Өнөөдөр Италийн Миланд Өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол болно. Дэлхийн хамгийн том спортын наадам дэлхийн загварын нийслэлд явагдана гэсэн утгаараа энэ ёслол загварын уралдаан болно гэсэн хүлээлт үүсжээ. Аргагүй, улс орон болгон өөрийн шилдэг загвар зохион бүтээгчдээрээ ёслолын хувцсаа урлуулсан байгаа. Энэ удаад бид олимпын түүхэн дэх хамгийн ганган хувцаснуудыг танилцуулж байна.
1968 — Мексик

Мексикийн шигшээ баг олимпын лого, тэмдгээ архитектор Педро Рамирес Васкест даалгасан. Педрогийн бүтээсэн “Мексик 1968” логог дэлхий даяараа шуугин, хэлэлцэж байлаа. Загвар зохион бүтээгч Ирма Дюбост, Жули Мердок нар тамирчдаа өндөр захтай, нүд эрээлжилсэн хурц дүрстэй гоёлоор хувцасласан нь тэр үед моодонд ороод байсан Францын модельер Андре Куррежагийн хувцас мэт харагдуулж байлаа. “Мексикийн уугуул иргэдийн үлгэр домгийн сэдвийг хиппи стильтэй хослуулсан нь жинхэнэ, орчин үеийн загвар болсон байна” гэж Vogue дүгнэж байсан юм.
1976 — АНУ

1976 оны Монреалын олимпод оролцох АНУ-ын багийн хувцсыг домогт модельер Рой Холстон хийсэн юм. Уйтгартай бэлтгэлийн хувцасны оронд Холстон Нью-Йоркийн алдарт “Studio 54” шөнийн клубийн төрхийг илтгэсэн өргөн костюм, хөх пиджак, цагаан өмд, улаан зангиа, улаан торгон ороолттой, цагаан хүрэм бэлтгэсэн байлаа. Загварын “Dazed” сэтгүүл тэр үед “Ийм хувцастай байхад цэнгэлдэх хүрээлэнгээс шууд бүжгийн талбай орж болох юм” гэж бичиж байлаа. Холстон дараа нь “Би тамирчдаа бизнес эрхлэгч мэт харагдуулахыг хүссэн” гэж тайлбарласан ч олон хүний шүүмжлэлтэй тулгарсан. Гэхдээ америк тамирчид үнэхээр ганган харагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
1988 — АНУ

“Сайхан харагдахыг хүсвэл сайхан хувцасла” гэж АНУ-ын тамирчин Флоренс Гриффит-Жойнер хэлж байлаа. Сөүлийн олимпод дэлхийн рекорд тогтоосон түүний гадна төрх дэлхийн бүх телевизийн дуранд өртсөн юм. Америкийн далбааны өнгөөр будсан урт хумс, алтан бөгж, гоёл зүүж, уруулаа час улаанаар будсан байв. Фло-Жо энэ олимпоос 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн билээ.
1992 — Литва

1992 оны Барселонагийн олимпод Литва улсын тамирчид анхаарал татсан. Хоёрхон жилийн өмнө тусгаар тогтнолоо олсон энэ улс анх удаагаа бие даан олимпод оролцож байв. Хөрөнгө мөнгөгүй ядуу оронд тамирчдаа хувцаслах санхүү байсангүй. Энэ үед тэдэнд туслахаар Японы авангард-дизайнер Иссэй Миякэ, АНУ-ын Grateful Dead рок хамтлаг ирсэн юм. Литвагийн багийн эмч Миякэд захидал бичсэнээр энэ түүх эхэлсэн. Миякэ үнэ төлбөргүй нээлтийн ёслолын хувцасны загварыг гаргаж өгсөн бол Grateful Dead хамтлаг санхүүгийн тусламжаас гадна сагсан бөмбөгийн багт нь хурц өнгийн өмсгөл илгээж байлаа. Сагсан бөмбөгчид хүрэл медаль авсны дараа өмсгөл нь 200 мянган хувь зарагдсаны орлогыг Литвагийн спортын хөгжилд зарцуулсан байна.
2002 — ОХУ

Солт-Лейк-Сити олимпын нээлтэд Оросын баг “Bosco Sport” брэндийн хувцастай гарч ирсэн. Эрчүүд нь урт ноосон пальто, үстэй малгай, эмэгтэйчүүд нь цагаан пальто өмссөн байв. Доогуураа “Красный богатырь” үйлдвэрийн эсгийн гутал, галоштой. Эрчүүдийн хувцасны санааг дуучин Федор Шаляпинаас авч, харин бүсгүйчүүдээ Цасан охин мэт гангалсан байв. Уран гулгалтын олимпын аварга Алексей Ягудин “Өмнө нь бид АНУ, Канадын ёслолын хувцсыг атаархан хардаг байсан бол одоо тэд бидэнд атаархаж байна” гэж хэлж байсан юм.
2012 — Их Британи

Нутагтаа зохион байгуулж байгаа олимпын наадамдаа англичууд сайн бэлтгэсэн. Тэд Adidas компанийн загвар бүтээгч бүсгүй Стелла Маккартныг урьж авчирсан. Энэ хувцас Их Британид аз авчирч, тэд 65 медаль авсан нь рекорд амжилт байлаа.
2012 — Ямайка

Домогт Боб Марлигийн охин, дизайнер Седелла Марли “Puma” компанитай хамтран бүтээсэн энэ хувцас Лондон олимпын нэгэн чимэг болсон. Тамирчдын хувцсанд арлын түүх, соёл, регги хөгжим, орчин үеийн спорт бүгд шингэсэн байлаа. Хамгийн гол нь бүх хүнд адилхан хувцас хийлгүй янз бүрээр урласан тул хэн ч дураараа сонгож болж байлаа. Нээлтийн ёслол дээр бусад багийн албан ёсны хувцасны дэргэд тэд амралт, цэнгээнд ирж байгаа мэт чөлөөтэй харагдаж байсан юм.
2012 — Энэтхэг

Энэтхэгчүүд үндэсний хувцастайгаа нээлтийн ёслолд жагссан. Эмэгтэйчүүд нь хурц шар өнгийн саритай, эрчүүд нь костюмтай, алтан шар өнгийн малгайтай байв. Сэтгүүлчид тэдний гоёлыг “ихэмсэг” гэж тодотгон, “Glamour” сэтгүүл хамгийн ганган багаар шалгаруулж байлаа. Шар өнгө нь алтан медалиас гадна аз хийморийг бэлгэджээ.
2016 — Куба

Рио-де-Жанейрогийн олимпын нээлт дээр Кубын баг онцгойрч байлаа. Тэдний ёслолын хувцсыг Францын алдарт дизайнер Кристиан Лубутен бүтээжээ. Тэрээр санаагаа Кубын цэргийн формоос авчээ.
2018 — Мексик

Пёнчаны олимпод оролцсон Мексикийн цаначид асар том гавлын ясны зурагтай хар комбинезонтой уралдсан. “Сүнсний баяр”-ыг санагдуулсан энэ гавлын яс нь үхэл бол амьдралын үргэлжлэл гэсэн утгыг агуулжээ. Германы дизайнер Хубертус фон Гогенлоэ бүтээсэн бөгөөд шилдэг загварын уралдаан болсон бол түрүүлэх байсан гэж ярьж байлаа.
2021 — Либери

Либерийн хөнгөн атлетикийн багийн уралдааны хувцас олны анхаарлыг татсан. Дизайнер Тельфар Клеменсийн энэ бүтээлд үндэсний далбаа, африк соёл бүгд шингэсэн байв.
2022 — Итали

Итали бол загварын эх орон гэдгийг тамирчид нь олимп болгон дээр харуулдаг. Бээжингийн олимпод алдарт Армани багаа хувцасласан. Энэ загварыг сэтгүүлчид “Супер баатар” гэж нэрлэсэн юм.
2024 — Монгол

“Michel & Amazonka” брэндийн эгч дүүс нээлтийн ёслолын дараа “Парис бол загварын нийслэл. Бид Парист гүн гүнзгий утга учиртай загвар үзүүлдэхийг зорьсон” гэж ярьж байлаа.
2024 — Хаити

“Энэ бол анхны хар бүгд найрамдах улсын сэргэлт” гэж дизайнер Стелла Жан тайлбарласан. Хаити бол хар арьст боолууд байгуулсан анхны эрх чөлөөт улс гэдэг санааг тэр загвартаа оруулжээ.
2026 — Итали

Алдарт Жоржио Арманигийн бүтээсэн хамгийн сүүлийн загвар.
