UBLife Logo
Ярилцлага

Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Морь жил айсуй учир олон түмний хийморь өөдөө байх болтугай

Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Морь жил айсуй учир олон түмний хийморь өөдөө байх болтугай

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Ажиа Гэгээн Лувсантүвдэнтэй цахимаар ярилцлаа. Ажиа Ринбучи монгол түмэнд хандан ерөөл айлдаж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Таалан болгооно уу.


-Таны хүүхэд ахуй цагт Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Хөхнуурын ардууд сар шинээ хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан тухай дурсамжаар ярилцлагаа эхлүүлье.

-Намайг бага байхад хүүхдүүд Цагаан сар болохыг их хүлээнэ. Сар шинэ болохоор шинэ хувцас өмсөж, амттай сайхан хоол иднэ, бэлгэнд гоё чихэр авна гээд л шөнө нойр ч хүрэхгүй Цагаан сарыг хүлээж, угтдаг байлаа. Би ч тийм л байсан. Би уг нь малчин айлын хүүхэд боловч нэг, хоёр ойтоогоосоо эхлээд Гүмбум хийдэд суусан учраас эгэл жирийн дээд монголчууд, малчин ард Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг байсныг сайн мэдэхгүй. Сүм, хийдэд Цагаан сар болохоор бэлтгэл ажил их сайхан өрнөнө.

Бурхандаа идээ ундааны дээжээ зална. Чихэр, жимсний тавгаа тавьж, зулаа өргөж, арц хүжээ уугиулаад гүнгэрваагаа ч сайхан чимдэг юм. Гүмбүм хийдийн эзэн ламын хойт дүр нь би юм. Намайг бага байхад Гүмбум хийдэд лав 3000 лам байсан даа.

Битүүний өдөр хоол ундаа сайхан арвин хүртэх уламжлалтай. Багадаа мах иддэг байсан болохоор битүүнээр мах, шөлөө сайн хүртдэг байлаа. Битүүний шөнийн 12 цаг болмогц Цагаан сар эхэллээ гэсэн дохио болгож, жүн цохино. Жүнгийн дуу гарахлаар бэлдсэн шинэ хувцсаа өмсөөд сүм рүү мөргөл хийхээр явцгаадаг юм. Яг Богд Зонхавын төрсөн сүм дотор явж, Алтан дээврийн сүм буюу Гүмбүм Сэрдун /Дрепунг/-д мөргөсний дараа зул барьж, зүг бүрт мөргөдөг. Тэгээд гэртээ ирж, сэнтийдээ залрахад сүмийн бүх лам төдийгүй хэдэн мянган хүн золгож, уулзахаар над дээр ирнэ. Хүмүүс цай, идээ хүртээд гурав мөргөөд явна. Олон түмэн зорьж ирдэг тул золголт олон цагаар үргэлжилнэ. Би сэнтийдээ суугаад л байж байх ёстой. Тэгж цагаалж дууссаны дараа би гарч, бусад хүүхэдтэй тоглож, таньдаг айлаар орно, мөн багшийндаа очиж цагаална даа. Миний багад сүм, хийдийн Цагаан сар ийм маягаар үргэлжилдэг байлаа.

Нинжин сэтгэлт, оюун ухаант хүний аж амьдрал бүтэмжтэй, амьдрал ахуй нь дээшилж явах учиртай.

-Нутгаасаа гарснаасаа хойш сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болсон бэ?

-Би нутгаасаа гарч, Америкт ирээд бараг 30 жил болж байна. Анх Сан-Францискод намайг ирэхэд монголчууд цөөхөн байсан. Тэр үед Цагаан сар болоход сүм дээрээ уулзацгааж, баяраа тэмдэглэн, цагаалдаг байсан. Дараа нь Индианад очиход нэлээд том сүм хийдтэй газар байлаа. Тэндээ мөн л нутаг ус, буддын шашныхантайгаа хамтдаа цагаалдаг байсан. Сонирхуулахад, заримдаа гурван удаа тэмдэглэх явдал гарна. Төвөд, Монгол, Хятадын Цагаан сар зурхай, хуанли нь таардаг бол заримдаа зөрөх тохиолдол бий. Тийм болохоороо сүм хийд дээрээ сар шинэдээ бэлдэж, гүнгэрваагаа чимэглээд гурван өөр цагалбартаа тааруулж тэмдэглэдэг. Мөн Төвөдөд цагаан өвгөн, буга, мод, ус, шувуу зэрэг нь урт насыг бэлгэддэг бол Монголд мөн л цагаан өвгөн, буга, модоор урт насыг бэлгэддэг. Гэтэл барууны шашинд ч мод барьж, буга унасан урт цагаан сахалтай Санта клаус бий. Ингээд бодохлоор гурван өөр газрын ёс, өөр төрлийн соёлд ч адил төстэй бэлгэдэл байгаа нь сонирхолтой санагдсан. Нэг жилийн Цагаан сараа гурвууланг нь хамтатган тэмдэглэж, гурван өөр ёсыг бусдад нь ч харуулж, сонирхуулж байсан дурсамж бий.

-Монголчууд битүүний орой тотгон дээрээ гурван мөс тавьж, Лхам бурхныг ундаалдаг уламжлалтай. Энэ нь юуг бэлгэддэг юм бол?

-Гүмбум хийдэд байхад эхлээд гэрээ, бурхан тахилаа сайхан цэвэрлэнэ. Дараа нь галын бурхнаа тахидаг уламжлалтай байсан. Жишээлбэл, гэр доторх эд хогшлоо чөлөөлж байгаад бүх тоос шороогоо арчиж, бурхан тахилаа түр тэнгэр өөд залаад гал тогоогоо сайхан угааж, арчина. Тэгээд битүүний өглөө галын бурхнаа тахиж заллаа гэдэг байсан нь цэвэр ариун байдлаар ирэх жилээ угтаж байгаагийн илрэл байж дээ. Монголд өөр өөрөөр тайлбар хэлэх байх, манай тэнд бол ийм байсан юм.

-Өнгөрч буй болон угтаж байгаа жилдээ хүмүүс ямар сэтгэлээр хандвал зохилтой вэ. Буддын шашинд энэ талаар хэрхэн сургадаг вэ?

-Хуучин жил буюу 2025 онд могой, 2026 онд морь жил эхэлнэ. Өнгөрч буй жилд болсон хэцүү бэрх зүйлс, хар муухай үйл явдлыг өнгөрсөнд нь үлдээж, муу бүхэн гараад явлаа, шинэ онтой хамт сайн сайхан зүйлс хүрээд ирлээ гэж бодож, Цагаан сараа тэмдэглэвэл зохилтой. Сүм хийдүүдэд ирэх жилээ угтаж хэдэн өдрөөр ном уншлага хийж, билгийн тооллын 30-нд сор залах ёс буюу бэлдсэн балингаа галд залж, шатаадаг. Энэ нь муу муухай бүхнийг гаргаж, гарч буй жилдээ бүхнийг шинээр эхэлж, ажил үйлс сайхан бүтэмжтэй болохыг бэлгэдсэн үйл юм.

-Монголчууд морин эрдэнэ хэмээж, адуу малыг ихэд бэлгэшээдэг ард түмэн. Ирж буй “Сүрээр дарагч” морин жил олон түмэнд ээл ивээлээ хайрлана гэж бодож байна.

-Тэгэлгүй яах вэ. Морь бол Төвөд болон Монголд маш чухал үүрэгтэй. Ялангуяа хүмүүс хийморь сүлдээ ихэд даатгадаг шүү дээ. Үгийн утгыг нь бодоход ч тэр хий, морь гэсэн үг орсон байдаг. Мөн Хаянхярваа гэж бурхан байдаг юм. Энэ бурхны тэргүүн дээр морины толгой бий. Энэ ямар утгатай гэхээр морийг бурхан мэт хүндэлж, ажил үйлсийг бүтэмжтэй сайхан байлгахын тулд хиймориор даллаж буй хэрэг юм. Мөн морь тэвчээртэй амьтан шүү дээ. Таван хошуу мал дотроос хамгийн их эдэлж, хэрэглэдэг нь морь. Хүнд морь бол уналага болохоос гадна хань болдог, ачааны хүндийг үүрч, тус болдог амьтан. Морь жил айсуй учир олон түмний хийморь өөдөө байх болтугай. Итгэл төгс моринд ачаалдаг шиг та бүхний санаж бодсон ажил үйлс бүтэмжтэй байх ерөөл өргөе. Хаянхярваа бурхан шиг бидний амьдрал ахуйг хамгаалж, сүсэглэсэн түмний ажил үйлс бүхэн нь энэ жил бүтэх болтугай.

-Сэтгэлд багтсан зүйлс биеллээ олдог гэдэг. Та олон түмний хандив, өглөгөөр Монголд олон төрлийн буяны ажил хийсэн. Эдгээр ажлынхаа тухай зах зухаас нь уншигчдад маань танилцуулна уу?

-Бурхны шашинд маш чухал хоёр үг бий. Нэг нь нинжин сэтгэл буюу хайр, нөгөөх нь оюун ухаан буюу хүн эрдэм, мэдлэгтэй байх ёстойг агуулсан үг. Энэ хоёр ойлголт бол зүгээр нэг мухар сүсэг төдий зүйл биш юм шүү дээ. Хүнд хайр хүндлэл, эрдэм мэдлэг чухал байдгийг шинжлэх ухааны түвшинд ч батласан байдаг. Нинжин сэтгэлт, оюун ухаант хүний аж амьдрал бүтэмжтэй, амьдрал ахуй нь дээшилж явах учиртай. Тийм учраас бурхны шашинд нинжин сэтгэлийн тухай, аав ээжийгээ хүндэлж хайрладаг шигээ бусдыг ч энэрч явах нь чухал гэдгийг сургадаг. Бурхны шашны энэ үзлийг баримталж, түмний төлөө залбираад сууж ч болно. Мөн өөрөө хөдөлмөрлөж, хийж бүтээсэн зүйлээрээ хүнд тус хүргэвэл улам их буян болно. Тийм ч учраас би Төвөдөд байхдаа эмнэлэг, сургуульд зөндөө ажил хийж байсан. Одоо би улс төрийн шалтгаанаар нутагтаа буцаж чадахгүй шүү дээ.

Нутаг усныхантайгаа золгож чадахгүй, сүм хийдээрээ явж болохгүй үедээ би Монголд анх айлчилж байсан. Тэгтэл Монгол яг миний нутаг шиг санагдаж, хэл яриа нь ижил, зочин гийчнээ сүү барин угтаж, мордоход нь сайн явах ерөөл айлдан цацал өргөн бэлгэшээдэг нь сэтгэлд дотно сайхан санагддаг. Тийм учраас Монголд ямар нэгэн буян хийе гэж шийдсэн. Монголчууд ч ирж уулзаад зовлон жаргалаа хуваалцаж, өөрсдийн боломжийн хэрээр өргөл барьц, хандив өгдөг. Тэр хандивыг нь цуглуулж, хурааж байгаад Монголд хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг, оюутан залууст зориулсан “Зөв” тэтгэлэг олгож эхэлсэн. Хамгийн сүүлд Яармагт ахмадуудад зориулсан өдөр өнжүүлэх төв барьсан. “Зөв” тэтгэлгийг 100 гаруй оюутан залуус хүртсэн байна. Эхнээсээ амьдралд хөл тавьж, ажил төрөлд орсон байна лээ. Ахмадын төвийн барилгын ажил өнгөрсөн жил дуусч, нээлтийг нь хийж улсад бэлэглэсэн. Энэ жилээс үйл ажиллагаа нь жигдэрчих байх. Эдгээр буяны үйлс маань дан ганц буддын шашин шүтдэг бус өөр өөр шашинтай, хэл устай, газар газрын хүмүүсийн хандив, сэтгэлийн дэмээр бүтсэн юм шүү.

Бие, сэтгэл, хэл гурав хүнд хамгийн чухал. Сэтгэл л зөв бол хэл яриа ч тэр, хийх үйлдэл ч дагаад зөв болно.

-Сүүлийн жилүүдэд сэтгэл хямрах, нойргүйдэх гэх мэтчилэн сэтгэл санаатай холбоотой өвчин зовлон ихэсчээ. Хүн ер нь сэтгэлээ ариун байлгахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Орчин үед үзэж харах ч зүйл их болж. Наад зах нь хүмүүс гар утаснаасаа салахгүй болжээ. Заримд нь амьдралаас илүү гар утас нь чухал болсон харагдах юм. Бидний хүүхэд ахуй цагт сэтгэл санаагаар унах, хямрах юм гэж байхгүй байлаа. Орчин цагийн хүүхдүүдэд сэтгэл санааны хямрал гээч зүйл аюулын харанга дэлдэж байгааг аав ээжийнх нь ярианаас сонсдог болсон. Учир нь орчин цагийн энэ их мэдээллийн урсгалд хэрхэн өөрийнхөөрөө амьдрах учраа олохгүй болсон юмдаг уу даа л гэж боддог. Ийм нөхцөлд сэтгэл санаагаа тайвшруулж сурах нь хамгийн чухал. Хамгийн энгийн бөгөөд амархан арга бол амьсгалын дасгал юм. Өөрт хамгийн тохиромжтой цагаа сонгоход болно. Гол нь өдөр бүр тав, арван минут ч хамаагүй амьсгалын дасгалаа хийж байвал сайн. Өдөр бүрийг алдалгүй, таслахгүй хийвэл үр дүнгээ өгнө. Сэтгэлийг амар амгалан, зөв болгохын тулд амьсгалын дасгал, бясалгал чухал нөлөөтэй. Жишээлбэл, нүдэнд туссан, харсан ямар нэгэн зүйлээс болж уур хүрч, шунал хөдөлж байвал түүнийг харахаа больж болно. Харин сэтгэлийг бол тэгэх боломжгүй, санаж бодсон зүйл рүүгээ “гүйгээд” л явчихдаг. Амьтнаар бол амыг нь татаад хүч хүрэхгүй морьтой зүйрлэж болох юм. Тэгэхнээ сэтгэлийг тайвшруулахын тулд таван мэдрэхүйгээ түр хаах хэрэгтэй. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хүмүүс ажил үйлс нь бүтэхээр, санаа нь амрахаараа сайхан тайван амгалан унтаж, хүчээ сэлбээд босч ирдэг шүү дээ. Энэ бол таван мэдрэхүйгээ түр хаагаад сэтгэлээ амраасан гэсэн үг. Унтахаас гадна амьсгалын дасгалаар ингэж мэдрэхүйгээ түр хааж болно. Хамгийн энгийн арга бол, хамрын баруун нүхээрээ аажуухан амьсгаа аваад нөгөө талаар нь гаргана. Үүнийг гурван удаа давтана. Хамрын зүүн нүхээр амьсгалаа аажуухан аваад нөгөө талаар нь мөн адил гаргана. Үүнийг бас гурван удаа давт. Хоёулангаар нь амьсгалаа аваад гаргахдаа мөн гурван удаа хийнэ. Есөн удаа хийдэг амьсгалын ийм дасгал бий. Гомдсон, атаархсан, бачуурсан зүйлсээ амьсгалаараа гарлаа гэж бодоорой. Аав ээжийн хайр, бурхны нигүүлсэл, нинжин сэтгэл зэрэг хамгийн сайн сайхан бүхэн амьсгалаар ороод ирлээ гэж бодоод энэ дасгалыг нийт 7 удаа давтахад маш сайхан нөлөөлнө, үр дүн гарна шүү. Бие, сэтгэл, хэл гурав хүнд хамгийн чухал. Сэтгэл л зөв бол хэл яриа ч тэр, хийх үйлдэл ч дагаад зөв болно.

-Та нийт монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Морь жилтэй бид учран золгож байна. Дэлхий даяар тархан суурьшсан монгол түмний минь санаж, зорьсон есөн цагаан хүсэл нь морь жилдээ бүтэх болтугай. Ахмад буурлууд минь урт насалж, удаан жаргах болтугай. Өвчин зовлон, шаналсан зүйлс нь хуучин ондоо үлдэж, ирэх жилдээ хийморь нь үргэлж өөдөө явахын өлзий дэмбэрэл дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна