АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBC телевизэд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилна гэж мэдэгдлээ. Трамп “Би Хятадын тэргүүнтэй сайн харилцаатай. Би БНХАУ-д дөрөвдүгээр сард айлчилна. Харин Ши Жиньпин 2026 оны сүүлээр Цагаан Ордонд ирнэ” гэж хэлсэн байна.
Өчигдөр орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярьсан бөгөөд энэ үедээ айлчлалын хугацааг тохирсон бололтой. Хоёр тэргүүн худалдаа, эдийн засаг, Тайванийн асуудал, Ираны хориг, ОХУ, Украины дайн зэрэг өргөн сэдвээр санал солилцжээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин “Өнгөрсөн жил бид сайн харилцаа холбоогоо хэвээр хадгалсан бөгөөд Пусан хотод амжилттай уулзалт хийж, хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн. Хятад, Америкийн харилцаанд миний бие маш их ач холбогдол өгдөг. Шинэ онд тантай хамтран Хятад, Америкийн харилцааг саадгүй урагшлуулан, илүү том, ашигтай зүйлсийг хийж гүйцэтгэхэд бэлэн байна. АНУ-д анхаарал хандуулж байгаа зүйл бий, Хятадад ч гэсэн анхаарал хандуулж байгаа зүйл бий. Хятад улс үгэндээ үнэнч байж, амлалтаа биелүүлж байна. Хоёр тал эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх байр сууриар бие бие рүүгээ чиглэж байгаа цагт бид анхаарал хандуулж буй асуудлаа шийдвэрлэх арга замыг олж чадна. Хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зөв зохицуулан, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, асуудал бүрийг нэг нэгээр нь шийдвэрлэж, итгэлцлээ тасралтгүй хуримтлуулан, зөв харилцах арга замаа олж, 2026 оныг Хятад, Америк хоёр том гүрэн харилцан хүндэтгэж, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтаар хожсон жил болгох ёстой” гэжээ. Мөн “Тайванийн асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал асуудал гэдгийг онцолж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа заавал хамгаална. Тайванийг Хятадаас салгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд Америк эрхбиш болгоомжтой хандах ёстой” гэж онцолсон байна.

Дональд Трамп “Америк Хятад улс хоёулаа агуу улс бөгөөд Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа юм. Би Ши Жиньпин даргатай маш сайн харилцаатай бөгөөд Ши Жиньпин даргыг маш их хүндэлдэг. Миний бие болон Ши Жиньпин даргын удирдлага дор Америк Хятад улс худалдаа, эдийн засаг зэрэг салбарт эерэг харилцаагаа үргэлжлүүлсэн. Хятадын амжилтад би сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны шинэ хөгжлийг ахиулахад Америк бэлэн байна. Тайванийн асуудлаарх Хятадын анхаарал хандуулж байгаа зүйлийг би чухалд үздэг бөгөөд Хятад улстай харилцаа холбоогоо хэвээр байлгаж, бүрэн эрхийнхээ хугацаанд Америк Хятадын харилцааны сайн, тогтвортой байдлыг хадгалахад бэлэн байна” гэжээ.
