UBLife Logo
Нийгэм

Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгана

Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгана

Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг. Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахдаа НЭМГ-ын дарга, холбогдох албаныханд чиглэл болгосон юм.

Тэгвэл өнөөдөр НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болжээ.

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, мэдээллийг бууруулах, гардаггүй байхад анхааръя. Үүнд хүний нөөцийн асуудал байна уу, техник тоног төхөөрөмж дутагдалтай байна уу эсвэл удирдлагын менежментийн алдаа юу гэдгийг тодорхойлж хамтдаа гарц, шийдэл олъё. Үр дүнд нь иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 5-10 минутын дотор түргэн тусламжийн үйлчилгээ авдаг болно” гэдгийг онцлов.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Манай 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг. 2025 онд 445.827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10 хувиар нэмэгдэж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.