“Митчелл сан”-гийн Жендэрийн хөтөлбөрийн ахлагч, жендэр судлалын доктор Б.Анхбаяртай манай улсад жендэрийн тэгш эрхийн байдал ямар түвшинд явж байгаа тухай болон тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Та Монголдоо анхны жендэр судлалын эрэгтэй доктор шүү дээ. Сүүлийн жилүүдэд жендэрийн сэдвийг хөндөж, сонирхож судалж байгаа хүмүүс хэр их байна вэ?
-Би 2006 оноос хойш жендэртэй холбоотой ажил хийж байна. 2013 онд магистр, 2022 онд докторын зэргээ хамгаалсан. Тухайн үед их, дээд сургуулиуд дахь жендэрийн тэгш байдлыг үнэлэх индекс” боловсруулах ажил хийж докторын зэргээ хамгаалсан юм. Энэ индекс нь 63 параметртэй буюу тухайн их сургуулийн 63 төрлийн дата цуглуулна гэсэн үг. Түүнийгээ томьёоллын дагуу тооцоолол хийж боловсруулаад тухайн сургуульд жендэрийн тэгш байдал хамгаалагдаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлсон гэсэн үг.
Манайд жендэр судлалын чиглэлээр хамгаалсан эрэгтэй доктор надаас өөр байхгүй боловч магиструуд олон бий. Мөн сүүлийн жилүүдэд МУИС-д Жендэр судлалын төвтэй болсноор эрэгтэйчүүд ч бас судалгааны энэ чиглэл рүү орж ирж байна.
-Манайхан жендэртэй холбоотой асуудал хөндөхөд зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр ярьж байна гэх ойлголттой байдаг. Энэ ойлголт өөрчлөгдөж байгаа юу?
-Хүн төрөлхтний түүхийг эргээд харвал эмэгтэй хүйсийг хоёрдугаар зэргийн хүйс гэдэг байжээ. Эрх нь зөрчигдөнө, бие хүн бус эд, бараа мэт үзэх хандлага ч байв. Харин 20-р зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн идэвхжиж, илүү их тэмцэл өрнөсөн. Үүний үр дүн ардчилсан хувьсгал гарсны дараах манай нийгэмд ч тусгалаа олсон. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байсан давлагаа, олон улсын байгууллагуудаар дамжин манайд маш ихээр орж ирсэн. Энэ утгаараа сүүлийн 30 жилд жендэрийн тэгш эрх гэдэг үг эмэгтэйчүүдтэй илүү холбоотой яригдаж ирсэн учраас нийгэмд энэ бол эмэгтэйчүүдийн л асуудал юм байна гэх ташаа ойлголт суучихсан. Яг л Японы “Canon” брэндийн хувилах маш манайд анх орж ирснээр бид хувилах үйлчилгээг “канондах” гэж үйл үг болгон ашигласантай адил. Нэгэнт хэвшчисэн зүйлийг солиход хэцүү байдагтай адил жендэрийн тэгш эрх гэдэг үгний цаана эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал байгаа шүү гэдгийг ойлгуулах хэцүү. Ойлголтын хувьд, сэтгэлгээний хувьд үндэстнээр нь өөрчилнө гэдэг асар хэцүү. Гэхдээ энэ бол хийх ёстой хамгийн чухал ажил. Тэгж байж эрэгтэйчүүд ч бас өөрсөндөө эрх байдгийг, дуугарч байх ёстой гэдэг ойлголттой болно. Хүн өөрийнхөө хүйсийн жендэрийн асуудлын тухай ойлголтгүй, тэмцэх мэдлэггүй байгаа тохиолдолд эсрэг хүйсийнхээ эрх ашгийн төлөө дуугарах ямар ч бололцоо байхгүй.
-Манай улсад эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлын талаар ч дорвитой ярих цаг нь болсон. Энэ тал дээр танд дурдах ямар тоо баримтууд байна вэ?
-Ер нь манайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь жендэрийн асуудлыг ярих хэрэгцээ бий. Эрэгтэйчүүдийн хувьд жишээ нь, боловсролын салбарт нийт дээд сургууль төгсөж буй оюутнуудын 70 хувь нь охид, үлдсэн нь хөвгүүд байгаа бол магистрын түвшинд 20, 80 докторын түвшинд бүр 90, 10 хувьтай буюу боловсролын шатлалаар дээш явах тусам эрчүүдийн тоо цөөрч байна. Тэдгээр боловсрол эзэмшихгүй байгаа залуус хаана байна вэ гэсэн асуудал үүсэж байгаа юм. Таксинд явж байна уу, мал дээр гарсан уу, гадаадад хар ажил хийж байна уу эсвэл огт ажилгүй байна уу гэхчлэн боловсролтой хамааралтай олон асуудал дагаад үүсэж байдаг. Гэр бүлтэй болоод ажилтай эсэхээс хамаараад хэн нь өрхийн тэргүүн байх тухайд хэрүүл маргаан үүсэх, гэр бүлийн хүчирхийлэл гарах гээд олон асуудал боловсролын түвшний зөрүүнээс үүсдэг. Эрэгтэйчүүдийн боловсролын жендэрийн асуудал нь зөвхөн нэг тал нь шүү дээ.
Эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг авч үзье л дээ. Монгол эрэгтэй эмэгтэйгээсээ 10 насаар дутуу насалж байна. Шалтгааныг нь хайгаад үзэхээр буруу хооллолт, архи тамхины хэрэглээ их, стрессээ архи уухаас өөр тайлах арга байхгүй, сэтгэл зүйн зөвлөгөө авах төвүүд байхгүй байна. Түүнчлэн амиа хорлож байгаа өсвөр насны 10 хүн тутмын 9 нь эрэгтэй байх жишээний. Эрэгтэй хүүхэд уйлж болохгүй, хатуу байх ёстой гэдэг хэвшмэл ойлголтоос болж хүүхдийг дотогшоо болгож, сэтгэл санааны асуудал нь буглачихсан, түүнийгээ илэрхийлж болдоггүй, бачимдаж бухимдахын эрхээр амиа хорлохоос өөр гарцгүй болгож байна. Нийгмийн болон соёлын хуучирсан онцлогууд нөлөөлж байна гэсэн үг. Энэ мэтчилэн асуудлыг яриад байвал тоо томшгүй олон бий. Тэгэхээр аль ч хүйсэнд жендэрийн асуудал байдаг. Бид нар нэгийг нь яриад нөгөөг нь мартчихдаг байж болохгүй.
-Манай улсад сонгууль болоход нэр дэвшигчид нь, аливаа өндөр зэрэглэлийн албан тушаал яригдахад ихэвчлэн эрчүүдийн нэрс дуулддаг. Гэтэл үүнийг хийж чадах мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүд байхгүй гэж үү?
-Үеийн үед эрчүүд нь дээд тушаалд гараад эмэгтэйчүүдээ дандаа гадуурхдаг нийгэмд амьдарч ирсэн учраас тэр л дээ. Манайд өнгөрсөн 2024 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн дэвших эрх нь хуулиараа 30 хувь болж өөрчлөгдсөн. Уг нь дэвших эрх нь 50, 50 хувь байх ёстой. Тэгж байж ижил гараанаас гарна. Гурван эмэгтэй, долоон эрэгтэй дэвшүүлчхээд эмэгтэйчүүд цөөхөн байна гэж ярих нь утгагүй зүйл. Өөрөөр хэлбэл, таван эрэгтэй, таван эмэгтэй сонгуульд дэвшээд тэндээсээ сонгогдох нь сонгогчийн эрх учраас квот зааж болохгүй. Жишээ нь, би өөрийнхөө тойргоос ажлаа сайн хийдэг гурван эрэгтэйг сонгож болно шүү дээ. Эсвэл нэг тойргоос гурван эмэгтэйг сонгодог ч юм уу. Энэ бол сонгогчийн л эрх. Германд гэхэд квотын системийг хэрэглэж байгаад олон нийтийн сэтгэлгээ эр, эм хүйсэд ижил тэгш ханддаг болонгуут квотыг хэрэглэх шаардлагагүй болчихож байгаа юм. Тийм болохоор би нийтийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдтөл Монголд квотын систем хэрэглэхийг дэмжиж байгаа. Түүнчлэн Скандинавын орнуудад 40 хувийн квот ашиглаж байна. Компани, корпорацын удирдах түвшинд 10 захирлын дөрөв нь дор хаяж эмэгтэй хүн байх ёстой гээд хуульчилсан. Үүний үр дүнд олон нийтэд эмэгтэйчүүдийг танилцуулж өгч байгаа юм. Эдгээр эмэгтэй ажлаа сайн хийгээд, өөрсдийгөө таниулмагц олон нийтийн эмэгтэй хүнд хандах хандлага өөрчлөгдөж, хүлээн зөвшөөрч эхэлдэг. Ингэхээр яваандаа эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгах биш хэн хийж чаддаг нь дээшээ гарч ирдэг нийгэмтэй болно гэсэн үг.
Манай улсад төрийн албаны дунд болон доод шатны ажлын бараг 90 хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг. Гэтэл дундаас дээш буюу удирдлагын түвшинд эмэгтэйчүүд очих нь бага. Энэ бол бас л бидний соёл, уламжлалтай холбоотой. Эм хүн урт үстэй, ухаан богинотой, эмэгтэй хүнээр удирдуулна гэж юу байх вэ гэдэг ч юм уу нийгэмд тогтчихсон хуучирсан ёс заншлыг халмаар байна. Гэтэл эмэгтэй хүний нөөцөө бид нар ашиглах ёстой. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ агсан “Японы эдийн засгийн хөгжлийн дараагийн шатны гол түлхүүр бол бид нарын өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй эмэгтэйчүүдийн хүний нөөц юм” гээд хэлчихсэн. Хэдэн мянган жилийн турш япон эмэгтэй гэртээ суудаг, ар гэрийн асуудлаа зохицуулдаг байсан тогтолцоо орчин үед өөрчлөгдөж байна. Тэнд төрөлт буурч байгаа нь эмэгтэйчүүд хүүхэд гаргаад насаараа гэртээ суухыг хүсэхгүй байгаатай холбоотой. Хүнтэй суугаад хүүхэд гаргавал үлдсэн насаа хэрхэн өнгөрүүлэх нь ойлгомжтой учраас гэрлэхийг, төрөхийг хүсэхгүй байна шүү дээ. Солонгост ч мөн адил. Хүн өөрийн гэсэн ажилтай, цалинтай, дуртай үедээ мөнгөө зарцуулдаг, хөлсгүй хөдөлмөрт цаг бага зурцуулдаг, хүссэнээрээ амьдрах боломжтой нийгэмд байж яагаад заавал насаараа айлын шал угаах ёстой юм бэ гэсэн сэтгэлгээ гарч иржээ.
-Монгол эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цаг чамгүй их байгаа юм билээ. Ер нь энэ төрлийн хөдөлмөрт ямар ажлууд багтдаг вэ?
-Хөлсгүй хөдөлмөр гэсэн ойлголт дэлхий даяар нухацтай яригдаж байна. Эхнэр, нөхөр хоёул ажилтай, орлоготой, хүүхэдтэй, гэртэй бол яагаад заавал эмэгтэй нь байнга гэрийн ажил хийж, хүүхэд, хөгшдийг арчлах ёстой юм гэсэн асуудал гарч байгаа. Энэ бол дэлхий нийтийн асуудал болсон. Судалгаанаас харахад Монголд эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4,5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эрэгтэйчүүд 1,5 цагийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс гурван цагаар илүү хөлсгүй хөдөлмөр эрхэлж байна. Хөлсгүй хөдөлмөрт түлээ, нүүрс татах, галлах, үнс асгах, хашаа хороо цэвэрлэх, усанд явах, хүүхдээ цэцэрлэг сургуульд зөөх, хоол унд хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх, нялх болон настай хүнийг асрах гэхчлэн ажлууд ордог. Европын холбооны орнуудад гэхэд жендэрийн тэгш эрхийн хүрээнд хөлсгүй хөдөлмөрт аль хүйс нь хэдий хэр цаг зарцуулж байгааг судалж, тогтоогоод дараа жилийнхээ жендэрийн бодлогод тусгаж өгч байна. Хөлсгүй хөдөлмөрийн асуудлыг эхнээсээ шийдэж байна шүү дээ. Жишээлбэл, Скандинавын зарим улсууд төрсний дараах декритийг нэг жилийн хугацаанд өгдөг. Жилээ тэнцүү хуваагаад хүүхдээ зургаан сард нь аав, зургаан сард нь ээж харахаар хуульчилсан. Харин манай улсад эмэгтэйчүүдийн карьер өсөлтөд хамгийн сөргөөр нөлөөлдөг нь төрсний дараах декрит байдаг. Нэг удаагийн декрит авах хугацаа 3 жил буюу 4 хүүхэд төрүүлэхэд хамгийн ихдээ 12 жил гэртээ суух болчхоод байгаа юм. Гэтэл хамт ажилладаг эрчүүдийн карьер энэ хугацаанд суга өсөж, цалин ч тэр хэрээрээ нэмэгддэг. Энэ мэт манайд асуудал болсон эмэгтэйчүүдийн карьерын хоцрогдол нь хүүхэд төрүүлэх, төрсний дараах декрит авдаг системээс үүдэлтэй. Дээр дурдсан Скандинавын орнуудад декритийн хугацааг нь эцэг эх болсон улсад хуваагаад хуульчилчихаар албан тушаал ахих боломж эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш үйлчилж байна. Хэн ажлаа сайн хийж байгаа нь тушаал дэвшээд явна уу гэхээс хүүхэд төрүүлээд гэртээ хэдэн жил суусан гэдгээсээ болж хасагдахгүй. Монголд үүнийг шийдэх гээд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс төрсний дараах декритийг аав, ээжийн аль нэг нь сонголтоороо авч болно гэж Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэд оруулсан. Гэвч дутуу болчхоод байгаа юм. “Аль нэг нь сонголтоороо авч болно” гээд орхичихоор авч ч болно, үгүй ч байж болох учраас байгууллагууд төдийлөн хэрэгжүүлэхгүй байна. Ганц хоёр л жишээ байгаагийн нэг нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт төрсний дараах декритийг аав нь аваад ээж нь ажлаа хийж байгаа тохиолдол бий.

-Жишээлбэл та эхнэрийнхээ карьер хөгжлийг дэмжээд өөрөө хүүхдүүдээ өсгөсөн түүхтэй. Тухайн үеийн туршлагаасаа хуваалцаач. Бусад эрчүүдэд урам зориг болох байх гэж бодож байна.
-Би эхнэртэйгээ ярилцаж байгаад хоёр хүүхдээ өөрөө харж, эхнэрээ ажлыг нь хийлгүүлэх шийдвэр гаргаж байсан. Мэдээж хүүхдүүдээ харахад хоёр талын аав ээжийн туслалцаа байсан. Хүүхдүүдээ харж байхдаа эхнэртээ гэрийн бүх ажлаа тохоод үлдээх нь утгагүй гэдгийг ойлгосон. Нэг хүн бүтээнэ, өсгөнө гэдэг асар их ажил учраас хүн ядарна, царай зүс гундана, өөртөө зориулах ямар ч цаг зав гарахгүй л юм билээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ байнга цаг гаргаж, анхаарч, дэмжиж байх нь чухал. Тэгж байж хүүхэд эрүүл саруул өснө, хүмүүжилтэй, цаг баримталдаг, өөрийгөө хөгжүүлэх дуртай болж, аав ээж бид нар улсдаа чадвартай хүний нөөц бэлдэж өгч байгаа юм л даа. Үүнд асар их хөдөлмөр хэрэгтэй. Гэртээ байж хүүхдээ харах шийдвэрийг гаргаагүй бол би өнөөдрийн хэмжээнд охид, эмэгтэйчүүдийг ойлгох ойлголттой болж чадахгүй байсан болов уу.
-Жендэртэй холбоотой асуудлууд дорвитой шийдэгдэхгүй байгаа шалтгааныг та юу гэж боддог вэ. Эдгээр асуудлыг шийдэх, сайжруулах боломж бий юу?
-Манай улсад 1995 онд Жендэрийн үндэсний хороо байгуулагдаж, 2025 оны сүүлчээр 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Шулуухан хэлэхэд энэ 30 жилийн хугацаанд манай улс 2006 оноос хойшхи тоон үзүүлэлтээр 2024 оны эцэс гэхэд 39 байраар ухарсан. Энэ талаар хэн нь ч дурдаагүй. Тэгэхээр Жендэрийн үндэсний хорооны ажил ямар түвшинд явагдаж байгааг харж болж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын жендэрийн тэгш байдлын индекс гэж байдаг. Жил болгон дэлхийн улс орнуудыг жендэрийн тэгш байдлаар нь жагсаадаг юм. Энэ жагсаалтыг гаргахдаа эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, улс төрийн оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтээр хэмждэг. Манайх боловсролын түвшингээрээ дажгүй үзүүлэлттэй гардаг. Учир нь манайх бүх нийтээрээ боловсрол эзэмших эрхтэй буюу үнэгүй суралцах боломжтой нь дээш татдаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүр авах эрхтэй учраас давуу тал болж байна. Зарим улс оронд мөнгөө л төлөхгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй. Даатгалгүй бол эрүүл мэндийн үзлэг нь асар үнэтэй. Харин эдийн засгийн үзүүлэлтийг гаргахдаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүйс орлогын хэр их зөрүүтэй байна гэдгээр тодорхойлдог. Манайд үеийн үед 25 хувийн зөрүүтэй байдаг. Мөн эмэгтэйчүүдийн удирдах түвшний оролцоогоор үзүүлэлт гаргахад манайх маш муу үнэлгээтэй.
Тодорхой хэмжээгээр урагшилж байгаа ажлуудыг нь дандаа гаднын байгууллагууд л хийдэг юм даа. Жишээлбэл, 2024 оны УИХ-ын сонгуулийн эмэгтэйчүүдийн дэвших эрхийн квотыг 30 хувь болгож өгсөн гол хоёр байгууллага бий. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), ба Солонгосын Хөгжлийн агентлаг буюу KOICA. Бид нар өөрсдөө улсаас санаачилга, санхүүжилт гаргаад дэвших эрхийн квотоо өсгөсөн юм байхгүй. Манай улс өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, мөнгөөр дотоодынхоо тэгш эрхийн асуудлыг шийдэхэд зориулж ажил хийдэггүй гэхэд болно. 2024 оны сонгуулиар тойргоор болон жагсаалтаар гарч ирэх боломж бүрдсэнээр түүхэндээ анх удаа УИХ-ын 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ дүнгээрээ Азидаа мөн тэргүүлж байгаад саяхан Японы парламентын сонгуулиар 42 эмэгтэй сонгогдож Ази тивдээ тэргүүлж эхэллээ.
-Та олон жилийн хугацаанд жендэртэй холбоотой ажил эрхэлж, сурч боловсорчээ. Энэ хугацаанд сайнаар өөрчлөгдсөн зүйлс юу байна?
-Хувийн буюу ялангуяа санхүүгийн байгууллагууд маш хурдацтайгаар жендэрийн тэгш эрхийн байдлаа хангаж байна. Жишээлбэл, ХААН Банк жендэрийн тэгш байдлын хүрээнд ажилчдын тоо тэнцүү, удирдлагын түвшинд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ойрхон байх ёстой гэсэн шаардлагуудыг хурдан биелүүлж байгаа. Гол шалтгаан нь олон улсын бизнесийн стандартын шаардлагад жендэрийн тэгш байдал, нийгэм, байгаль орчинд ээлтэй бизнес гэдгээ батлах шаардлага тавьдаг ч юм уу энэ хүрээнд шууд биелүүлж байгаа хэрэг юм.
Мөн монголчуудын жендэрийн тэгш эрхийн тухай ойлголт сайжирч байгаа боловч удаан байна. Яагаад гэвэл төрийн системтэй холбоотой. Бусад улс орнуудад Жендэрийн үндэсний хороо нь өндөр эрх дархтай, шийдвэр гаргах түвшний байгууллага байдаг бол манайд тийм биш. Ерөнхий сайд нь автоматаар Жендэрийн үндэсний хорооны дарга болдог. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь шууд дэд дарга нь болдог. Улс төрийн албан тушаал маягийн болчхоод байгаа юм. Дээрээс нь шийдвэр гаргаж болдоггүй, ямар ч хүч байхгүй. Төсөв, санхүү муутайн дээр эрх мэдэл бага, зөвлөмжийн түвшинд ажилладаг. Үүнтэй адил Хүний эрхийн үндэсний комисс бас л эрх дарх байхгүй. Уг нь Монголбанк шиг бие даасан, хараат бус, шийдвэр нь шууд хэрэгжиж эхэлдэг тусгай агентлаг байх ёстой шүү дээ. Гэтэл Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс хоёр бол бэлгэ тэмдэг маягийн, нам дагасан нөхдүүд очиж дарга болдог суудлын албан тушаал болчхоод байна. Саяхан Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргаар МАН-ын эмэгтэй томилогдсон байна билээ. Уучлаарай, тэр хүнээс илүү Монголын жендэрийн асуудлыг мэддэг зөндөө судлаач байгаа. Тийм учраас л Жендэрийн үндэсний хорооны ажил явахгүй, хууль хэрэгжихгүй байгаа юм. Манайх 2011 онд Жендэрийн тэгш байдлын тухай хуультай болсон улс. Лекц уншаад орон даяар явж байхад хуулиа мэддэг хүн, хэрэгжүүлж буй байгууллага нэг ч байдаггүй.
-Асуумж, судалгаа хийж байхад анхаарал татахуйц ямар тоо баримт гарсан бэ. Нийслэл болоод орон нутагт тулгамдаж байгаа хамгийн түгээмэл асуудлууд юу байна вэ?
-Би 2024 онд улс даяар эрчим хүчний салбарын 36 байгууллагаар орж, 1300 гаруй хүмүүст лекц уншиж, жендэрийн тэгш байдлын оношилгоо хийлээ. Бүх 36 байгууллагад ажлын байрны бэлгийн болон бусад төрлийн дарамт байдаг гэсэн судалгааны дүн гарсан. Энэ юу хэлж байна вэ гэхээр улсын байгууллагуудад жендэрийн тэгш эрхийн байдал, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой ажлууд зөвхөн цаасан дээр байдаг зүйл. Хэрэгжиж байгаа зүйл ховор. Хуулиа хэрэгжүүлдэг ганц хоёр байгууллага байна. Тухайн байгууллагын асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь сайн ажиллаж байгаа учраас хэрэгжиж байгаа болохоос биш нийтээрээ бол байхгүй. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаагаа ч зарим нь тодорхойлж мэдэхгүй байна. Энэ мэтчилэн мэдлэг, мэдээллийг түгээхгүй бол ялангуяа хөдөө орон нутаг, ойлголт маш сул байна.
Мөн боловсролын байгууллагын хоёр их, дээд сургуульд дүн шинжилгээ хийж үзсэн. Нэг нь ШУТИС. Өмнө нь би ажиллаж байсан. Санамсаргүй түүврээр 25-65 насны 10 эмэгтэй багшаас бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага авахад дөрөв нь ямар нэгэн байдлаар ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан гэсэн дүн гарсан. Боловсрол олгож байгаа байгууллага дотор ажлын байрны бэлгийн дарамт ийм өндөр байхад бусад эрчүүд зонхилсон хүчний байгууллагад энэ асуудал байх нь тодорхой. Үүнийг яаралтай, хатуу шийддэг, хуулиа хэрэгжүүлдэг, сургалт, мэдээллээр тогтмол хангадаг байхгүй бол аль нэг хүйсийн хүмүүс олон жил дарамтлуулж, хохирогч болж байна.
Улсын байгууллагуудад “Дүүриймаадах” гэж нэр томьёо байна. Төвөөс сайд, дарга нар очихоор байгууллагынхаа залуу, царайлаг охидыг үйлчилгээнд явуулдаг. Хүмүүс өөрсдөө энэ тухай ярьж байна. Яагаад үүнийгээ ил болгож болдоггүй юм гэж асуухаар хөдөө, орон нутагт тогтмол ажлын байр ховор учраас ажилгүй болох эрсдэлтэй гээд олон янзын дарамтыг тэвчиж амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Дарга нарт хариуцлага тооцох зүйл байхгүй учраас тэрсэлдсэн ажилчид нь халагдаж, хохироод үлддэг. Дарга нь дарга хэвээрээ байж л байдаг. Манай тогтолцоо үнэндээ ийм л байна. Даргын хүмүүс нь өөрсдөө Ёс зүйн хорооны гишүүдээ бүрдүүлдэг гэхчлэн шударга бус систем орон даяар байна билээ. Үүний эсрэг зоригтой дуугардаг, асуудлыг анхаарлын төвд авчирч, мэдлэг, ойлголт түгээх ажлыг Жендэрийн үндэсний хороо хийх ёстой юм л даа. Тэгэхээр бид нар системээ өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй.
Саяхан УИХ-ын гишүүн Э.Болормаа Засгийн газрын ордон дотор ажлын байрны бэлгийн дарамт их байгаа талаар шүгэл үлээлээ шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын түвшинд хүртэл ажлын байрны бэлгийн дарамт байгааг хэн ч шийддэггүй юм бол доод түвшний улсын байгууллагууд дахь асуудлыг хэн ч шийдэхгүй л гэсэн үг. Яриад ч хэрэг байхгүй. Аль ч хүйсийн хүн ажлынхаа байранд хэнээс ч айх аюулгүй, амар тайван ажиллаад тардаг байх ёстой юм л даа. Ямар нэгэн дарамтад байдаг бол яаж хүнээс ажлын бүтээмж гарах билээ. Ажлын байрны бэлгийн болон бусад төрлийн дарамт, карьер хөгжлийн асуудал, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, төрсний дараах декритний асуудал гэхчлэн шийдэж чадвал улсад асар их өгөөж өгнө. Хяналтаа тавиад хуулиа хэрэгжүүлээд явбал олон хүний ажил, амьдралын чанарыг сайжруулах буянтай ажил болно.
-Таны ажил мэргэжлээс гадна гэрэл зураг сонирхогч гэдгээр таньж мэддэг хүмүүс цөөнгүй бий. Анх гэрэл зургийг яагаад сонирхох болов. Энэ тухай асуухгүй өнгөрч чадсангүй.
-Намайг ухаан орох цагаас эхлээд л гэрэл зургийн альбом манайд олон байлаа. 1980-аад оны миний үеийн залуучууд дунд бага насных нь бүх зураг өнгөтэй хэвлэгдсэн хүн ховор байх. Азаар аав маань гэрэл зурагт дуртай, зураг авдаг байсан юм. Хар багаасаа гэрэл зураг харж өссөн учраас орчин нь бүрдсэн байсан. Аав надад камераа бэлэглэсэн нь гэрэл зураг авах түлхэц болсон. Мөн 2004 онд “Таван богд” ХХК-ийн “Fujifilm” компанид маркетинг, гадаад харилцааны менежерээр гурван жил ажилласан маань ч их нөлөөлсөн байх. Өөрийн гэрэл зургийн төрлөө олтлоо янз бүрийн зураг авч, туршлагаждаг юм билээ. Явсны эцэст миний авах гэрэл зургийн төрөл бол баримтат гэрэл зураг гэдгээ ойлгосон. Монголчуудынхаа ахуй, соёлыг баримтжуулж үлдээх нь хамгийн сайхан санагддаг.
Би гэрэл зургийн “Тусгал” клубийн гишүүн. Манай клуб 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, 62 гишүүнтэй. Тус тусдаа мэргэжилтэй ч гэрэл зурагт хайртай хүмүүсийн нэгдэл. Нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг гэрэл зургаар илэрхийлж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх зорилготой. “Хамтдаа суралцъя” аяныхаа хүрээнд орон даяар аялал хийдэг, “Мартагдашгүй намар” арга хэмжээг зохион байгуулж, залуу гэрэл зурагчдад сургалт ордог. Гэрэл зураг сонирхогчдод зориулаад оны эхээр СГЗ, “Гамма”-гийн С.Цацралт ахтай хамтраад “Гэрэл зургийн мөн чанар” гэж орчуулгын ном гаргасан. Би редактораар нь ажиллалаа. Америкийн Брюс Бэрнбаум гэж 40 жил гэрэл зураг зааж байгаа багшийн номыг орчуулсан. Гэрэл зураг сонирхогч хэн бүхэнд хэрэг болохуйц, сонирхолтой ном гарсан. Өөрт тохирсон гэрэл зургийн төрлөө олоход тус болно гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас манлайлагч эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэдгийг асууя.
-Эмэгтэйчүүд манлайлагч болоход манай улсад системийн хувьд эрх тэгш нөхцөл байхгүй. Манлайлагч болж гарч ирсэн бүсгүйчүүд дандаа л өөрсдийн хүч чадал, нөөц боломжид тулгуурлан, тэмцэж гарч ирсэн. Бид Сангийн эмэгтэй сайдтай байсангүй, эмэгтэй Ерөнхий сайдтай байгаагүй, эмэгтэй Ерөнхийлөгчтэй байсан түүх үгүй. Угтаа санхүү мөнгөтэй холбоотой удирдах шатны албан тушаалд очих боломжтой, чадвартай, мэдлэгтэй эмэгтэйчүүд манай улсад хангалттай байгаа шүү дээ. Гэвч систем нь тийм боломж олгодоггүй. Энэ системийг халж, эрэгтэй эмэгтэй аль ч хүйсэнд 50, 50 хувьтай эрхийг нь олгомоор байна, нийгмийн сэтгэл зүйг өөрчилж, мэдлэг түгээмээр байна. Эр, эм нь хамаагүй хэн чаддаг нь дээшээ гарч ирдэг тогтолцоо болон сэтгэхүй бидэнд хэрэгтэй. Бусад оронд жишээлбэл, Финландад 36 настай эмэгтэй Ерөнхий сайдаар ажиллаж байна, Мексикт эмэгтэй хүн Ерөнхийлөгч боллоо, Японд эмэгтэй Ерөнхий сайд байна. Чадвартай л бол дээшээ гардаг систем яагаад байж болохгүй гэж. Болно шүү дээ.