UBLife Logo
Спорт

Өвлийн олимпын базаа

Өвлийн олимпын базаа

Италийн Милан, Кортина хотод болж байгаа Өвлийн олимпын наадам өндөрлөх дөхөж байна.

"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадмын шорт трекийн замд Нидерландын ах дүү тэшүүрчин Мелле (26 настай) болон Йенс (24н) ван'т Ваут нар төрөл бүрт медаль хүртсэн төдийгүй хоёулаа хамтдаа Олимпын аварга болж, өвөрмөц нэгэн түүхийг бичлээ.

Италид 500 метрийн зайд ах нь мөнгө, дүү нь хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд цугтаа зогссон бол 1000м болон 1500 м-т Йенс алтан медаль хүртээд байсан юм.

Харин өнөөдөр (2.20) 5000 метрийн багийн буухиа уралдаанд ах дүү хоёрын уралдсан Нидерланд алтан медаль хүртэснээр ах дүү хоёр хамтдаа алтан медаль зүүсэн ховорхон бөгөөд бахархам үйл явдал боллоо. Ах дүү хоёр гэртээ Олимпийн зургаан медальтай (Йенс 3 алт, 1 хүрэл, Мелле 1 алт, 1 мөнгөн медальтай харих нь ээ.

Эрэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо.

Хагас шигшээд Канад-Финландын тоглолт бас л нэгэн хэзээ ч мардагдахгүй тоглолтыг хоккей сонирхогчдод бэлэглэв. Финүүд 2:0 -ээр тэргүүлж явсан ч "бариулж", улмаар тоглолт дуусахаас 35 секундын өмнө Канадын Маккиннон хожлын шайбыг оруулан, 3:2-оор хожсон "агч навчны орныхон" алтан медалийн төлөө тоглох эрхийг авлаа.

Харин АНУ-ын хоккейчид Словакийг 6:2-оор илүүрхэн хожив. Алтан медалийн төлөө Канад-АНУ ням гарагт (2.22) тоглоно.

Эмэгтэй хоккейн финалд мөн л энэ хоёр баг үлдэж, Америкийн хоккейчид нэмэлт цагт 2:1- ээр хожин Олимпийн аварга цолыг гуравдахиа хүртсэн билээ.

Биатлоны эрэгтэйчүүдийн 15 км-ийн бөөн гараатай уралдаанд Норвегийн Йоханнес Дале-Шевдал энэ зайд уралдсан 30 "буутай цаначин"-аас цор ганцаараа сум алдалгүй байгаа унагаж, салхи татуулан хурдалсаар барианд орж, Олимпийн анхны медалиа алтаар эхлүүллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна