UBLife Logo
Улс төр

COP17: Нээлтийн өдрийн онцлох 9 үйл явдал

Ub.life
Ub.life
COP17: Нээлтийн өдрийн онцлох 9 үйл явдал

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх тус хурлаар дэлхийн улс орнуудын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх арга зам, сайн туршлагаа хуваалцаж байна. Өнөөдөр COP17-ын албан ёсны нээлтийн арга хэмжээ болж өндөрлөсөн бөгөөд энэ хүрээнд онцлох 8 үйл явдлыг хүргэж байна.

1. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бага хурлыг нээж үг хэлэв

Тэрээр “COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг би онцолмоор байна. COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Монгол Улс энэхүү бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна” хэмээлээ.

2. Арван цахилгаан машин зэрэг цэнэглэх боломжтой “Ногоон өртөө” нээлтээ хийв.

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой “Ногоон өртөө“ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орлоо.

3. COP 17-д 600 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна.

COP17 бага хуралд сайн дурын ажилтнаар оролцох хүсэлтэй 2,000 гаруй залуус хүсэлт гаргаснаас 600 гаруй нь шалгарчээ. Шалгарсан сайн дурын ажилтнууд хурлын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэхээс гадна зочдод мэдээлэл өгөх, танилцуулах, орчуулга хийх зэрэг олон чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

4. Торгоны замын жингийн цувааны төлөөллийг угтан авав.

Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ болон Монгол Улсыг холбосон, 6,000 орчим км замыг туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээрх бодит туршлага хуваалцахын зэрэгцээ малчдын дуу хоолойг дэлхийн түвшний хэлэлцүүлэгт хүргэх зорилготой.

5. Цэнхэр ба ногоон бүс

COP17 бага хурал цэнхэр болон ногоон гэсэн хоёр үндсэн бүсээс бүрдэж байна. Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцүүлэг, уулзалт, бага хурлууд зохион байгуулагдах бол ногоон бүсэд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа, арга хэмжээнүүд өрнөнө.

Ногоон бүсийн үйл ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 18-нд эхлэх бол цэнхэр бүсийн сэдэвчилсэн арга хэмжээнүүд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

6. Өөрсдийн туршлагыг дэлхийд танилцуулах Монголын өргөө

Монгол Улс газрын доройтолтой тэмцэж буй туршлага, бэлчээр, ой, ус, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж буй Монголын павильон Цэнхэр бүсэд байрлаж байна. Өнөөдөр тус павильонд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон түүний хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.

7. Бэлчээрийн асуудал COP17 бага хурлын гол хэлэлцүүлгийн нэг.

Дэлхийн бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн экосистемийг сэргээх, малчдын амьжиргаа болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал COP17-ын хэлэлцүүлгийн чухал хэсэг болж байна.

8. Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч НҮБ-аас ундны усны туслалцаа үзүүлэхийг гуйв.

Тус улсын иргэдийн хувьд борооны усыг цуглуулж, ундны усны хэрэгцээндээ ашиглах нь түгээмэл аж. Гэвч сүүлийн жилүүдэд тус улсад бороо орох магадлал 44 хувиар буурсан нь усны хомсдолыг улам хүндрүүлжээ. Тиймээс далайн усыг цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх, санхүүгийн болон цэвэр усны импортоор дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна.

9. Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд 190 гаруй орны цөлжилт, газрын доройтлын эсрэг хэлэлцээг даргална.

Саудын Араб улсын Риад хотноо болсон COP 16 хурлын даргалагч Саудын Араб улсын гадаад харилцааны сайд Осама Факееха Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хурлын даргалагчийн албан тушаалыг хүлээлгэн өглөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Миний бие энэ чуулганы хурлын даргалагч гэх эрхэм үүргийн дагуу хүндэтгэл, хүн хариуцлагатай хүлээн авч бүх талуудад тэгш хандаж, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстойг гүнээ ухамсарлаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...