UBLife Logo
Боловсрол

МУБИС, АНУ-ын Конгрессын номын сангууд хамтран ажиллаж эхэллээ

МУБИС, АНУ-ын Конгрессын номын сангууд хамтран ажиллаж эхэллээ

Монгол Улсын боловсролын салбарт нэгэн түүхэн үйл явдал боллоо. Энэ бол өчигдрөөс эхлэн МУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны ном солилцооны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн явдал байлаа. Дэлхийн хамгийн том номын сантай хамтран ажиллана гэдэг манай эрдэмтэн, судлаач, багш оюутнуудын хувьд үнэхээр том шинэ боломж гарч ирж байна гэсэн үг юм.

Хөтөлбөр ёсоор МУБИС-ийн монгол судлаач нарын бүтээлийг Конгрессын номын санд байршуулах, Конгрессын номын сангаас харилцан ном бүтээл авах үндсэн зорилготой.

Энэ өдөр АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын санч, доктор М.Саруул-Эрдэнэ эхний 20 номын багцыг МУБИС-ийн Номын сангийн хамт олонд албан ёсоор хүлээлгэн өгч, уншигч, судлаач олонд танилцууллаа. М.Саруул-Эрдэнэ нь МУБИС-ийн төгсөгч, хэл бичгийн доктор хүн юм.

АНУ-ын Конгрессын номын сан өмнө нь ч Монголоос ном авч байсан ч АНУ-ын шинэ засгийн газрын бодлогоор гадаад орноос ном авах хөрөнгө танагдсан байдаг. Ном авмаар байдаг гэтэл цаанаас хөрөнгө гаргаж өгөхгүй болсон. Тэгвэл Монголын эрдэмтэд, зохиолчид номоо  Конгрессын номын санд үнэ төлбөргүй хадгалуулах, хандивлах сонирхолтой байдаг. Гэхдээ үнэгүй өглөө гээд шууд хамтран ажиллана гэсэн үг биш. Энэ хоёр талыг холбох гүүр нь цаашдаа МУБИС болж өгч байгаа юм. Алс холын АНУ-д ном шууд нисээд очихгүй, бас зардал гарна, гааль, хяналтын асуудал ч бий. Энэ асуудлыг АНУ дахь Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Батбаяр хариуцан ажиллаж байгаа юм. Эхний 99 монгол ном Конгрессын номын санд очоод байгаа бөгөөд ийнхүү албан ёсоор хоёр номын сан солилцооны номын сан болж байгаа юм.

АНУ-ын Конгрессын номын сангаас ирсэн эхний 20 ном нь боловсрол, хүний хөгжил, хиймэл оюун, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлт зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг олон өнцгөөс авч үзсэн, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн чухал эх сурвалжууд байгаа юм.

МУБИС-ийн Төв номын сангийн каталогич Д.Цолмон энэ талаар “АНУ-аас ирсэн бүтээлүүд хүний тархи, сэтгэлгээ, зан үйл, суралцах үйл явц, ирээдүйн технологи, хиймэл оюун ухаан ба нийгмийн харилцаа, дижитал шилжилт, ёс зүй, хариуцлага зэрэг асуудлыг судалсан бүтээлүүд байгаагаараа онцлогтой байна. 20 номын 8-10 нь бага, дунд, дээд, насан туршийн боловсролын ном байгаа. Оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, ирээдүйн ур чадвар, тэр дундаа хиймэл оюун ухааны боловсрол, ёс зүйн ойлголтыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой” гэж ярилаа.  

Мөн энэ үеэр монгол хэл шинжлэлийн доктор, Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын номын сангийн Монгол номын санч М.Саруул-Эрдэнийн монгол судлалтай холбоотой “ЛАРСОН ГҮН: Өгүүлэл, нийтлэл, зургийн цомог” нэртэй түүхэн баримтат номын нээлт боллоо.

Тус бүтээл нь М.Саруул-Эрдэнэ багшийн Ларсон гүнтэй холбоотой хоёр дахь ном бөгөөд 2025 онд Конгрессын номын сангийн архив, цуглуулгад тулгуурлан “Монгол Нэгдсэн Үндэсний Байгууллагад элсэх ёстой” нэртэй бүтээлээ олны хүртээл болгосон юм.

Ларсон гүний зээ охин Виржиниа Харт 2021 онд өвөг эцгийнхээ бүх бичиг баримт, гар бичмэл, гэрэл зураг болон холбогдох материалыг Конгрессын номын санд өгсөн байна. Энэ удаад уг цуглуулгад хадгалагдаж буй сонирхолтой өгүүлэл, нийтлэлүүдээс түүвэрлэн орчуулж, гэрэл зургийн цомгоос нь сонгон эмхэтгэжээ.

Номын өмнөх үгэндээ М.Саруул-Эрдэнэ ““Ийнхүү орчуулж хэвлүүлж байж, тэр нь түүхч нарын ширээн дээр эх сурвалж болон очиж байж, түүхэн дэх үүрэг, гавьяа хийгээд гай нь тодрох буй заа. Тийм ч учраас миний бие номын санч, эх судлаач хүний хувьд ажиллаж байгаа номын сандаа хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт сэлтээс хуваалцах үүднээс эдгээр эхээс сонгон орчуулж, баримтын холбогдолтой зүүлт тайлбарыг үйлдэн хэвлүүлж байна. Судалгаандаа ашиглах, цааш нь тодруулах, дүгнэлт гаргах зэрэг эрхийг мэргэжлийн түүхч нарт даатган үлдээе” хэмээн дурдсан нь сонирхолтой байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...