Египетийн хамгийн алдартай хөлбөмбөгч Мохамед Салах энэ улирлыг дуусгаад Английн “Ливерпуль” багаас гарна гэдгээ мэдэгдлээ. Энэ багт 9 жил тоглохдоо Салах нийт 9 цом хүртсэний дотор Аваргуудын лигийн 1, Премьер лигийн 2 хэргэм байлаа. Нийт 435 тоглолтод оролцож, 255 гоол, 122 оновчтой дамжуулалт өгнө гэдэг гайхамшиг. Спортын амжилтаас гадна түүний хүн чанар ч гайхамшигтай.
Египетэд Хеопсын пирамид, Салах гэсэн ертөнцийн хоёр гайхамшиг байдаг гэлтэй. Эх орноо анх удаа ДАШТ-д хөтлөн оруулаад тэр Үндэсний баатар болсон. Английн лигийн рекорд амжилтуудыг эвдлэн тогтоож, Месси, Роналдутай зэрэгцэн яригдаж байлаа. Премьер лигийн шилдэг, Африк тивийн шилдэг тоглогчоор шалгарч, явсан газар болгонд нь сэтгүүлчид шавж байлаа.

Салах Александраас холгүй орших Нагриг гэдэг жижигхэн тосгонд төрсөн. Долоон настайгаасаа хөлбөмбөг тоглож, Роналдо, Тотти, Зидан нарыг шүтэн биширдэг байв. Гэрийнх нь хуучин телевизээр хааяа Европын хөлбөмбөгийн тоглолт гарна. Тосгонд жинхэнэ бөмбөг байгаагүй тул Салах найзуудтайгаа хамт оймс бөөгнөрүүлэн, бөмбөг болгож тоглодог байв. 14 настайдаа тэрээр нийслэл Каир хотын “Эраб Контракторс” багийн хараанд өртөв. Анхны гэрээгээ байгуулсан ч бэлтгэлдээ очих гэж гурван автобус сольж суун, 4 цаг замд зардаг байлаа. Өдөр бүр шүү.
“Сургуулиасаа эртхэн гарч гүйх хэрэгтэй болдог байлаа. Би өглөөний 9 цагт хичээлдээ очдог. Манай баг сургуульд “Мохамед өдрийн 14 цагийн бэлтгэлд амжихын тулд хичээлээс эрт тарах хэрэгтэй” гэсэн бичиг илгээсэн тул сургууль дээр хоёр цаг л болдог байсан байх. Бэлтгэл орой 18 цагт дуусна. Дахиад замдаа гарна. Ингээд 22:00-22:30 цагт гэртээ очсон байдаг байсан” Салах
Энэ хүч хөдөлмөрийн хариу ирж, Салах 19 настайдаа Египетийн шигшээ багийн өмсгөлийг анх удаа өмслөө. 2012 оны Африкийн Цомын тэмцээнд бэлтгэж байсан шигшээ баг хэд хэдэн нөхөрсөг тоглолт хийсний нэг нь Швейцарын “Базель” байлаа. Египетийн шигшээ 4:3 ялахад Салах хоёр гоол оруулж, шүтэж биширсэн швейцарчууд тэр дороо гэрээ байгуулах санал тавьсан байна.

“Залуудаа харь оронд, өөр тивд ганцаараа байна гэдг маш хэцүү. Би Египетийн бүх зүйлийг мэднэ. Харин тэнд Швейцарын талаар юу ч мэдэхгүй, англи хэл ойлгохгүй. Хүнсээ хаанаас авах гэх мэт хялбар зүйлийг ч мэддэггүй байсан” Салах
Тэр цагаас хойш Салах “Челси”, “Фиорентина”, “Рома” багуудаар дамжин, Англид ирсэн. “Ливерпудь” багийн фенүүд түүнийг биширдэг, цалин ч өндөр. Их мөнгөтэй болсноо Мохамед эх орон болон төрөлх тосгондоо туслах боломж гэж хүлээн авсан юм. Ингээд хэдхэн түүх ярьж өгье.
Хулгайчийг өршөөж, харш авахаас татгалзсан
Салах нэг удаа түүний дуртай англи үг бол Love гэж хэлж байлаа. Үнэхээр тийм. Салахын байнгын тусламж, хандив, зүрх сэтгэлийг харсан хүмүүс бараг домгийн шидтэн мэт л хүндэлдэг. 2017 оны 11 дүгээр сард Конгогийн эсрэг 2 гоол хийж, багаа ДАШТ-д оруулсан тэр өдөр аавынх нь гэрийг хулгайч ухсан байлаа. Хоёрхон өдрийн дараа хулгайчийг барьж, Салахын аав шүүхэд гомдол гаргав. Харин Салах ааваа шүүхээс заргаа эргүүлэн авахыг ятгаж, өөрөө хулгайчтай уулзан ярилцаж, мөнгө өгөөд, ажил олж өгсөн байна. Тэр хэрэгтэн засраагүй байлаа ч гэсэн Салах түүнд боломж олгосон гэдэг нь гарцаагүй.

Египетийн шигшээ баг 2018 оны ДАШТ-д шалгарахад баярласан нутгийн баян Мамдух Аббас Салахт тансаг харш бэлэглэхийг хүслээ. Харин Салах шууд татгалзаж, хэрэв үнэхээр бэлэг өгөхийг хүсэж байгаа бол Нагриг тосгонд нь мөнгө хандивлаач гэж хэлсэн юм.
Сургууль барьж, хосуудад тусалдаг
Салах төрөлх тосгондоо маш хайртай. Мөнгө төгрөг өгөөд зогсохгүй сургууль, дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн барьж, спорт танхимыг тохижуулж өгсөн.
Тосгоны дарга Махер Шетия “Салах манай тосгоны нэрийг дэлхий дээр гаргаснаас гадна хөгжилд нь зориулж, мөнгө өгдөг. Базиун эмнэлэгт тэр түргэн тусламжийн машинууд, хиймэл амьсгалын аппарат, эм хэрэгсэл өгсөн” гэж ярьж байна.
Салахын бас нэгэн ажил бол залуу хосуудад гэрлэхэд нь туслах үйлс. Гэр бүлээ батлуулж, хуримаа хийхэд нь хандив өргөнө.

Түүний багын найз Басюни “Салах Рамадан болгоноор тосгонд ирж, хүүхдүүдэд бэлэг өгдөг. Хүссэн хүн болгонд гарын үсэг өгөн, зураг авхуулна. Багынхаасаа огт өөрчлөгдөөгүй” гэж хэлж байлаа. Энэ бүх гавьяаг нь үнэлж, тосгоны сургууль, Залуучуудын төвийг Салахын нэрэмжит болгожээ.

Египетийн валютыг аварсан
2017 оны сүүлээр Салах хоёр үйлс бүтээсэн. Эхлээд египет фунтаа аварсан. Төрийн дарга нар үндэсний мөнгөн тэмдэгтээ аврахын тулд гадаад валют хэрэгтэй байна гэхэд Салах хамгийн түрүүнд 210 мянган фунт стерлинг илгээж байлаа.
Дараа нь тэр Египетийн ахмад хөлбөмбөгчдийн холбоонд 27 мянган фунт бэлэглэсэн. Санхүүгийн хүндрэлд орсон ахмад тамирчдаа дэмжинэ. Түүний хандивын мөнгөөр орлого багатай 120 өрх айл амьдарч байна.

“Oil Field Index Podcast”-ын хөтлөгч Хатем Кадус нэгэнтээ “Нэг ч улстөрч хийж чадаагүй зүйлийг тэр чадсан. Салах Ойрх Дорнодыг нэгтгэсэн. Марокко, тунис, саудын араб, кувейт, эмират, оманчууд бүгд ялгаагүй түүний түүний нэртэй өмсгөлийг хүсдэг. Салах Египетийн 90 сая хүнд итгэл найдвар хайрлаж байна. Өдөр болгон шахуу алан хядлага явагдаж, эдийн засгийн хямралд өртдөг арп түмэнд тэр л итгэл өгч байгаа гэхэд хилсдэхгүй. “Ливерпуль” баг тоглох үеэр Египетийн ямар ч кафед орсон таних танихгүй хүмүүс тэврэлдээд үзээд сууж байдаг. Энэ хоёр цагт арп түмэн нэгддэг” гэж хэлсэн байдаг.
Эд хөрөнгө хүнийг эвддэг гэлцдэг. Харин энэ дэлхий дээр энэ талаар мэддэггүй, эвдэрдэггүй хүн нэг байгаа нь Салах.
