Өнгөрсөн зууны 1950-иад оны үеийн спортын ертөнцөд хатуу чанга дүрэм, жентльмен арга барил ноёлж байлаа. Энэ үед ширээний теннисний талаарх төсөөллийг үндсээр нь өөрчилсөн нэгэн этгээд гарч ирсэн нь Марти Рейсман байлаа. Тэр зүгээр нэг тоглож байсангүй, тоглолтыг шоу болгож, өөрийгөө амьд домог болгон хувиргасан юм. Түүнийг “Пинг понгийн гангстер”, “Алиалагчдын хаан”, “Ширээний теннисний муу залуу” хэмээн нэрлэж байв. Марти энэ бүх хочиндоо хайртай байсан.
Цохиуртай “дайсан”
Марти Рейсман 1930 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд хэнтэй ч зүйрлэхээргүй, огт өөр хүүхэд байв. Тамирчид дасгалжуулагчийнхаа үгийг даган хичээнгүй бэлтгэл хийж байхад тэр өөрийн шинэ стилийг зохион бодож байв. Резин гадаргатай уламжлалт цохиур тэр хэрэглээгүй, ХХ зууны эхний үеийн модон цохиурт дуртай. Үүнийхээ ачаар тэр бөмбөгийг бүрэн эзэмшиж, ямар ч боломжгүй мэт цохилт, хаалт хийж чаддаг байв. Түүний тоглолтын хэв маяг гудамжны сагсан бөмбөг мэт. Шазруун, төсөөлөхийн аргагүй, шинэ бүтээл, оновчтой санаа дүүрэн. Буруу харж байгаад цохиж чадна, эсвэл салтаагаараа гарган цохино. Шүүгч нар яахаа мэдэхгүй гараа алдалж, үзэгчид хөөрөн баярлаж, харин хөөрхий өрсөлдөгчид нь сандран тэвдэнэ.

Зэр зэвсэг мэт гадаад төрх
Марти Рейсман спортод ур чадвараас гадна сэтгэл зүйгээр ялж болно гэдгийг эрх ухаарсан байлаа. Тиймээс өрсөлдөгчдөө айлгах дүр төрх хайж оллоо. Арагш нь самнасан урт үс, савхин хүрэм, хар шилтэй тэр тамирчин гэхээсээ илүү мафийн дээрэмчин мэт харагддаг байв. Тэмцээнд ирэхдээ Марти тансаг хүлээн авалтад орох гэж буй мэт ирэх тул хамгийн шилдэг тамирчдыг барьц алдуулж чаддаг байлаа. Түүний тоглолт бүр шоу гэсэн үг. Мартигийн эргүүлсэн давуулалтын бөмбөг ширээн дээр бүжиглэн, ийш тийш дэвхцээд хариу цохиулахгүй. Бөмбөг давуулах хорондоо үзэгчид рүү нүд ирмэн, өрсөлдөгчөө хорон үгээр маажна. Рейсманаас өмнө ширээний теннис тайван, даруухан тоглоом байсан бол түүнийг ирсний дараа үзүүштэй тэмцээн болон хувирсан билээ.

Цол, хэргэм
Хэчнээн эсэргүү, дайсан мэт байсан ч Марти Рейсман агуу тамирчин байсныг хэлэх хэрэгтэй. Тэр таван удаа АНУ-ын аварга болсон. 19 настайдаа анхны түрүүгээ хүртэж байв. Хосын төрөлд ч олон цомтой. Ази, Европын мастерууд америкчуудыг тоодоггүй байсан бол Марти гарч ирээд хүндлэл гэдгийг хүлээн билээ. Марти ДАШТ-д олон удаа оролцож, шилдэг тамирчдыг буулган авч, дэлхийн хэвлэлээр мандаж байлаа.

Насны хязгааргүй спорт
Ийм хурц замналтай гэхэд Марти тун удаан тоглосон. Ихэнх теннисчид 30-35 настайдаа зодог тайлдаг бол тэр 1997 онд 67 настайдаа ДАШТ-д зодоглож, дэлхийн рекорд тогтоож байлаа. 70, 80 настайдаа ч спортоо орхисонгүй, харизм, ур чадвар нь залуу наснаас илүү гэдгийг харуулсаар байсан түүхтэй. Тэрээр 2011 онд 80 настайдаа хамгийн сүүлийн албан ёсны тэмцээндээ орсон. Марти модон цохиураар тоглосон хэвээр, өрсөлдөгчдөө сандрааж, айлгасан, үзэгчдийг татсан хэвээр л байсан юм. Өндөр нас түүнийг нугалж чадаагүй, Марти бол домог, тухайн үеийнхээ бэлгэ тэмдэг нь байлаа.

Гангстер гүн ухаан
Рейсман ширээний теннис тоглоод зогсохгүй, бүхэл бүтэн гүн ухааныг үүсгэсэн. Тэр спорт бол уйтгартай зүйл биш хүнд баяр баясгалан авчирч байх ёстойг сануулж, таашаал авахын тулд л тоглодог гэдгээ онцолдог байв. Ялалт, цом, медаль түүний хувьд зүгээр нэг нэмэлт байлаа.
Марти “The Money Player” номдоо амьдралаа хүүрнэж, спорт, амжилтын талаарх үзэл бодлоо хуваалцсан. Хэн нэгний заасан, зассан замаар хэзээ ч яваагүй, үргэлж мэдрэмжээрээ урагшилдаг байснаа ярьсан. Түүний энэ ном алдартай тамирчин төдийгүй хурц хувь хүн болох хүсэлтэй залууст ширээний ном болсон билээ.

Түүний өв
Марти Рейсман 2012 онд нас барсан ч түүний ширээний теннист үзүүлсэн нөлөө асар их. Тэр анх удаа спортын энэ төрөл үзүүштэй, хурц, сонирхолтой байж болно гэдгийг заасан, түүний ачаар ширээний теннис жинхэнэ шоу болж чадсан юм. Рейсманы модон цохиур одоо Олон улсын ширээний теннисний музейд хадгалагдаж байна. Үзсэн хүмүүс ганцхан хүн спортын бүхэл бүтэн төрлийг өөрчилж чаддаг юм байна гэдгийг ухаарна.
Намтраас кино хүртэл
Марти Рейсманы түүх олон жилийн турш кино найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. 2025 оны 12 дугаар сард найруулагч Жош Сафди түүний түүхээр “Marty Supreme” кино хийсэн юм. Мартигийн дүрийг бүтээсэн Тимоти Шаламе таван жилийн турш ширээний теннисээр хичээллэж, дүрдээ орсон. Тимоти теннис тоглож сураад зогсоогүй, яг Рейсман шиг тоглоод сурсан гэдгийг дурдах хэрэгтэй. Шазруун, зоригтой давуулалтууд, гэнэтийн зогсолт, буруу харан цохих гээд нэг ёсондоо Мартид донтсон байлаа тэр. Тимоти орлон тоглогч авалгүй, бүх зүйлийг өөрөө хийсэн гэдэг.

Үнэн ба худал
Бодит үйл явдлаас сэдэвлэсэн ч киног баримтат кино шиг хийгээгүй. Шаламегийн дүр бол Рейсманы хэтрүүлэгтэй дүр бөгөөд “гудамжны хаан” гэдгийг тодотгосон дүр. Гэхдээ модон цохиур, харизм, өвөрмөц тоглолт, Нью-Йоркийн хонгилд мөрийтэй тоглосон, холбоотойгоо зөрчилдөх гээд ихэнх баримт гарч байгаа. Энэ жил Оскарын шагнал хүртэх кино, шилдэг эрэгтэй жүжигчний шагнал Сафди, Тимоти хоёрт ирэх магадлал тун өндөр. Шүүмжлэгчид Тимотиг Рейсманы дүрийг бүтээгээгүй, Рзйсманы дүрд хувилсан байна гэж магтсан юм.
Ихэнх спортын кино гол баатраа хэт сайнаар дүрсэлдэг бол “Marty Suprem” үгүй. Энэ бол ялалт авах нь нөхөрлөл, нэр хүнд, бүр эрүүл мэндээс ч илүү болсон хүний тухай өгүүлнэ. Үзэгчид нэг талаас Мартиг шүтэх ч нөгөө талаас сайн талын баатар биш гэж маргалдана. Гэхдээ санал нэг ганц зүйл байгаа нь энэ киног үзсэн бол мартаж чадахгүй.
Марти Рейсманы түүх бидэнд амжилтад хүрэхийн тулд заавал бусад шиг байх албагүй гэдгийг харуулж байна. Харин ч эсрэгээр ганцхан өөрийн замаар явдаг сахилгагүй, эсэргүү байхад агуу хүн болж чаддаг гэдгийг баталж байна.
