Ирэх Баасан гарагт Италид 2026 оны Өвлийн олимпын наадам хөшгөө нээнэ. Олимп болгоноос үзэгчдийн хамгийн их хүлээдэг зүйл бол нээлтийн ёслол байдаг. Тамирчдын хувцаснаас эхлээд шоу, арга хэмжээ, алдартнууд гээд үзэх харах юм их байдаг билээ. Энэ удаад италичууд дэлхийг хэрхэн гайхуулах гэж байгаа бол? Франц шиг өвөрмөц ёслол хийж, гайхуулах уу, эсвэл сонгодог хэлбэрийг сонгох болов уу?
Олимпын нээлтийн үндсэн арга хэмжээ Миланы “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болно. Гэхдээ тамирчдын жагсаал Миланаас гадна Кортина-д’Ампеццо, Предаццо, Ливиньо хотуудад явагдах юм. Тэмцээн уралдааны хуваарьтаа баригдаад Миланд ирж чадахгүй тамирчдын ёслол гэсэн үг.

Нээлтийн шоу
Нээлтийн арга хэмжээг “Balich Wonder Studio” компани зохион байгуулж байгаа. Энэ компанийн тэргүүн Марко Балич нь Сочи, Рио-де-Жанейро, Токио гэх мэт нийт 14 олимпын ёслолыг хариуцан ажиллаж байсан туршлагатай. “Сан-Сиро” хүрээлэнд 1300 уран бүтээлч ирнэ гэдэг нь тодорхой болсон. Тэд Италийн соёл, түүхийг үзэгчдэд хахуулах, танилцуулах гэнэ. Мөн хэдэн сарын өмнө нас барсан алдарт модельер Жоржо Арманид хүндэтгэл үзүүлэх юм.

“Бид Пуччини, Верди, Россини нарын уран бүтээл дор хөтөлбөр бэлтгэсэн. Тэдний хөгжим бол нээлтийн ёслолын амин сүнс байх болно. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь манай нууц жор. Бид маш хурц, дурсгалтай хэд хэдэн үзүүлбэр бэлтгэсэн. Бүх нууцаа дэлгэж болохгүй ч ямар ч гэсэн үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх болно. Арманигийн бүтээсэн дүр төрхийг ашиглана. Түүний дэлхийн урлаг, загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь харуулах юм. Италичуудын хувьд Армани ямар үнэ цэнтэй байсныг үзүүлнэ. Хүн, байгалийн зохицол манай гол сэдэв. Италичууд бидний хувьд үзэсгэлэн гоо гэдэг бол байгаль юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Ямар од ирэх бол?
Агуу Андреа Бочеллигүй Италийн соёл урлаг гэж байхгүй. Дэлхийн шилдэг тенор хоёр дахь удаагаа олимпын нээлтэд оролцох гэж байна. 20 жилийн өмнө Турины олимпод ая дуугаа өргөж байсан түүний энэ удаагийн тоглолт гэнэтийн бэлэг дүүрэн байх гэнэ. Мөн Америкийн дуучин Мэрайя Кери, Италийн эстрадын од Лаура Паузини нар дуулах болно.
Олимпын бамбарыг хэн асаах вэ?
Энэ бол зохион байгуулагчдын хамгийн нууцлахыг хүсэж байгаа зүйл. Итали улс спортын алдартнаар баялаг. Олимпын бамбар энэ удаад Миланаас гадна Кортина-д’Ампеццод бадран асах болно. Энэ нь 1956 онд Италид болсон олимпод хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Миланы “Арки делла Паче”, Кортинагийн Дибона талбайд хоёр том бамбар асна. Суурийг нь нисэх салбарт ашигладаг хөнгөн цагаанаар хийсэн. Нээгдэж, хаагдах бөгөөд галыг шилээр хамгаалжээ. Тэгэхээр бамбар асаах хүн хоёр байж таарах нь.

