Алдарт Дэвид Бекхэм, Виктория нарын гэрбүлд асуудал үүссэн талаар өнгөрсөн оны сүүлээс тодорхой болсон билээ. Бруклин аавдаа 50 насны ойгоор нь баяр хүргээгүй төдийгүй энэ сарын эхээр эцэг эхтэйгээ зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан харилцана гэж зарласан. Яг юу болоод байгаа нь тодорхойгүй байтал Бруклин энэ сарын 19-нд олон нийтийн сүлжээнд тайлбар хийлээ.
Хамаг асуудал гурван жилийн өмнө Бруклин жүжигчин Никола Пельтцтэй гэрлэсэн тэр үеэс эхэлжээ.
Бруклин Бекхэм “Би гэр бүлтэйгээ эвлэрэх бодолгүй байна. Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө тэмцэж үзлээ, одоо хэн ч намайг шахахгүй. Эцэг эх минь үргэлж манай гэр бүлийн талаар сүлжээнд гарч байгаа бүх зүйлийг хянадаг байсан. Олон нийтийн сүлжээнд хуурамч баясгалантай пост оруулах, дүр эсгэх нь манай гэр бүлийн байнгын шинж байлаа. Саяхан би тэд өөрсдийгөө хамгаалахын тулд хэвлэлд худал хуурмаг мэдээлэл тараахад бэлэн байгааг нь өөрийн нүдээр харлаа. Гэхдээ үнэн зүйл үргэлж ялна гэж би найдаж байна” гэжээ.
Николад амалсан даашинзаа хуримын яг өмнө өгөхөөс ээж нь хэрхэн татгалзсан, хуримын дараа Бекхэм гэдэг нэрнээс татгалзахыг шахаж шаардсан талаар ярьжээ. Мөн эцэг эх нь түүний эхнэр Николаг огт хүндэлдэггүй гэдгийг онцоллоо.

“Хуримын өмнөх өдөр манай гэр бүлийн гишүүд надад “Никола бол манай гэр бүл биш”, “Цусан холбоогүй” гэх мэт зүйл хэлсэн. Тэр үеэс би өөрийгөө, гэр бүлээ хамгаалахаар тэмцэж эхэлсэн. Эцэг эх маань хувийн шугамаар ч, заримдаа танил хэвлэл мэдээллээрээ дамжуулан маш их дайралт хийсэн. Ээж миний хуучин амраг бүсгүйчүүдийг гэнэт аваад ирдэг. Зорилго нь Никола бид хоёрыг муудалцуулах, эвгүй байдалд оруулах явдал. Аавын төрсөн өдрөөр нь баяр хүргэхээр яваад очтол Дэвид эхлээд камер, сэтгүүлчидгүй уулзахаас татгалзсан. Эцэст нь нэг юм уулзахаар зөвшөөрөхдөө Никола байхгүй бол уулзана гэж болзол тавьсан. Алгадаад авах шиг л болсон. Манай гэр бүлийн хувьд зар суртчилгааны гэрээ хамгийн чухал зүйл. Тэд загварын шоу, үдэшлэг, юунд ч хамаагүй заавал очиж, өв төгс гэр бүл гэдгээ харуулахыг хичээдэг” гэсэн байна.
Бруклин өөрийг нь Никола бүрэн хянадаг гэсэн мэдээллийг үгүйсгээд “Би амьдралдаа анх удаа аав ээжээсээ хол байна. Ямар ч түгшүүргүй, үнэхээр тайван амгалан болчихлоо. Өглөө болгон сэрэхдээ би ийм амар амгалан амьдрал олгосонд талархдаг. Эхнэр бид хоёрт хэвлэлээр харуулдаг шиг тийм хуурмаг амьдрал хэрэггүй. Бид зүгээр л тайван амгалан, аз жаргалтай баймаар байна” гэжээ.
