“ХасБанк”-ны Хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Г.Зултай ярилцлаа.
-Энэ жил 25 жилийн ой нь тохиох гэж буй “ХасБанк”-нд та бүр “Микро старт” нэртэй төсөл байхаас нь анх нэгдэж байжээ. Энэ эхлэлийн талаар яриагаа эхлэх үү, хоёулаа.
-1998 онд их сургуулиа төгсөж ирээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт анх ажилд орж байлаа. Хөтөлбөрийнхөө хүрээнд бид мундаг лидерүүд, залууст урам зориг, хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөхүйц хүмүүсийг эрж хайн, яриа лекц их зохион байгуулна. Тэр хүмүүсийн нэг нь манай хөтөлбөртэй зэрэг шахуу эхэлсэн Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Микро старт” төслийн удирдагч Роберт Кэйтер байсан. Ингэж бид анх танилцсан нь хожим миний “ХасБанк”-тайгаа холбогдох эхлэл болсон юм.
Миний анх ажиллаж байсан төсөл дуусахтай зэрэгцэн надад ажлын санал тавьснаар би удалгүй “Микро старт”-ийн хүн болсон. Тэр үед Монголд санхүүгийн үйлчилгээний хүртээмж тааруу, нийт хүн амын ердөө 2 хувь нь л банкны үйлчилгээ авдаг гэсэн статистик гарч байсныг санаж байна. Нөгөө талдаа төрийн өмчит компани, үйлдвэрүүд хаалгаа барьж хүмүүс хувиараа бизнес эрхлэх хүсэл, эрэлт ихэссэн үе л дээ. Нэг бол бие биеэсээ зээлдэг, эсвэл 30 хувийн хүүтэй ломбардаар үйлчлүүлнэ. Ийм цаг үед бичил санхүү гэдгийг Монголд нутагшуулахаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Микро старт” төсөл зорьсон юм билээ. Үнэхээр манай оронд цагаа олж хэрэгжсэн маш зөв ажил.
Энэ төсөл надад маш сонирхолтой санагдсан. Дээд тал нь 150.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгодог байсан үе. Гэвч энэ нь тухайн үедээ бол их мөнгө, юм хийе, амьжиргаагаа дээшлүүлье гэж шийдэж, хичээж зүтгэж, нүдэнд нь гал эрмэлзэл ассан хүмүүсийн ахуй амьдрал нүдэн дээр сайжраад, дэвжин дээшилсэн маш олон түүхийг бид гэрчилсэн.
-Ёстой нүдний өмнө ил байхаар урам зориг ч их төрж байсан байх даа.
-Бид үнэхээр хүмүүст хэрэгтэй, амьдралыг нь сайн сайхнаар дэвжүүлэх утга учиртай, чухал ажил хийж байна шүү гэдгээ өдөр бүр мэдэрдэг байсан. Энэ бол яалт ч үгүй Монгол Улсад хэрэгтэй, эдийн засагт сэргэлт болсон үр дүнтэй төсөл. Шижигнэсэн 10 хэдэн залуу нэг баг болж, дарга цэрэг гэхгүйгээр бүх юмандаа оролцоод ажиллана.
Бид өөрсдөө маш богино хугацаанд хичээнгүй суралцаж, эргээд хүмүүст санхүүгийн боловсролыг А-Я хүртэл олгох хэрэгтэй байсан. Баланс гэж юу юм, дебит кредитийн ялгаа, өрхийн болон бизнесийн мөнгөний урсгалыг ялгаж салгах вэ гээд л. Энэ төрлийн үйлчилгээ байхгүй, санхүүгийн боловсрол муу байсан болохоор харилцагчдаа анхнаас нь мэдээлэлтэй, хариуцлагатай, санхүүгийн сахилга бат суулгахын тулд олон удаагийн сургалт явуулдаг байлаа. Сахилга бат гэдэг маш жижигхэн зүйлээс эхэлдэг учраас сургалтад суугаагүй, хоцорсон тасалсан бол зээлийн хүсэлтийг нь хойшлуулж хүртэл үзнэ. Эндээс “ХасБанк”-ны соёлын нэг томоохон хэсэг бүрэлдсэн гэж хэлж болно. Харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажиллаж, мэдээллийг тогтмол өгч, санхүүгийн хариуцлагыг эрхэмлэх суурийг бид үнэхээр их хичээл зүтгэлийн үр дүнд тавьж чадсан.
-“Микро старт”-төслөөс ХасБанк болж томрох үйл явц хэрхэн өрнөсөн юм бэ?
-“Микро старт” бол НҮБ-ын нэг л төсөл. Төсөл учраас хугацаатай, тэр нь дуусмагц Засгийн газарт зузаан тайлан өгөөд л дуусна. Гэтэл бидний энэ ажлыг зөвхөн төдийгөөр хараад, хугацаа нь дуусаад зогсоход үнэхээр хайран, монголчуудад амин чухал хэрэгтэй болох нь илт байсан учраас томруулж, тогтолцоо бий болгох хэрэгтэй болсон. Бид цаашид хэрхэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн санхүүгийн байгууллага болох вэ, үүний тулд яах хэрэгтэй тухайгаа байнга зөвлөлддөг байлаа.
Тэр үед Монголд санхүүгийн байгууллагын хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй, санаачилгууд харин эхлээд байсан юм билээ. Тиймээс бид эхнээс нь оролцож, Монгол банкны дэргэд ажлын хэсэг байгуулахад нь өөрсдөө тогтолцоо тоглоомын дүрмийг босголцоод явсан. Ингээд 1999 онд хууль эрх зүйн талаас боломжууд нь бүрдэж, “Хөгжлийн алтан сан” нэртэй Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага хэмээгдэн №001 гэрчилгээг авч байлаа. Анхных байсан учраас зөвхөн хувь байгууллагынхаа гэлтгүй салбарын тогтолцоог хамтад нь бий болгоод, дүрэм журам, засаглал гээд л бүхнийг бий болгох хэрэгтэй болсон. Бид ч багаараа маш сайн ажилласан.
Эрэлт их байсан учраас галзуу юм шиг урагшилж, нэмэлт санхүүжилт босгож томрох шаардлага удалгүй үүссэн. Улмаар бид Монголд анх удаа гаднын хөрөнгө оруулалтыг татаж байсан түүхтэй. Анхны төслийн санхүүжилт маань хаанаа ч хүрэхгүй болж, сүүлдээ жолоогоо татаж, одоо зээл гаргахгүй шүү гэж байсан үе ч бий. Бид хүмүүст зөвхөн зээл бус санхүүгийн боловсрол олгож, судалгаагаа сайн хийж байсны үр дүнд зээлийн эргэн төлөлт 99 хувьтай. Үүний хажуугаар “Монголчууд зээлээ төлдөг” гэсэн өөдрөг сурталчилгаа, ухуулга явуулна. Хугацаандаа зээлээ төлбөл шаардлага уян хатан болж, хугацаа уртсаж, хэмжээ нь нэмэгдэн, хүү нь багасах зөв систем угсарсан нь ч нөлөөлсөн байх. Ийнхүү “Бид дараагийн түвшинд гарахын тулд яах вэ?” гэж өөрсдөөсөө асуун, судалж эхэлсэн. Бидний өмнө нэг бол хадгаламж зээлийн хоршоо болох, эсвэл банк болж томрох хоёр сонголт гарч ирлээ. ХЗХ бол хязгаарлагдмал, зөвхөн гишүүддээ үйлчилдэг хязгаарлагдмал бүтэц. Банк болъё гэхээр дүрмийн сангийн босго өндөр.
Энэ үед бид манайхтай адилхан төсөл байдлаар эхэлж, говийн 5 аймагт жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Говийн эхлэл” ББСБ-тай уулзсан. Бидний араас №002 гэрчилгээг авсан банк бус санхүүгийн байгууллага. Үнэт зүйл, алсын хараа нэгтэй, жижиг дунд бизнесийн салбарт туршлага хуримтлуулсан баг. Манай хоёр байгууллага нийлэх юм бол дутуугаа нөхөөд, илүү том талбарт ажиллах боломжтой юм байна гэж үзээд хамтарч байсан. Ийнхүү 2001 оны 12-р сарын 27-нд тухайн үеийн хамгийн отгон банк “ХасБанк” байгуулагдаж байлаа.
-Та ёстой зоригтойгоор шинэ шинэ төслүүдэд оролцоод явжээ. Анхны болгон дурсамжтай, тэр хэрээр бас сорилт байсан нь мэдээж байх. Хүний нөөцөөр ажиллах болсон нь ч эндээс эхлэлтэй юу?
-Тийм ээ. Хоёр байгууллага нийлж, бичил болон жижиг дунд бизнесийн салбарт бие биеэ бүрэн нөхөх хэмжээний хүчирхэг баг бүрдсэн. Нийлээд Монгол орныхоо 21 аймагт салбартай. Өмнө нь манайх бичил, жижиг дунд бизнесүүдтэй ажилладаг учраас гүйлгээ хийдэггүй байсан л даа. Харин банк болсон учраас теллерээс эхлээд шаардлагатай банкны мэргэжилтнүүдийн эрэлд гарч, ажлын байрны тодорхойлолтыг нь анхлан гаргаад явсан.
Бид шинээр үйл ажиллагаагаа эхэлж байсан учраас бусад банкнаас хүн урвуулалгүйгээр, дөнгөж төгссөн залуусыг голчлон сонгож, эхнээс нь сургаад, өөрсдийн гэх соёлыг бий болгоод явахыг илүүд үзсэн.

-Шинээр хүн авахдаа ямар шалгуур тавьж, юуг илүүтэй чухалчлан үздэг байсан бэ?
-Хувь хүний суралцах чадварыг бид их үнэлдэг. Нэг ажлыг олон жил хийсэн туршлагатай хүнээс илүү цаг үе, нөхцөл байдалд дасан зохицоод, өөрийгөө үргэлж хөгжүүлж, шинэ зүйлд суралцдаг хүнийг илүүд үзнэ. Юмс маш хурдтайгаар өөрчлөгдөж байдаг шүү дээ. Сониуч зантай, суралцахад хэзээ бэлэн байхгүй л бол амархан хоцрогдоно.
Тухайн үед зөв хүнээ олж, ажилд авахын тулд маш их хугацаа зарцуулж, уйгагүй ажилладаг байсан. Ажлын байр цөөхөн учраас зар тавихад хэдэн зуун анкет, хүсэлт ирнэ. Яг хэрэгцээтэй, зөв хүнээ авахын тулд комисс бий болгож, олон шат дамжлагаар үзнэ. Зөвхөн ганцаарчилсан ярилцлага хийхээс гадна бүлгийн ажил хийлгэж, тест авч, бусдын дунд хэрхэн биеэ авч явж, хүнийг сонсож, өөрийнхөө санааг хэрхэн илэрхийлж байгааг нь харна. Өөрийгөө зөвөөр ойлгуулж, бусдын санаа бодлыг сонсоно гэдэг маш чухал чадвар. Ялангуяа банкны салбарт бол багаар ажиллах чадвар сайн байхыг үргэлж шаарддаг.
Зөв хүнээ олж, ажилд авах шийдвэрийг нэг хүн хэзээ ч гаргахгүй гэдэг манай анхнаасаа явж ирсэн бодлого. Хүн л юм хойно ямар нэг bias байж л байдаг. Үнэлдэг хүнийх нь танил, нэг спортын баг дэмждэг, дуртай ном нь ижил, нэг сургууль нэг багшийн шавь байх гэдэг ч юм уу, ямар нэг хамаарал бидний сонголтод нөлөөлөх гээд байдаг. Энэ нь өнгөц, өрөөсгөл шийдвэр гаргахад нөлөөлөх магадлал өндөр учраас комисс гарч, хоорондоо сайн ярилцаж байж эцсийн шийдвэр гаргадаг.
-Ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор бусдаас сонсож байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байв?
-Хүнд ер нь сайн ментор таарна гэдэг маш том завшаан гэдгийг ойлгож авсан. Миний анхны ментор Роберт Кэйтер байв. Надаас маш их асуулт асуудаг байсныг нь санаж байна. Яагаад чи ингэж бодов, юу нөлөөлсөн бэ, энэ талаас нь бодож үзсэн үү, яагаад ингээд үзэж болохгүй гэж гэхчлэн үргэлж асууж, тэр хэрээр зөвлөөд явна. Аливааг олон талаас нь харж, өөрөөсөө болон ментороосоо асуугаад байхаар эргэцүүлж бодно, ярилцах тусам гаргалгаа олдоно. Дээр нь Роберт надад маш их ном өгнө өө. Сүүлдээ түүнийг дуурайгаад гадагшаа явахдаа чемодан дүүрэн ном чирч ирдэг болсон доо (инээв). Маш их уншиж, хоорондоо үргэлж ярилцдаг байсан маань намайг мэргэжилтний хувьд хүмүүжүүлж, хурдан хөгжүүлсэн гэж боддог.
Би жаахан интроверт талдаа хүн. Гэхдээ хөвөн шиг юмыг шингээж авахдаа сайн гэж өөрийгөө боддог. Маш олон чадварлаг удирдлага, ТУЗ-ийн гишүүдтэй ажиллах явцдаа ажлын арга барил, хандлагыг нь хүртэл анзаараад хэрэгтэй ур чадваруудыг нь шингээхийг хичээдэг. Ажил мэргэжлээ урлаг болтол нь эзэмшсэн чадварлаг хүмүүстэй ажиллах боломж олдсондоо би азтай. Манай ТУЗ-ийн хурлууд бол тэр чигтээ амьд сургууль шүү дээ. Дэлхийн олон улсаас ирсэн мэргэжилтнүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, аргумент дэвшүүлэх, маргах, шийдэлд хүрэх нь хүртэл маш өгөөжтэй байдаг даа.
-Таны бодлоор ХасБанкны эргэлтийн цэг болсон үйл явдал хэзээ байсан бэ?
-Эргэлтийн цэг ирэхийг хүлээхгүйгээр өөрсдөө эргүүлдэг байсан нь юм болов уу (инээв). Банк, санхүүгийн байгууллага гэдэг маш олон хүний итгэл, харилцаан дээр суурилсан бизнес. Тийм учраас бид анхнаасаа байнгын бэлтгэлтэй, дараагийн түвшинд өөрсдийгөө болон компаниа хэрхэн бэлдэх вэ, боломжийг яаж бий болгох вэ гэдгийг үргэлж хардаг. Анх банк бус санхүүгийн байгууллагын хууль эрх зүйн орчин байхгүй байхад бид зогсохгүйгээр өөрсдөө бүтцийг нь бий болгоод, системийг нь гардан угсраад эхлүүлж байснаас манай зан чанар хандлага харагдах байх. Харилцагчидтайгаа хамтдаа өсөхийн тулд лизинг, банк, даатгал, брокер гэхчлэн бүтцээр нь бий болгоод санхүүгийн холдинг компани болох ёстой гэж зүтгээд бодит болгож байлаа. Харамсалтай нь хууль эрх зүйн орчны шинэ бодлогоос болоод зөвхөн банкаа үлдээгээд бусдаас нь гарсан. Энэ том системийг угсарч, бий болгохын тулд маш их эрч хүч, цаг хугацаа зарцуулж, тэр хэрээр маш их туршлага хуримтлуулсан болохоор зарим талаар харамсалтай санагддаг.
-Таны хувьд сургалтаас биш практикаас сурсан хамгийн үнэтэй сургамж, арга барил юу вэ?
-Одоог хүртэл би хэдэн мянган хүнтэй ажлын ярилцлага хийсэн болж таарах байх аа. Энэ дунд оноо ч бий, алдсан юм ч бий. Алдаа гаргаснаа мэдвэл эргээд боддог, дүгнэлт хийхийг чухалчилдаг. Ингэснээр дараагийн удаа шийдвэр гаргахдаа алдааг хамгийн бага түвшинд байлгахын тулд системийн хувьд, бодлогын талд юу хийж болох вэ гэдгээ үргэлж харж, бусадтайгаа зөвлөлддөг.
Дээр дурдсанчлан нэг хүн дээр суурилсан шийдвэр хэзээ ч гаргаж болдоггүй гэдгийг энд онцолъё. Жишээ нь, салбарын захиралд шинэ банкир хэрэгтэй боллоо гэхэд зөвхөн өөрийн удирддаг салбарын 10 хүнээс хайж эхэлдэг. Гэтэл манай банк даяар тухайн ажлын байранд бэлтгэгдсэн 100-200 хүн байгаа. Эндээс 20-ыг нь шигшээд, дараагийн шатанд өөрийгөө бэлдэхийг нь санал болгоод сургалтууддаа сууж, заавал үзэх хичээлүүдээ үзээд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд дундаас бид ярилцаад 2-ыг сонговол илүү сайн шийдвэр гаргаж чадна.
-Үеийн ялгаа, жишээ нь GenZ нар ажлын талбарт гараад удирдлагуудаа шоконд оруулж байна гэж сүүлийн үед бид их ярих боллоо. Үнэхээр тийм зөрүүтэй ялгаа танд ажиглагдах юм уу?
-Би тийм үеийн ялгаа, Gen Z, миллениал гэдгийг нэг их тоодоггүй. Сүүлийн үеийн залуус гээд байгаа нөхдүүд миний 20 насандаа хүсдэг байсныг л хэлдэг. Миний хичээл зүтгэлийг хараасай, шударгаар үнэлээсэй, миний хийж байгаа зүйл утга учиртай, зорилготой, нийгэмдээ үр өгөөжтэй байгаасай л гэж хүснэ. Би анх ийм л хүсэлтэй байсан. Одоогийн залуус ч ялгаагүй адилхан. Бид л нас явахаараа залуу байснаа мартчих гээд байдаг юм шиг ээ (инээв). Магадгүй үүнийгээ илэрхийлэх арга барил нь харин ялгаатай байх. Бидний үед илүү дотогшоо, чимээгүй байсан бол одоогийн залуу мэргэжилтнүүд илүү нээлттэй, илэн далангүй, шударга, хурц илэрхийлдэг болсон байх.

-Янз бүрийн ааш зан, ур чадвартай хүмүүсийг компанийн нэг бодлого, зорилгын доор зангидахдаа таны хамгийн эрхэмд тооцдог зүйл юу вэ?
-Манай компани ийм зорилготой, үнэт зүйл, итгэл үнэмшил ийм шүү, бид ийм зүйлийн төлөө зорьж ажиллахдаа тоглоомын дүрэм нь энэ шүү гэдгийг сайн ойлгуулж, байнга сануулж байх нь чухал гэж боддог. Компанийн үнэт зүйл, жанжин шугам бол хөдөлшгүй бат байдаг. Анхнаасаа өөрсдийгөө сайн ойлгуулж, бидний зорилго үнэт зүйл чинийхтэй нийцэж байна уу, цаашдын өсөлт хөгжилд тань хэрэгтэй гэж харж байна уу гэдэг дээр ойлголцоод, нэгдэж байвал хамтдаа цааш алхах нь утга учиртай болж ирнэ.
ХасБанкны хувьд бид санхүүгийн тайлан гарсны дараа, жилийн эхэнд үр дүнгийн хурал зохион байгуулж, бүх ажилчдадаа хамруулан өнгөрсөн жил юунд зорьж ажиллаад ямар үр дүнд хүрсэн бэ, сургамж, боломж юу байв, цаашид юунд чиглэх вэ гэдгээ сайн ойлгуулдаг. Манай захирлууд маш хүчирхэг илтгэлүүд тавьж, хүн нэг бүрд ойлгуулахыг зорьдог. Бүгд нэг мэдээлэлтэй байна гэдэг хамтын зорилгоо хэрэгжүүлэхэд маш чухал. Түүнчлэн улирал бүр онлайнаар хэлэлцүүлэг, илтгэл тавьж жилийн зорилгоо байнга сануулаад явдаг. Ер нь харилцаа хэзээ ч илүүддэггүй шүү дээ. Байнгын ярилцаж, ойлгуулж, сануулж байх нь амжилтын гол үндэс болно. Чи түрүүн Gen Z гэж асуусан, тэд чинь тодорхой байдлыг л хүсдэг юм билээ шүү дээ.
Бид орчин цагийн амьдралын хэв маягт тохируулж, ажлын 8 цаг байсныг 7 цаг болгоод гурав дахь жилдээ орж байна. Гүйцэтгэл, ажлын үр дүн адилхан гарч л байвал заавал бидний тогтоосон цагт ир, тар гэх утгагүй. Ажил амьдралынх нь тэнцвэрийг хангах тусам бүтээлч байдал нэмэгддэг гэдгийг өөрсдийн жишээнээсээ олон хардаг. Мэдээж сахилга бат, хариуцлага гэдгийг №1-т тавина шүү гэдгээ анхнаасаа тохирч, маш сайн ойлгуулсан байдаг учраас ажил, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь бага.
-Таны сүүлийн үед өөртөө шинээр бий болгохоор хичээж буй ур чадвар, мэдлэг юу байна вэ?
-Яг одоогийн байдлаар ChatGPT-тэй их найзалж байна даа. Анх энэ мэйлийг засаарай, энэ тайланг хараад өг гэхчлэн редактор маягаар ашигладаг байсан бол одоо улам бүр утга учиртай, хэрэгтэйгээр яаж ашиглаж “төгс хамтрагч”-аа болгох вэ гэдэгт туршиж, судалж байна. Сүүлийн үед “хамтрагч”-ийн маань монгол хэл их сайжраад байгаа шүү бас.
-ХасБанкны түүхийн эхлэлээс өдийг хүртэл та хамт байжээ. Энэ зуур өдийг хүртэл өөрчлөгдөөгүй, үнэт зүйл, дотоод хүч гэвэл юуг нэрлэх бол?
-Бид багаар ажиллаж, хамтын шийдвэр гаргаж, хамтдаа урагшилдаг. Хувь тоглогч, “single player”-үүдийг бид анхнаасаа авдаггүй. Хэчнээн мундаг мэргэжилтэн, супер од байлаа гээд багийн дэмжлэг, хамтын хандлагагүйгээр бид тогтвортой, удаан хугацаанд оршин тогтнож чадахгүй. Компаниудыг хөндлөнгөөс ажиглахад захирал нь гарахад бүтэн багаараа дагаад явах, ажлаас гарах тохиолдол их харагддаг. Надад маш хайран санагддаг. Манай банкны түүхэнд маш сайн удирдагч, лидерүүд зөндөө л бий. Гэхдээ бид багаараа ажилладаг. ХасБанк гаднаас захирал томилдоггүй гэдгийг салбарынхан маань сайн мэдэх байх. Дотроосоо үе шаттайгаар бэлтгэгдээд, дэвшээд явдаг нь Хасбанкны нэг том соёл.
Ер нь бол шинэ зүйлд мэдрэг, сониуч, нөхцөл байдалд тохируулж зөв шийдвэр гаргаж чаддаг гэдэг бол ХасБанкны соёлын чухал хэсэг. Дээр нь уян хатан байж, хүмүүсээ сонсож, байнга хөгжүүлж, хүн төвтэй шийдвэр гаргаж, бодит боломжуудыг олгож дэмжихийг эрхэмлэдэг. Гэхдээ тодорхой зарчмууд дээр хэзээ ч буулт хийдэггүй, чанга байж чаддаг. Жишээ нь, хулгай хахууль зэрэгт бид үл тэвчих бодлоготой буюу өршөөдөггүй. Үнийн дүнгийн их бага гэлтгүйгээр хайр, найргүй халдаг. Сахилга бат, хариуцлага гэдгийг №1 хэмээн үзэж, эхний өдрөөс сургадаг.
-Хүнийг танина, хүнтэй ажиллана гэдэг ер нь хэр хэцүү ажил вэ?
-Хүнийг сайн яриулна, сонсоно гэдэг их чухал. Урьдчилж, өнгөцөөр хүнийг дүгнэх осолтой. Хэрвээ ажлын ярилцлага хийж байгаа бол 20 хувьд нь оновчтой, хэрэгтэй асуултаа асуугаад 80 хувьд нь яриулах хэрэгтэй. Энэ хүний бодож байгаа нь, логик дараалал нь юу байна вэ, нээлттэй өөрийгөө илэрхийлж байна уу, эсвэл надад тохирох хариултыг хайгаад дороо эргэлдээд байна уу гэдгийг анзаарах чухал. Ялангуяа өмнө нь өөрт нь тохиолдсон үйл явдлыг яриулаад, тухайн асуудлыг шийдэхийн тулд шууд стрессдсэн үү, уйлсан уу, загнасан уу, захирал руугаа гүйж орсон уу, ном уншсан уу, өөрөө хийх гэж үзсэн үү, бусдаас тусламж хүссэн үү гэдгээс мэргэжилтнийг таньж болно. Мэдээж туршлага, гярхай байдал хэрэгтэй.
Ер нь хүний муу талыг харах хамгийн амархан байдаг. Тэр болгонд сатаарахгүйгээр сайн талыг нь олж харж, анзаарна гэдэг л маш чухал чадвар даа.