Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарласан. Энэ мэдээ түгэхтэй зэрэгцэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас “Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан. Иймд, ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
Өнгөрсөн баасан гарагт тус яамны дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл өгөхдөө “ОХУ-аас ирэх сард нийлүүлэх нефьт бүтээгдэхүүний үнийг өчигдөр авлаа. Энгийн АИ-92 бензин тн тутам 705 ам.доллар, евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель 1410 ам.долларын үнэ ирүүлсэн. Үүнтэй холбогдуулаад зөвлөл маань хуралдсан. Ирэх сараас литр тутамдаа АИ-92-оос бусад төрлийн бүтээгдэхүүн дээр 300-350 төгрөг нэмэгдүүлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Яг одоо Ойрхи Дорнодтой холбоотой нөхцөл байдалтай холбогдуулан үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Монгол Улс Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Казахстан улсаас мөн нийлүүлэхээр Санамж бичгийн хүрээнд ярилцаж байгаа. Хангамж, нийлүүлэлт хэвийн үргэлжлэх тул хомсдол үүсэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.
Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар:
• АИ-92 автобензин 45 хоногийн
• АИ-95 автобензин 72 хоногийн
• Дизелийн түлш 29 хоногийн
• Онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.