Хайрын тухай өгүүлэх кино маш олон. Олон сая кинон дундаас үзэгчдийн сэтгэлд үлдэж, бодол санаанд одоо ч үлдсэн хосууд цөөнгүй. Заримдаа бид тэдгээр хосуудыг бодит амьдрал дээр ч нийлүүлэхийг хүсдэг. Тэгвэл үзэгчдийн сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлдсэн хосуудтай танилцъя.
1.Элиза, Амфибиан Мэн - ”The Shape of Water “ (2017)

“Би чиний дүрийг тодорхой харж чадахгүй ч бүх биеэрээ мэдэрч байна. Чиний оршихуй нүдийг минь хайраар дүүргэж, зүрхийг минь даруу болгоно. Учир чи хаа сайгүй оршино.”
Тэд бидний үзэж дассан хайрын түүхийг эвдэж чадсан дүрүүд. Өөр өөр ертөнцөөс ирсэн ганцаардмал хүмүүсийн зам хэрхэн нийлж байгааг өгүүлэх түүх. Тэд нэг ч үг ярилцахгүйгээр ойлголцож чаддаг. Амфибиан Мэн бол хүний ертөнцөд айдас дагуулсан оршихуй. Гэхдээ л тэд биеийнхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, төгс бус оршихуйд нь дурлацгаадаг. Тэдний хоорондох уур амьсгалыг дэлгэцийн гоо зүй болон усны зөөлөн цэнхэр өнгөтэй хослуулсан нь үзэгчдийн сэтгэлд гүн хүрч чадсан шалтгааны нэг билээ.
2. Эмма, Декстер - “One Day” (2011)

“Тэр чамайг илүү дээр хүн болгосон. Хариуд нь чи түүнийг хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болгосон.”
“One Day” кинонд Эмма, Декстер гэх хосын 20 жилийн түүхийг өгүүлдэг. Тэд жил бүрийн долоодугаар сарын 15-нд уулзаж байх амлалтыг бие биедээ өгснөөр киноны үйл явдал цааш өрнөдөг. Хэдийгээр тэд анхны харцаар бие биедээ дурлаж, гал халуун хайрыг түүхийг бүтээгээгүй ч он удаан жилийн уртад бие биедээ дасаж дурласан. Тэд 20 жилийн турш бие биеийнхээ хамгийн сайн найз байж уналт босолттой бүхий л үед хажууд байдаг. Заримдаа муудалцаж холбоо тасарсан ч бие биеэ гэх сэтгэл нь хэвээр байдаг. Найзын харилцаанаас хосууд болох гэж маш олон жилийг туулсан тэдний хайрын түүх кино ертөнцийн хамгийн хайр татам, догдлом түүхүүдийн нэг. Валентины баяраар заавал үзэх киноны нэг шүү.
3.Нора, Хэ Сун - “Past Lives” (2023)

“Чи миний ертөнцийг тэлж илүү том болгодог. Харин би чиний ертөнцийг тэгж чаддаг болов уу?”
Энэ кино танд ер нь бүхий л төрлийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чадна. Нора, Хэ Сун хоёрын хайрын түүх мөн л адил олон жилийн турш үргэлжлэх хайрын түүх. Хүүхэд байхдаа холбоо тасарсан ч бие биеийгээ дахин олох тэдний хайрын түүх үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ тэдний түүх болоогүй үлдсэн боломжийн талаар. “Хэрвээ” гэсэн асуултыг үзэгчдэд үлдээж харамсал төрүүлэх хайрын түүх билээ.
4.Руй, Аканэ - “Your Eyes Tell” (2020)

“Хэдийгээр би хараагүй ч чиний тухай бүгдийг ойлгож, мэдэрч чадна.”
Кино үзэж уйлмаар гунигламаар санагдсан үедээ “Your Eyes Tell” -ийг үзэх нь нэн тохиромжтой. Тэд хоёул өөрсдийн сэтгэлд тээж явдаг шархтай хүмүүс. Аканэ хараагүй болж, Руй өнгөрсөн алдаанаасаа болж өөрийгөө ертөнцөөс тусгаарласан нэгэн. Тэд учирснаас хойш бие биеийнхээ амьдралын гэрэл болж, хэрхэн эдгээж байгаа тухай түүхийг кинонд өгүүлдэг.
5.Алли ба Ноа — “The Notebook”(2004)

“Бидний харилцаа дуусаагүй, одоо ч дуусаагүй. Би чамайг өдөр бүр, үүрд хүсэж байна.”
Кино ертөнцийн хамгийн хүсэмжит хосуудын нэг болох Алли, Ноа. Тэдний хайр сэтгэл хэдийгээр олон бэрхшээл тулгарч байсан ч тэр бүх бэрхшээлийг давж хамтдаа насан эцэслэсэн тэдний түүх үзэгчдийн сэтгэлийг одоо ч догдлуулсаар байна.
6.Элио ба Оливер — “Call Me by Your Name”(2017)

“Бид өвдөлтөөсөө хурдан ангижрахын тулд өөрсдөөсөө хэтэрхий ихийг тасдан авч хаядаг. Тэгсээр гучин нас хүрэхэд дотроо хоосорч, хэн нэгэнтэй шинээр эхлэх бүрдээ өгөх зүйл улам багассан байдаг. Харин юу ч мэдрэхгүй байхын тулд өөрийгөө огт мэдрэмжгүй болгоно гэдэг — ямар харамсалтай вэ.”
Тэдний хайрын түүх яг л Италийн зун шиг. Нам гүм, гэхдээ цаанаа нэг л сэтгэлд дотно, догдлуулам. Анхны хайр гэдэг хүнд олон мэдрэмжийг төрүүлдэг дээ. Яг л тэр бүх мэдрэмжийг төрүүлж чадах хайрын түүх. Тэд хэдийгээр аз жаргалтайгаар төгсөөгүй ч бидний зүрхэнд урт удаан орших болно.
7.Жоэл ба Клементина - “Eternal Sunshine of the Spotless Mind” (2004)

Тэд бол мартахыг хүсээд мартагддаггүй тэр нэгэн хайрын түүхийг үзэгчдэд сануулсан хосууд. Хэдийгээр тэдний харилцаа нурж, тэд бие биеийгээ ой санамжаасаа устгах шийдвэрт хүрдэг ч дахин бие биедээ дурладаг. Тэдний хайрын түүхээс бид хайр гэдэг зөвхөн аз жаргалтай мөчүүд биш гэдгийг харж болно.
