Ноэлия Кастильо Рамос бол хар тамхины хамааралтай гэр бүлд өсөж, хүүхэд насаа асрах газарт өнгөрөөн, бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа хорлохыг оролдоод эцэст нь хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэрт үлдсэн эмэгтэй. Тэр зүгээр л өвчин амсалгүй үхэхийг хүссэн. Испанийн шүүх, Европын хүний эрхийн шүүх хоёр жилийн турш Ноэлия үхэх эрхтэй эсэхийг хэлэлцсэн юм. Ингээд 2026 оны гуравдугаар сарын 26-ны 19:00 цагт Ноэлия эвтанази буюу эмнэлгийн аргаар энэ ертөнцийг орхин одлоо. Тэрээр дөнгөж 25 настай байсан юм.
Бага насаа дурсах 4-хөн гэрэл зураг
Ноэлия Кастильо Рамос 2000 оны 11 дүгээр сарын 14-нд Барселонад төржээ. Түүний хүүхэд насыг өмнө ба дараа гэж хувааж болно. Өмнө нь тэр ээждээ зураг зурж өгөн, гэрт нь байсан Шенди нэртэй гөлөг, сургуулийн анхны өдөр багтаж байна. Энэ дөрвөн гэрэл зургийг Ноэлия сайн дураар нас барах өдрөө авч ирэхийг хүссэн.

Харин дараа гэдэг нь өөр түүх. Эцэг эх нь хар тамхины хамааралтай, сэтгэц хэвийн бус. Өр ширэнд ороод байраа алдчихсан. Түүний ярьснаар тэр үед эцэг эх нь тусдаа амьдардаг, Ноэлия цэнгээний газар архи ууж байгаа аавыгаа харьж ирэхийг хүлээн суудаг байжээ. Удалгүй 12 настайд нь улсаас түүнийг асрах газарт оруулжээ. 2015-2019 онд асрах газарт амьдраад насанд хүрсэн тул тэр сайн дураараа гарсан байна. Өсвөр наснаасаа Ноэлия сэтгэлийн гутрал, хямралаар эмч нарын хяналтад байлаа.
2022 оны 10-р сар: Эргэлтийн цэг
2022 онд Ноэлия хоёр удаа хүчиндүүлсэн ч цагдаад мэдэгдсэнгүй. Хоёр дахь нь шөнийн клубт бүлэг этгээдүүдэд хүчирхийлүүлсэн байна. 2022 оны аравдугаар сарын 4-нд тэр амиа хорлохоор шийдэн, таван давхраас үсэрчээ.

Амьд үлдсэн ч бүр мөсөн саажилттай болсон байлаа. Мэдрэл, бие гээд өвдөхгүй газар үгүй. Хөл, гар нь хөдлөхөө байж, өөрөө бие засах чадваргүй болсон тул 6 цаг тутам шээсний катетер хэрэглэх болжээ. Ноэлия нуруу нугасны шилдэг эмнэлэг болох Бадалоны Гуттманн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд тэнд анх удаа үхэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Үхэх эрхийн хуультай ч аав нь эсэргүүцлээ
2021 оны зургаадугаар сард Испани “Эвтанази буюу сайн дураар нас барахыг зохицуулах хуулийг” (LORE) баталсан дэлхийн 6 дахь орон болсон юм. Энэ хуулийн төслийг батлуулах гэж 202 депутат, эсрэг 141 депутат санал өгсөн байлаа. Хуульд зааснаар эдгэршгүй өвчин туссан эсвэл маш хүнд, тэсвэрлэшгүй өвчин учруулдаг нөхцөл байдалд орсон Испанийн насанд хүрсэн иргэн эвтанази хийлгэх эрхтэй ажээ.

2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ноэлия албан ёсоор эвтанази хийлгэх хүсэлтээ өгсөнийг эмч, хуульч, ёс зүйн мэргэжилтнүүд багтсан тусгай комисс хэлэлцэн үзжээ. Зургаадугаар сард нь комиссоос “Үнэхээр тэсэхийн аргагүй их өвдөлт амсдаг, эдгэрэх найдвар байхгүй тул 2024 оны наймдугаар сарын 2-нд эвтанази гүйцэтгэж болно” гэсэн зөвшөөрөл санал нэгтэй олгосон байна.
Харин нэг өдрийн өмнө буюу наймдугаар сарын 1-нд аав Херонимо Кастильо нь католикийн “Abogados Cristianos” байгууллагын тусламжтайгаар зөвшөөрлийг цуцалж чаджээ. Аав нь “Манай охин сэтгэцийн хямралаас гадна байнга хэрэглэдэг эм тангийн нөлөөгөөр бодит шийдвэр гаргаж чадахгүй” гэсэн үндэслэл гаргасан байлаа.
601 өдрийн хүлээлт, 5 шүүх хурал
Энэ хэрэг таван удаа шүүх хурлаар орсон. Барселонагийн анхан шатны шүүх, Каталоны дээд шүүхээс аавынх нь гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. 2026 оны нэгдүгээр сард Испанийн дээд шүүх, Үндсэн хуулийн шүүх ч татгалзаж, эцэст нь Европын хүний эрхийн шүүх ч 2026 оны гуравдугаар сарын 10-нд аавын заргыг хэрэгсэхгүй болгож, Ноэлияг бие даан шийдвэр гаргах эрхтэй гэж үзсэн. Ноэлия ярилцлага өгөхдөө “Яагаад аав намайг эмнэлэгт байлгаад байхыг хүсээд байна вэ? Аав утсаар ярьдаггүй, захидал бичдэггүй. Түүний хийдэг ганцхан зүйл нь хоол авчрах. Аав болохоор охиноо үхүүлэхийг хүсэхгүй байгаа нь мэдээж. Гэхдээ бид хэзээ ч ойр дотно байгаагүй” гэж хэлсэн байдаг.

“Би зовлонгоос салж, явахыг хүсэж байна. Ингээд л боллоо. Манай гэр бүлийн хэн нь ч эвтаназиг дэмжихгүй байгаа. Гэхдээ энэ он жилүүдэд миний амсаж ирсэн тэр их өвдөлтийг яах болж байна” Ноэлия Кастильо Рамос
Би гоо сайхан үхэхийг хүсэж байна
Эвтаназигаас ганц хоногийн өмнө Ноэлия “Antena 3” телевизийн “Y ahora Sónsoles” нэвтрүүлэгт ярилцлага өглөө. Ярилцлагыг гэрт нь Ноэлиягийн “тав тухтай бүс” гэж нэрлэдэг өрөөнд нь хийсэн. Дэргэд нь ээж Йоланда Рамос нь сууж байв.

Ээж нь эвтаназигийн эсрэг гэдгээ нуусангүй, сүүлийн мөчид охин нь шийдвэрээ өөрчилнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа. Испаничуудаас түүнд эмчилгээний хандив цугларч байгааг ч охиндоо хэлсэн.
Харин Ноэлия яриаг сонсоод “Надаас болоод бусад испаничууд эвтанази хийлгэхийг хүсээсэй гэж би бодохгүй байна. Энэ бол миний өөрийн шийдвэр” гэж л хэлсэн.
Сүүлийн өдрөө хэрхэн өнгөрөөх дэ гэсэн асуултад “Хамгийн сайхан даашинзаа өмсөнө. Бага ч гэсэн нүүрээ будна. Би гоо сайхан үхэх сэн гэж үргэлж боддог байсан” гэж хариулжээ.
Сүүлийн өдөр
2026 оны гуравдугаар сарын 26-ны 19:00 цагт Барселонагийн Sant Camil-д эвтаназиг үйлдсэн. Ноэлия ээжтэйгээ салах ёслолыг өмнө нь гүйцэтгэсэн байсан бөгөөд үхлийн тариа хийлгэх үеэрээ дэргэд нь хүн байхыг хүссэнгүй.
“Хүмүүст нүдээ анихаа харуулмааргүй байна” Ноэлия Кастильо Рамос
Судсаар нийт гурван тариа хийсэн бөгөөд эхний хоёр нь тайвшруулах, сүүлийнх нь амьсгал, зүрх зогсоох үйлчилгээтэй байлаа. 20:00 цагийн үед гэр бүлд нь Ноэлияг нас барсныг мэдэгдсэн байна. Тэр дөнгөж 25 настай байлаа.

Ноэлия Испанийн түүхэнд эвтанази хийлгэсэн хамгийн залуу өвчтөн болсон. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2021-2024 онд Испанид 1123 хүн сайн дураар нас барсан гэнэ. Испанийн парламент яг одоо энэ хуулийг өөрчлөх талаар хэлэлцэж эхлээд байна.

