Украины цахим спортын “Passion UA” баг “IEM Atlanta 2026” тэмцээнд орох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Мэдүүлэгт багийн эзэн, хөлбөмбөгч Александр Зинченко сэтлгээний тоглогчоор багтсан байна.
“Passion UA” багийн твиттерт “Ноёд, хатагтай нар аа. Александр Зинченко албан ёсоор “IEM Atlanta” тэмцээний багт сэлгээний тамирчнаар багтлаа. Залуу тоглогчид баяр хүргэе” гэж бичсэн байлаа.
29 настай Зинченко Английн хөлбөмбөгийн Премьер лигт тоглож байсан туршлагатай. Өнгөрсөн өвөл Голландын “Аякс” багт нэгдсэн ч гэмтээд хоёрхон тоглолтод л оролцжээ.

2026 онд амжилт тун тааруу байгаа “Passion UA” манай Senzu-г зээлээр авсан ч талууд гэрээгээ цуцалсан. Ингээд манай тамирчны оронд Украины Виктор “sdy” Оружев, Александр Зинченко хоёрыг аваад байна.
“Passion UA” багийн бүрэлдэхүүн
Владислав “Kvem” Король (Украин)
Жонни “JT” Теодосиу (ӨАБНУ)
Ник “nicx” Ли (АНУ)
Сантино “try” Ригал (Аргентин)
Виктор “sdy” Орджев (Украин), зээл
Александр "Zinchenko" Зинченко (Украин);
Тиаан “T.c” Корцен (ӨАБНУ), дасгалжуулагч
Зинченко багийнхаа төлөө “YaLLa Compass Spring 2024 Contenders” тэмцээнд тоглож байсан. Хэдийгээр 1:2 ялагдсан ч Зинченко тун чадмаг байсныг шинжээчид онцолсон байдаг.
“IEM Atlanta 2026” тэмцээн тавдугаар сарын 11-17-нд АНУ-ын Атлантад болно. Шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд 16 баг оролцох юм.
Багийн ахлагч Жони JT яагаад баг нь амжилт тааруу байгааг “Бүрэн дүүрэн бэлтгэл хийж огт чадахгүй байв. Зохион байгуулалтын асуудал их байлаа. Senzu зарим тэмцээнд оролцох боломжгүй байдаг болохоор багаараа хамтдаа бүтэн бэлтгэл хийсэн удаагүй” гэж тайлбарласан байдаг.
