“Милан Кортина 2026” Өвлийн олимпын XXV наадам хоёрдугаар сарын 6-22-ны өдөр Итали улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад болно. Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх тус наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох гэж байна.

Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд 2 дугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.
Тэгвэл “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцуулжээ.

Албан ёсны танилцуулгад “Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив” гэсэн байна.



“Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой.



Нүүдэлчин ард түмэн бидний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн Монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанараар урлалаа.
Хэдэн мянганы туршид төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчууд бидний тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын тавцанд тодотгон харуулж, бахархалтайгаар тунхаглав” гэжээ.