АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн тэргүүн Жо Кент Ираны дайныг эсэргүүцэн, ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. 45 настай Кент Трамптай олон жил хамтран зүтгэсэн, ойрын хамтрагч нь байлаа. Тэрээр Үндэсний терроризмын эсрэг төвийн тэргүүний албан тушаалд өнгөрсөн зургаадугаар сард томилогдсон юм. Кент Ираны эсрэг АНУ, Израилын дайныг ил тод эсэргүүцсэн Засгийн газрын хамгийн том албан тушаалтан болж байна.
Жо Кент “Иран манай улсад ямар ч аюул занал учруулаагүй байлаа. Энэ дайныг бид Израилын хүчтэй шахалт, Америк дахь Израилын лобби бүлгийн дарамт дор эхлүүлсэн юм” гэж Ерөнхийлөгч Трампад бичсэн захидалдаа өгүүлжээ.
“2025 оны зургаадугаар сар хүртэл Трамп ерөнхийлөгч та Ойрхи Дорнодод дайн хийх нь Америк улс эх оронч иргэдийнхээ амь насыг алдаж, улс орны хөгжил цэцэглэлтэд хохирол учруулна гэдгийг сайн ойлгож байсан. 11 удаа цэргийн тусгай ажиллагаанд оролцож байсан хүний хувьд, эхнэрээ Израилын гэм буруугаар эхлүүлсэн дайнд алдаж байсан хүний хувьд би шинэ үеийн залуусыг үхэл рүү явуулж чадахгүй. Энэ дайн Америкийн ард түмэнд ямар ч ашиг авчрахгүй” Жо Кент

Кент бол ТТГ-ын тусгай албанд олон жил ажилласан хүн. 2019 онд түүний эхнэр Шеннон Кент Тэнгисийн цэрэгт аюулгүй харилцааны техникийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа алан хядагчийн гарт амиа алдаж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп түүний ажлаа өгсөн талаар “Би Кентийн захидлыг үзсэн. Тэр сайн хүн ч аюулгүй байдлын салбарт тун сулхан хүн байлаа. Би түүнийг явсанд баяртай байна. Иран манай улсад аюул учруулж байсан” гэж хэлсэн байна.
