UBLife Logo
Спорт

Өвлийн олимпын базаа

Өвлийн олимпын базаа

Италид Өвлийн олимпын наадам арав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Италийн домогт тамирчин, шорт трекийн "Хатан хаан" Арианна  Фонтана "Милан-Кортина 2026" Өвлийн олимпын  XXV наадмаас хоёр дахь медалиа зүүлээ. Арианна өөрийн "нэрийн хуудас" болсон 500 метрийн зайд 42,294 амжилтаар мөнгөн медаль хүртэв. Алтыг харин түүнээс Нидерландын Ксандра Велзебур 41,608 амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн "булаав".

Арианна Фонтана энэ удаагийн олимпоос 2000 м-ийн холимог буухиад алтан медаль хүртээд байсан өнөөдөр авсан медаль нь түүний Өвлийн олимпоос хүртэж буй 13 дахь (3 алт,5 мөнгө, 5 хүрэл) медаль бөгөөд "Цагаан" олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтад Нидерландын тэшүүрчин бүсгүй Ирен Вюст (13 медаль, 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл) -ийн хамт бичигдэх боллоо. Түүний өмнө зөвхөн хоёрхон тамирчин буюу Норвегийн гүйлтийн цанын домог Марит Бьорген (15 медаль), биатлоны "Хаан" Уле Эйнар Бьорндален (14 медаль) нар бичигдэж байна.

АНУ-ын тамирчин  сноубордын од Хлоэ Ким өөрийн "тамгалсан" хафпайп төрөлд "дөнгөж" мөнгөн медаль хүртэв.

Солонгос ээж, аавтай АНУ-д төрсөн Хлоэ Ким энэ төрөлд "Пёнчан -2018", "Бээжин-2022" олимпод дараалан түрүүлээд байсан юм. Түүний гурван олимп дараалан алтан медаль зүүсэн анхны сноубордчин болох хүслийг бас нэгэн солонгос охин замхрууллаа.

БНСУ-ын тамирчин, 17 настай Чхво Га Он сүүлчийн оролдлогоо тун амжилттай гүйцэтгэж, өндөр оноо авсан бол харин Хлоэ Ким шийдвэрлэх оролдлого дээрээ бүтэлгүйтлээ.

Сонирхолтой нь Хлоэ Ким мөн л 17 настайдаа анх олимпын аварга болж, хамгийн залуудаа олимпын алтан медаль хүртсэн эмэгтэй сноубордчин болж байсан билээ.

Олимпын хамгийн үзүүштэй төрлийн нэг эрэгтэй хоккейн тоглолтууд эхэллээ. Словакийн хоккейчид өмнөх олимпын аварга Финландыг 4:1-ээр , харин Швед-Италийг 5:2-оор хожсон.

Мөн АНУ-Латви 5:1, Герман-Дани 3:1-ээр өндөрлөв.

Алтан медаль хүртэх багийн тааварт тэргүүлж буй Канадын шигшээ эхний тоглолтоо Чехийн багтай хийж, 5:0-ээр төвөггүй хожлоо.

Мөн Швейцар-Францыг 4:0-ээр "гөвлөө".

Хэдхэн хоногийн өмнө 35 насныхаа төрсөн өдрөөрөө тэшүүрийн 3000 м -ийн зайд алтан медаль хүртсэн Италийн Франческа Лоллобрижида 5000 метрийн зайд дахин түрүүлж, энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна