UBLife Logo
Спорт

Генералгүй "Дайчдын" газар, тэнгэр шиг ялгаатай хоёр тоглолт

Генералгүй "Дайчдын" газар, тэнгэр шиг ялгаатай хоёр тоглолт

Энэ долоо хоногт болох НБА-ын "Бүх оддын" тоглолтын завсарлагаас өмнө "Голден стэйт уорриорз" өөрийн талбайд хоёр тоглолт хийлээ.

Эдгээр тоглолтод "Алтан мужийн дайчдын" ахлагч, "генерал" нь болох Стефен Көрри баруун өвдөгний гэмтлийн улмаас тоглоогүй. Стеф таван тоглолт дараалан талбайд гараагүй бөгөөд "генерал"-гүй "дайчид" энэ хугацаанд ердөө хоёр л хожил авав. Ер нь энэ улиралд Стеф 16 тоглолтод оролцоогүй бөгөөд "Дайчид" эдгээр тоглолтод 6 хожиж, 10 хожигдсон. Дайн тулаанд генералгүй дайчид амжилт олдоггүйн адил, Стефгүй дайчид үнэхээр тогтворгүй, орон гаран тоглолт үзүүлдэг нь сүүлийн хоёр тоглолтод ч тод харагдлаа.

Эхлээд даваа гарагийн үдэш "Дайчид" "Мемфис гриззлис" багийг 114:113 оноогоор хожсон. 17 онооны зөрүүтэй хожигдож явсан ч төгсгөлийн дөрөвдүгээр үед гайхалтай тоглож, төгсгөлд 11-0 оноо, сүүлчийн хоромд Ги Сантос хожлын бөмбөг оруулж, нэг оноогоор хожсон. "Дайчдын" хамгаалалт тун нягт байсныг сүүлийн 8 минутад эсрэг баг нь ердөө 5-хан оноо авснаас харж болно.

Хашир "ахмад дайчин" Эл Хорфорд энэ тоглолтын шилдэг нь байв. Тэрбээр 16 оноо, самбараас 9 удаа авч, 6 дамжуулалт өгсөн. +24 үзүүлэлтээр тоглолтыг манлайлав. "Дайчдаас" Спенсер 17, Сантос 16, Пожемски 16, Мүүди 15 оноо авч, жигдхэн тоглолт үзүүлсэн юм.

 Дараа нь лхагва гарагийн үдэш "Дайчид" баруун бүсийн хоёрт жагсаж буй "Сан Антонио сперс"-тэй тоглож 113:126 -аар хожигдлоо. Уг нь "дайчид" гуравдугаар үеийн эхэнд 9-0 оор хошуучилж, 16 онооны илүүтэй болсон юм. Гэвч дөрөвдүгээр үед 19-32 оноогоор хожигдон , сайхан хожих боломжийг хийсгэлээ.

Сан Антонио багийн лидер, "Бүх одод" Вембанямба 26 оноо, 9 самбар, 4 оноотой тоглолтыг өндөрлүүлсэн бол түүнийг хамгаалан тоглосон  Дрэймонд Грин 17 оноо, 12 самбар, 8 дамжуулалт гэсэн үзүүлэлтээр багаа манлайлсан.

Саяхан өндөрлөсөн НБА-ын солилцооны цонхооо "дайчдын" эгнээнд орсон "шинэ цэрэг" Кристапс Порзингис эдгээр тоглолтыг  сэлгээний суудлаас үзэж өнгөрүүллээ. Зүүн хөлний ахиллын шөрмөсний өвдөлтөө эмчлүүлж буй Порзингис ирэх долоо хоногт "Бостон"-той хийх тоглолтод "дайчдын" бүрэлдэхүүнд анхны тулаанаа хийх бололтой. Мөн Стеф ч энэ үеэр эргэн талбайдаа гарах байх.

"Бүх одод" сонгогдож, НБА-ийн аварга болж байсан "шинэ цэрэг" Порзингис " дайчид" болон "генералтай" хэрхэн ойлголцож, хамтарч тоглохыг харах цаг айсуй.

Ц.Энхтүвшин, Таван Цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна