UBLife Logo
Урлаг

УРЛАГЛАГ | Экспрессионизмыг 1 минутад ойлгох нь

УРЛАГЛАГ | Экспрессионизмыг 1 минутад ойлгох нь

Экспрессионизм (1905–1925) бол бодит байдлыг яг тэр хэвээр нь дүрслэхээс татгалзаж, хүний дотоод мэдрэмж, айдас, өвдөлт, ганцаардал, түгшүүрийг гажуудсан хэлбэрээр илэрхийлдэг урлаг юм. Экспрессионист уран бүтээлчид “Дэлхий хэрхэн харагддаг вэ?” гэж асуухаасаа илүү “Энэ ертөнц надад ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асуудаг. Тиймээс энэ урлаг гоо сайхан, амгалан тайван байдал бус, төгс бус хэлбэр, үнэн, нүцгэн, заримдаа тэсэшгүй байдлыг ч мэдрүүлж чаддаг.

Edvard Munch - The Scream

Emil Nolde - Dance Around the Golden Calf
Wassily Kandinsky - The Blue Rider

ХЭРЭВ ЭМОЖИ БАЙСАН БОЛ:

Экспрессионизм бол тайван ертөнц огтоос биш. Бүх зүйл, мэдрэмжүүд нь хашхирч, савлаж, шуугьж байдаг гэхэд буруудахгүй.

ХЭРЭВ КИНО БАЙСАН БОЛ:

Requiem for a Dream (2000)

Даррен Аронофскийн энэ кино бол орчин үеийн экспрессионизмын төгс жишээ. Хурдтай эвлүүлэг, ханасан өнгөнүүдийн зохицол, давтагдах хөдөлгөөн, хяналтаас гарсан ритм гээд бүгд үзэгчийг дүрүүдийн сэтгэл зүйн задрал руу хүчээр түлхэж, тэнд нь байлгаж чаддаг.

Энэ бүтээлийн гол сэдэв зөвхөн мансууруулах бодис бус хүсэл шунал, донтолт, хоосрол хүнийг хэрхэн дотроос нь үгүй хийдгийн илэрхийлэл. Кино төгсөхөд үзэгч зөвхөн дүрүүдийн түүхийг хараад өнгөрөхгүй, харин зовлонг нь биеэрээ туулсан байдаг.

ХЭРЭВ ЗОХИОЛ БАЙСАН БОЛ:

Франц Кафка — Хувирал

Нэг өглөө Грегор Замза хэмээх доншуур худалдаачин залуу шавьж болон сэрнэ. Энэ бол уран зөгнөл биш, харин дотоод тарчлалын биет дүрслэл юм. Кафкагийн ертөнцөд бие махбодь бол сэтгэлийн зовлонгийн тусгал, гажуудал бол нийгмийн дарамтын үр дагавар, чимээгүй байдал харин айдсаас ч аймшигтай байдаг.

ХЭРЭВ ӨНГӨ БАЙСАН БОЛ:

Экспрессионизмд өнгө бүхэлдээ мэдрэмжийг илэрхийлдэг билээ. Дараах өнгөнүүд бол энэхүү урлагийг хамгийн тодоор илэрхийлж болох өнгөнүүд билээ.

Pantone 200 C — Цус мэт улаан, дотоод зөрчлийн мэдрэмжийг өдөөх өнгө

Pantone 012 C — Хортой гэж хэлж болмоор цочирдом, хурц шар өнгө

Pantone 3435 C — Хар өнгөтэй гайхалтай зохицдог ногоон өнгө

Pantone Black 6 C — Амьсгалах зайгүй орон зай мэт гүн хар өнгө

Энэ бол тайвшруулах биш бүхэлдээ довтолдог өнгөнүүд билээ.

ХЭРЭВ АЛДАРТАН БАЙСАН БОЛ:

Сүнслэг талаас — Курт Кобейн

Курт Кобейн бол экспрессионизмыг хөгжимд шингээсэн дүр. Тэр тайзан дээр хөгжмөө зүгээр ч тоглож, дуулалгүй, шаналлаа гарган мэдрүүлдэг байсан уран бүтээлч. Түүний дуу хоолой, шаргал замбараагүй үс, харц, мэдрэмж бүхэлдээ 20-р зууны “Angst”-ын амьд хөрөг юм.

Дүр төрх талаас — Уиллем Дефо

Уиллем Дефо бол тэр чигтээ л экспрессионист зураг. Гүн үрчлээ, илэрхийлэмжээр дүүрэн харц, инээмсэглэл нь санаанаас үл гарам харагддаг билээ. Тэр огт үг дуугарахгүйгээр ч айдсыг мэдрүүлж чадна.

ХЭРВЭЭ NETFLIX ЦУВРАЛ БАЙСАН БОЛ:

BoJack Horseman

Гаднаа өнгөлөг анимейшн мэт харагдавч дотроо гүн харанхуй бүтээл. БоЖак сэтгэл гутралд орох үед ертөнц гажуудаж, орон зай сунан, цаг хугацаа бутарч, бодит байдал итгэхийн аргагүй болон өөрчлөгддөг. Энэ бол экспрессионизмын гол зарчим шүү дээ.: Бүхэлдээ сэтгэл санаа, мэдрэмжийг тодорхойлдог.

ХЭРВЭЭ БҮЖИГ БАЙСАН БОЛ:

Pogo / Mosh Pit

Бие биетэйгээ мөргөлдөх биес, хяналт дундах замбараагүй байдал, хөлс, чанга дуу чимээ, эмх замбараагүй байдал. Mosh pit эмх цэгцгүй, аюултай мэт боловч хамтын катарсис гэж хэлж болох илэрхийлэл билээ. Өвдөлтөөс цэвэршин ариусах мэдрэмжийг авч, биеэ мэдрэмжийн зэвсэг болгон ашиглаж, эмх замбараагүй байдлаар бүхнийг сулруулан гадагшлуулах сонгодог жишээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.