UBLife Logo
Newsfeed

Жинхэнээсээ зомбины халдвар тархвал амьд үлдэх 10 арга

Жинхэнээсээ зомбины халдвар тархвал амьд үлдэх 10 арга

Хэрэв “амьд үхдэл“ хэзээ нэгэн цагт биеллээ олж, сүйрэл тохиовол амьд үлдэх аргуудыг хүмүүс интернэтээр хуваалцсан байна. Эцэстээ ер нь тэмцэх биш, харин аюулаас зайлсхийж, чимээгүй байх, бодлоготой хөдлөх нь л зөв зам бололтой шүү.

Ер нь хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл гэдэг үг их үнэн юм шиг. АНУ-д хүртэл зомбины тархалтын үед авах арга хэмжээний бэлтгэл байдаг гэдгийг санах хэрэгтэй.

1. Шууд зугтаж, гүйхээ түр азнах

Шуудхан машиндаа суугаап зугтана гэвэл хэцүүхэн зүйл болно. Тэр тусмаа хотын төв, томоохон замтай газруудад бол түгжрэл дийлдэхийн аргагүй болж, тэр бүх үймээн самуун дунд та түгжигдэж мэднэ.

2. Өндөрлөг рүү тэмүүлэх

Хэрэв та барилга дотор байвал өндөр давхар луу гарах нь нэн чухал. Байж болох хамгийн өндөр лүү гарах гээд үз. Доод давхрууд нэн ялангуяа урхи шиг л байх болно. Өндөр, их шат байх тусмаа тэд дээш гарч ирэх нь саадтай болно шүү дээ. Зугтах гэхээс илүү, эхний давлагааг өнгөрүүлэх нь гол зорилго.

3. Тусгаарлалт

Цонхнуудаа битүүлж, тагла. Учир нь гэрэл болон хөдөлгөөн хаана байгааг чинь мэдэгдэх эрсдэлтэй. Нэмээд барилга ч тэр бүхэлдээ эрсдэлд орох магадлалтай. Зөвхөн зомби ч бус бусад хүмүүс том аюул болно гэдгийг санах хэрэгтэй.

4. Хүч хэрэглэх

Зэвсэг, биеэ хамгаалах зүйлтэй байх хэрэгтэй. Гэхдээ чанга дуу чимээ гаргах зүйлс байршил мэдэгдэх эрсдэл дагуулна. Тиймээс аль болох чимээ бага гаргах ч хохирол учруулах зэвсэг сонгоорой.

5. Гудамж талбайгаас хол байх

Гудамж бол тэр чигтээ аюул, эрсдэл гэсэн үг. Маш олон тооны зомби ийм газруудад ихээр хөдөлгөөнтэй байх учир аль болох дээвэр, галын гарц зэргийг сонгосон нь дээр. Мөн том хотоос аль болох хурдан гарах хэрэгтэй.

6. Байгальд амьд гарч сурах чадвар

Борооны ус, цасыг хайлуулан хэрэглэх, амьтан, жимс ургамлыг ялгаж, агнаж, өөрийн байрлах газрыг бэлдэх зэргээр байгальд амьд гарч сурах чадварууд ийм үед хамгийн их хэрэг болно. Тог цахилгаан, ус зэрэг нь хот орчимд хязгаарлагдах тул гал асаахаас авхуулаад хийх зүйл их байх болно.

7. Хөдөлгөөн их хийхийг анхаар

Ер нь бол өөртөө л найдах ёстой үе учир бие, хүчний тал дээр асуудалгүй байх хэрэг гарна. Хурдан гүйх, авирч өгсөх, ямар нэг зүйл өргөх гэх мэтээр хөдөлгөөн их орохыг анхаар. Эрүүл мэнд нэгдүгээрт.

8. Тухтай хувцаслах

Гол нь хөдөлгөөнд чөлөөтэй, тухтай, хамгийн амар хувцсыг өмсөх хэрэгтэй. Хэтэрхий богино хувцас, өсгийтэй гутал, таараагүй хувцас хөдөлгөөнд саад учруулах боломжтой.

9. Нөөц чухал

Одоо хамгийн гол нь хоол хүнс, ус, эм тариа болох болно. Хаа нэгтээ өөрсдийн аюулгүй орчныг бүрдүүллээ ч идэж уух зүйлгүйгээр удаан тэсэх боломжгүй. Тиймээс хоол хүнсээ зохицуулах, эм тарианы нөөцтэй байх хэрэгтэй. Гэхдээ шууд гудамжинд гарч, томоохон дэлгүүр лүү орох нь асар их эрсдэлтэй. Ойр хавьд байгаа жижиг худалдааны газрууд, бусад айлууд, орхигдсон байшингуудаар эхлээд явж үзэх нь арай дээр боломж байж болно. Лаазалсан бүтээгдэхүүнүүд, савтай ус нэн чухал. Бас оффисууд, зочид буудал зэргээр орсон нь дэлгүүр, худалдааны төв гэсэн хэтэрхий эрсдэлтэй газраас хамаагүй илүү.

10. Хамгийн гол нь ганцаараа юу, хүмүүстэй юу?

Хүн үхэл амьдралын зааг дээр ирэх мөчид юу ч хийхээс буцахгүй болох үе бий. Тиймээс бусад хүмүүс танд аюул учруулах эсэхийг тооцоолох хэрэгтэй. Ганцаараа бол хэрхэн даван гарах, хүмүүстэй бол яаж зохицон, хамтдаа амьд үлдэх вэ гэдгээ эхнээс нь бодох шаардлага гарах юм. Танд очих ёстой хүмүүс бий юу, амь насыг нь хамгаалах ёстой хүмүүсийг дагуулан явж байна уу гэдгээс бүх зүйл шалтгаална.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна