ОХУ-ын Оренбург хотын захиргаанаас ТҮК буюу Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдаа алс холын Африк тивийн Сенегал улсаас авдаг болжээ. Эхний үед нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд анхны сенегал ажилчид цас хайлахаас өмнө ирж, ажилдаа орсон байна.
Яагаад африк тивээс ажилчин элсүүлсэн шалтгаанаа Оренбург хотын дарга нар хүний нөөцийн хомсдол гэж тайлбарлаж байна. Хотын иргэд цаг агаарын хүнд нөхцөлд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх хүсэлгүй. Тажикстан, Туркменистан зэрэг Төв Азийн орны иргэд ирэхээрээ ажлаа хаяад өөр хот явчихдаг зэрэг олон шалтгаан байна.

Сенегал ажилчид долоо хоногт 6 өдөр 08:00-18:00 цагийн хооронд ажиллана. 55 мянган рублийн цалинтай. Урьд өмнө хэрэгт орж байгаагүй, асуудалгүй сенегалчуудыг ажилд авч байгаа ажээ. Эхлээд тэдэнд ойр зуурын мэргэжлийн хэл зааж, хотын гудамж талбайн цэвэрлэгээнд гаргаж байна. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл бусад хотуудад ч илгээх боломжтой гэнэ.
