийг редакцын зүгээс хийсэн ажиглалт, дүгнэлтийн дагуу зөвлөгөө болгон орууллаа. Хэзээ нэгэн цагт уншигч танд ч хэрэг болж юуны магад.
1. Богино хугацаанд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх
Ажлын ярилцлагын дундаж хугацаа 30-40 минут байдаг тул тус хугацааг та бүрэн ашиглах нь чухал юм. Айж, сандрах, түгдрэх гэхчлэн өөрт сөргөөр нөлөөлөх сэтгэл хөдлөлдөө автвал ярилцлагын хугацаагаа бүхэлд нь нураалаа л гэсэн үг. Тус реалити шоуг анзаарахад тэнцсэн ихэнх оролцогч өөртөө итгэлтэй, тайван, нээлттэй ярьснаар хоёр талын хэн хэнд нь таатай уур амьсгалыг бүрдүүлж байсан юм. Өөрийгөө танилцуулахдаа зөвхөн овог, нэрээ хэлээд дуугаа хураах биш гэр бүлийнхээ тухай товч мэдээллийг дурдаж, өөрийнхөө юунд дур сонирхолтой тухай төдийгүй ямар учраас дуртай болсон түүхээ ч ярьж болно. Энэ тухайгаа ярих явцад таны биеэ барих нь аажмаар багасаж гол зүйлсээ ярихдаа сандрахгүй байх давуу талтай.
2. Би юу хийсэн бэ, юуг хийх чадвартай, туршлагатай вэ?
Ажилласан туршлага, хэрэгжүүлсэн төслүүдээс та юуг ойлгож, ямар ур чадвар эзэмшсэн нь ажил олгогчдод чухал аж. Ажлаа зөвхөн амжилттайгаар дуусгасан, төслөө эерэг үр дүнтэй гүйцэтгэсэн гэдэгт бус алдсан, бүтэлгүйтсэн ажлын туршлага ч чухал юм. Энэ туршалага тань эргээд амжилт гаргах түлхүүр тул ажил олгогч нартаа заавал амжилттай, ололттой байсан гэдгээ итгэл үнэмшилтэй ярихаас гадна алдсан туршлагаас олсон үнэ цэнийхээ тухай шударга, нээлттэй яриарай. Дараагийн удаад яасан ч алдахааргүй болсон туршлага тань амжилт л гэсэн үг.
3. Яагаад энэ компанид ажиллахаар шийдсэн бэ? хувь хүний итгэл үнэмшилтэй хэрхэн зохицож байна вэ?
Ажил горилогч Г.Баянжаргал хэлэхдээ, Юнител групп бизнесийн компани гэхээс илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа нөлөөлөл, үйл ажиллагаа буюу ахмадуудад техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдэд зориулсан “steam hub” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь Г.Баянжаргалын итгэл үнэмшил, үзэл бодолтой нь нийцсэн тул тус компанид ажиллах сэдлийг төрүүлсэн тухайгаа ярьсан нь чухал байлаа. Энэ нь тухайн хүн орохоор зэхэж буй компаниа маш сайн судалж, өөрт тохирох эсэх болоод хэр удаан хугацаанд тогтвортой ажиллах эрмэлзэлтэй буйг илтгэж байв.
Мөн тэрбээр ярилцлагын төгсгөлд Юнител группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэнгээс лавласан асуулт нь түүний ажлын туршлагыг илэрхийлэхээс гадна бусад ажил горилогчоос ялгарах онцлог болсон юм. Тодруулбал, “Ямар нэгэн хязгаар тогтоогоогүй бол Юнителийн ажилтнууд дундаа ямар төсөл хэрэгжүүлэх вэ?” гэж асуухад нь “Үнэхээр сонирхолтой асуулт байна. Компанийн маань ажилтнуудын сайн сайхан байдал, ажлаа утга учиртай, урам зоригтой хийх, нээлттэйгээр шинэ санаачилга гаргаад сайн үр дүнд хүрэх нь бидний гол соёлын нэг” гэж хариулсан нь ажилчдынх нь үр дүнтэй, ажилдаа сэтгэл хангалуун байдгийг илтгэсэн. Өөрөөр хэлбэл, Юнител группийн ажилтнууд шинэ санал, санаачилга гаргахад ямар ч лимит тогтоодоггүй, нээлттэй саналаа илэрхийлж, хэрэгжүүлэхэд бүх боломжоор дэмжиж ажилладаг байна.
(+ ТИП) Инээмсэглэл
Харилцаанд инээмсэглэл эерэг үр дүнг үзүүлдэг байна. “The Job Interview”-г үзэхэд ажил горилогчид инээмсэглэж ороод мэндлэхэд ярилцагч талынхан эерэг байдлаар хүлээн авч буй нь харагдаж байсан юм. “Тархи ба сэтгэл судлалын ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн доктор Ниэнденталийн судалгааны дүгнэлтэд онцолсноор “Инээмсэглэл нь ердөө дотоод сэтгэлийн илэрхийлэл биш юм. Харин хүн хоорондын харилцааны хамгийн ил тод хэмжигч” хэмээн тодорхойлсон байдаг.