Өвлийн олимпийн XXV наадмын гурав дахь (2.09) өдрийн гол анхаарал спортын ертөнцийн төдийгүй дэлхийн хэмжээний од болсон гоо бүсгүйчүүд рүү чиглэж байсан байх.
Нидерландын ойрын зайн (500м, 1000м) тэшүүрийн тамирчин, "Бээжин-2022" олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт, инстаграмд 5,4 сая дагагчтай "нөлөөлөгч" Ютта Лердам 1000 метрийн зайд алтан медаль хүртэж, олон жилийн мөрөөдлөө биелүүлж, олны хэл амыг бага ч болов дарлаа.

Эдүгээ 27 настай Ютта "Милан-Кортина 2026" олимпын наадамд очихдоо баг тамирчдаасаа тусдаа, хувийн онгоц хөлөглөн очсон нь олны дургүйцлийг ихээхэн төрүүлж, багагүй шүүмжлэлийн бай болоод байсан юм. Олимпод эх орноо төлөөлж яваа тамирчин бус үдэшлэгт очихоор яваа бүсгүй гэх мэтээр. Гэвч Ютта Италид зүгээр нэг зугаалах гэж очоогүй гэдгээ амжилтаараа баталж, алтан медалиар "сөрсөн базаа" хийлээ дээ.
Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаан үнэхээр супер өрсөлдөөнтэй болсон. Ялангуяа сүүлчийн хоёр гараа. Эхлээд АНУ-ын найдвар, олимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальт хашир туршлагатай Бриттани Боу, Нидерландын тэшүүрчин, ДАШТ-ий 4 алт, 2 мөнгөн медальт Фемке Кок нар хамт гараанд гарч, Кок гайхалтай амжилт буюу 1:12.59 -өөр олимпийн рекордыг шинэчлэн тогтоож, Боу 1:14.55 амжилт үзүүллээ.
Одоо хамгийн сүүлийн гараа.

Өнөөх Ютта Лердам, Японы Михо Такагитай цуг мөсөн дээр гарна. Михо бол Олимпын 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 6 алт, 4 мөнгө, 6 хүрэлтэй мундаг "амьтан". Өмнөх олимпоор энэ зайд Михо алт авч, Ютта мөнгө дээр бууж байсан. За тэгээд "алаан" боллоо доо. Михо үнэхээр "мачийсан ч" бие хаа, чацаар хамаагүй илүү Юттагийн тэшилт "аймаар".
Ютта Лердам хэмнэлээ улам нэмсээр 1:12.31 амжилтаар хэдхэн хормын өмнө нутаг нэгт Кокийн шинэчилсэн Олимпын рекордыг дахин шинэчилж, Олимпын аварга боллоо, гайхамшигтай. Олимпын аварга болсондоо үнэхээр итгэж ядан байх шиг, бас баярын шоконд ч орсон байхаа. Будгаа урстал, сүйт хархүү Жэк Полоо мэгширтэл уйлсаан. Фемке Кок мөнгө рүү "ухарч", харин Михо хүрэл дээр буулаа.

Эмэгтэйчүүдийн фристайлын слоупстайлын төрөлд фристайлын гол од, АНУ, БНХАУ-ын иргэншилтэй Эйлин Фэн Гу буюу Айлин Гу гэж ч нэрлэгддэг мөнгөн медаль хүртлээ. "Бээжин 2022" Өвлийн олимпод БНХАУ-ын нэрийн өмнөөс оролцсон Айлин Гу хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэн олимпын тод баатар болж байсан билээ. Түүний слоупстайл төрөлд алт авах (өмнөх олимпод энэ төрөлд мөнгө авсан) хүслийг Швейцарын Матильда Гремо "тас татан" алтан медаль хүртлээ.

Айлин Гу алт авч үзсэн биг-эйр болон хафпайп төрөлдөө л аваргаа хамгаалах хэрэгтэй боллоо. Слоупстайлд бол хоёр мөнгөтэй болсон хятад бүсгүй энэ төрөлд алт авахын тулд дахин дөрвөн жил хүлээх хэрэгтэй болов. Яагаад болохгүй гэж, тэр ердөө 22 настай шүү дээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
