Энэ 7 хоногт болсон Давосын чуулганы үеэр олон улсын хуучин дэг журам өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дундаж болон жижиг орнууд хэрхэх вэ гэдэгт онцгойлон анхаарал хандуулсан түүний үг дэлхий дахины анхаарлыг татав.
Энэ оны гуравдугаар сараас Канадын Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн Марк Карни урьд нь эдийн засаг, санхүүгийн салбарт танигдсан лидер. Тэрээр 2008-2013 онд Канадын төв банкны Ерөнхийлөгч, 2013-2020 онд Английн төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь тус улсын түүхэнд анх удаа гадаад хүн төв банкны удирдлагаар ажилласан тохиолдол болж байв. Үүний өмнө Марк Карни нь 13 жил Goldman Sachs-ийн Бостон, Лондон, Нью-Йорк, Токио, Торонтогийн оффист ажиллаж байжээ.
Боловсрол

Марк Карни Харвардын их сургуулиас эдийн засгийн бакалаврын зэргээ авсан бол Оксфордын их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалжээ. Мөн эдгээр хугацаанд тэр сургуулийнхаа хоккейн багт тоглодог байсан ба Оксфордын их сургуулийн багийг хожмоо НҮБ-д Канад Улсыг төлөөлөн суух төлөөлөгч болсон Дэвид Ламеттийн хамт ахалдаг байжээ.
Улс төрд
2012 онд Канадын төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь Консерватив намаас Карнид Cангийн сайд болох санал тавьсан бол 2013 онд Либерал намаас нэр дэвших урилга хүргүүлж байжээ. Гэвч төв банкны тэргүүний албан тушаалаас шууд сонгууль, улс төрийн албан тушаалд шилжих нь зохимжгүй байсан тухай тэрбээр 2025 онд ярилцлагадаа дурдсан байна.

2020 онд Марк Карни НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, санхүүгийн асуудал эрхэлсэн тусгай элчээр томилогдсон. Мөн онд Гласгоуд болсон COP26 хурлын Cанхүүгийн зөвлөхөөр ажиллаж байв.
2021 онд Канадын Либерал намын хуралд илтгэл тавьснаар Марк Карни тус намын дэмжигч болохоо илэрхийлэв. Түүнчлэн ковид-19 цар тахлын үед Ерөнхий Сайд Жастин Трюдогийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эдийн засгийн хүндрэлийг даван гарах бодлого, үйл ажиллагааг хариуцан ажиллаж байжээ. Энэ үеэс түүнийг ирээдүйн Сангийн сайд эсвэл Трюдог “залгамжлах” Ерөнхий сайд гэх болсон.

2025 оны нэгдүгээр сард Карни Либерал намын даргад өрсөлдөх болсноо зарлаж, гуравдугаар сард ялалт байгуулснаар Ерөнхий сайд болсон юм. Улмаар тавдугаар сард парламентыг тарааж, сонгууль явуулахад Либерал намыг тэргүүлэн оролцсоноор Ерөнхий сайдын суудлаа бататгажээ.
Үзэл баримтлал
Улс төрийн замнал харьцангуй богино түүнийг үзэл баримтлалын хувьд төвийг сахисан, технократ гэж тодорхойлдог. Трампын тарифын эсрэг худалдааны хэлэлцээрийг амжилттай хийж чадах хүн гэсэн итгэл түүний сонгуулийн ялалтад гол нөлөөлсөн хүчин зүйл гэх нь бий.

Мөн Марк Карни нь тогтвортой хөгжил, байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ногоон санхүүжилт, карбон татварын бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд төрийн ухаалаг, хариуцлагатай оролцоог капитализмд ач холбогдолтой гэж үздэг.
Давос 2026
Марк Карни энэ 7 хоногт болсон Давосын чуулганы үеэр өөрийн бичсэн илтгэлээ танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Дэлхий дахинаа тогтсон олон улсын дэг журам өөрчлөгдөж, хүчтэй гүрнүүд зорилгынхоо төлөө давамгай байдлаараа түрий барьж байгаа энэ үед дундаж, жижиг орнууд эмзэг байдалд орж байгааг тэрбээр тодотгон хөндсөн нь онцлог байлаа.

Тэрбээр дэлхийн хуучин дэг журам эргэж ирэхгүй, тэр бүхнийг эргэн харж дурсан суух нь стратеги биш гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн их гүрнүүдээс гадна дундаж орнууд хоорондоо хамтарч, идэвхтэй ажиллах ёстой. Хэрэв тэд хэлэлцээний ширээний ард сууж байхгүй бол цэсэд бичигдэх болно гэсэн юм.
Түүнчлэн Дональд Трампын хэлсэн “Канад Улс АНУ байдаг учраас л оршин тогтнодог” гэх үгийн хариуд “Хоёр улс нэгдмэл үнэт зүйл, аюулгүй байдлын хэлэлцээр, эдийн засгийн цогц хамтын ажиллагаанд суурилсан онцгой түншүүд. Канад Улс АНУ-аас болж оршин тогтнодог юм биш. Бид канадчууд учраас өөрсдийнхөө төлөө урагшлан хөгждөг. Бид орон гэрийнхээ эзэн, энэ бол бидний улс” гэжээ.