UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп: Надад ийм Ромын Хамба хэрэггүй

Дональд Трамп: Надад ийм Ромын Хамба хэрэггүй

АНУ-д төрсөн анхны Ромын Хамба Лев XIV албан тушаалдаа очсон цагаасаа л Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг шүүмжилж байлаа, гэхдээ тун болгоомжтой хандаж байв. Харин АНУ, Израилын арми Иранд цохилт өгсний дараа Хамба ламын үг илүү, хатуу ширүүн болж ирсэн билээ.

1985 онд залуу санваартан Роберт Превост буюу одоогийн Хамба ламыг Перуд ажиллаж байхад нь Засгийн газрын эсрэг тэмцэгч зэвсэгт бүлэглэлийнхэн 24 цагийн дотор явахгүй бол ална гэж заналхийлжээ. Айж эмээсэн хуврагууд зугтаж байхад Роберт сүмдээ үлдсэн. Тэр үеэс л Роберт маш шударга, худал хуурмагийн эсрэг дуугүй байж чаддаггүй нэгэн байлаа.  

Иранд халдсаны дараа Лев XIV эв нэгдлийг чухалчилж, гал зогсоохыг уриалж байсан. Гуравдугаар сарын 23-нд агаараас бөмбөгдөх явдлыг бүр мөсөн хориглох ёстой гэж ярьж байлаа. Энэ үед Дональд Трамп өөрийгөө ертөнцийг аврагч мэтээр ярьж эхэлсэн. Харин Хамба лам “Иисус дайн хийж байгаа хүний үгийг сонсдоггүй” гэсэн нь ил тод Трампын эсрэг хандсан хэрэг байлаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгч Трамп “Нэгэн соёл иргэншлийг бүрэн устгана” гэж Ираныг сүрдүүлсний дараа  Хамба лам “Солиорол. Бүхнийг чадна гэж бодож байгаа улс төрчдийг бурхан гэсгээх болно” гэж хэлж байсан юм. Хэл ам хурц Трамп ч дуугүй суусангүй, “Ромын Хамба гадаад бодлого огт ойлгодоггүй хүн. Сулхан Хамба. Иран цөмийн зэвсэгтэй байж болно гэж үздэг Хамба надад хэрэггүй. АНУ-д хар тамхи оруулж, хүн ардыг хорлож байгаа Венесуэлийг өмөөрдөг Хамба хэрэггүй. Ард түмнээс сонгогдсон үүргээ биелүүлж байгаа Ерөнхийлөгчийг шүүмжилдэг Хамба лам надад хэрэггүй. Лев XIV бол америк хүн гэдгээрээ л Ромын Хамба болж чадсан хүн. Надад тэр баярлах ёстой. Намайг Цагаан Ордонд байгаагийн ачаар тэр Ватиканд очиж чадсан. Лев XIV эрүүлээр сэтгэх хэрэгтэй. Улс төрч биш агуу Хамба лам байхыг эрмэлзэх хэрэгтэй” гэж шүүмжилсэн байна.

Ромын Хамба лам бол католик шашны тэргүүн. Насанд хүрсэн америкчуудын 20 хувь нь католик. Энэ нь 53 сая хүн гэсэн үг. Хамба ламтай тэрсэлдээд Трамп дэмжигчдийнхээ нэлээд хэсгийг алдаж байгаа хэрэг биш биз? 2024 оны сонгуулиар цагаан арьст католикуудын ихэнх нь Трампыг дэмжсэн. Харин Латин Америк гаралтай католик шашинтнууд Ардчилсан намын талд байлаа. 2025 оны судалгаагаар америк католик шашинтнуудын 84 хувь нь Лев XIV гэгээнтэнд таатай ханддаг гэсэн дүн гарчээ.

Дональд Трампын дайралт ширүүсэх тусам түүний нэр хүнд католик шашинтны дунд буурсаар байгаа. Учир нь католик шашныхан Хамба ламаа Бурханы элч гэж үздэг тул Хамба ламыг доромжлох нь сүм хийдийг нь доромжилж байгаатай адилхнаар хүлээн авч байна. Тэд Хамба ламаас уучлал гуйхыг шаардсан ч Трамп “Надад уучлал гуйх зүйл байхгүй” гээд татгалзсан.

Өнгөрсөн гуравдугаар сард “NBC News”-ийн хийсэн судалгаагаар нам бус америк сонгогчдын ихэнх хувь нь Трампаас илүү Ромын Хамба ламд таатай байна гэсэн дүн гарсан юм. Харин таагүй хандлагын хувьд католик шашинтнуудын 8 хувь нь Хамба ламд, 53 хувь нь Трампад дургүй гэж хариулжээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна