UBLife Logo
Newsfeed

Инстаграм | Дэлхий дээрх хамгийн олон дагагчтай 10 амьтан

Инстаграм | Дэлхий дээрх хамгийн олон дагагчтай 10 амьтан

Бид өдөр тутмын амьдралын нэгэн хэсгээ сошиал орчинд хуваалцдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Юу хийснээ, юу идсэнээ, үзсэнээ өдөр бүр хуваалцана. Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтандаа сошиал хаяг нээж, хөгжүүлэх тренд эрчийг авч байна. Өөрсдийн тэжээвэр амьтдын өхөөрдөм хөөрхөн төрхийг олон нийтэд харуулж хуваалцах хүсэл сонирхолтой эзэд маш олон бий. Тэгвэл танд өнөөдөр инстаграм хуудсанд хамгийн олон дагагчтай амьтдын хаягийг танилцуулъя. Сошиал орчин дахь хамгийн нөлөө бүхий амьтдыг хүлээн авна уу.

10. iamlilbub - 2.4 сая дагагч

Энэ муурыг Лил Баб гэдэг. Тэрээр дэлхий дээрх хамгийн алдартай мууруудын нэг байсан. Доод эрүү нь хэт богино тул хэлээ бүтэн амандаа хааж чаддаггүй. Мөн osteopetrosis буюу “гантиг ясны өвчин” гэх ховор өвчтэй байжээ. Судлаачид түүний геномыг судлах зорилгоор хандив цуглуулж, түүний нэрийн бүтээгдэхүүнүүдийг зарж эхэлсэн байдаг. 2013 онд түүний тухай “Lil Bub’s Lil Book: The Extraordinary Life of the Most Amazing Cat on the Planet” ном хүртэл гараад амжсан. Харамсалтай нь тэрээр 2019 онд 8 настайдаа өөд болжээ. Гэхдээ одоо ч түүний инстаграм хаяг хамгийн олон дагагчтай амьтдын хаягт зүй ёсоор багтаж байна.

9. realgrumpycat - 2.5 сая дагагч

Түүний жинхэнэ нэрийг Тардар Соус гэдэг ч интернэт хэрэглэгчид түүнийг Грампи Кэт гэх хочоор нь илүүтэй мэднэ. Тэрээр ууртай мэт төрхөөрөө алдаршсан. Гэвч энэ төрх нь одой өсөлтийн эмгэгээс үүдэлтэй аж. 2012 оны есдүгээр сард түүний эзэн анх Реддит дээр зургийг нь нийтэлснээр алдартай болжээ. Ууртай муурын зургаар олон мийм бүтэж, интернэтэд маш хурдтай тархаж эхэлсэн. Грампи Кэт нь 2019 оны тавдугаар сарын 14-нд шээсний замын халдварын хүндрэлээс болж 7 настайдаа өөд болжээ. Гурван өдрийн дараа түүний үхлийг сошиалаар зарлаж дэлхий даяар олон зуун хүмүүс хүндэтгэл үзүүлэн, уй гашуугаа илэрхийлсэн байдаг.

8. itsdougthepug - 3.4 сая дагагч

Даг Паг нь паг үйлдвэрийн хамгийн олон дагагчтай нохой. Түүнийг 2018 онд Форбес сэтгүүлээс “Хамгийн нөлөө бүхий тэжээвэр амьтан“-аар тодруулж байжээ. 2014 онд эзэн Лесли Мозьер нь түүнд инстаграм хаяг нээж өгснөөр тэрээр олонд танигджээ. Мөн Мозьер “Doug the Pug: The King of Pop Culture” гэх "The New York Times"-ийн бестселлер номыг 2016 онд хэвлүүлсэн байна. Ном гарсны дараа түүний нохой улам л алдартай болж Холливудын алдартнуудтай уулзаж, кино, хөгжмийн наадмын нээлтэд уригдаж, үндэсний хэмжээний сурталчилгаанд хүртэл тоглосон.

7. juniperfoxx - 3.6 сая дагагч

Түүнийг Жунайпер гэдэг. Тэрээр улаан үнэгний төрөл зүйлд багтдаг тэжээвэр үнэг. Яг л хүүхэлдэй шиг өхөөрдөм төрхөөрөө олон нийтийн сүлжээнд алдартай болсон. “Fox living like a house pet” буюу гэрийн тэжээвэр үнэгний амьдрал гэх контент хүмүүсийн анхаарлыг маш их татсан.

6. tuckerbudzyn - 4.3 сая дагагч

Тэрээр юүтүб хуудсанд хошин контентоороо танигдсан "Golden Retriever" үүлдрийн нохой. Түүний эзэн Кортни Бадзин 2018 оноос эхлэн Такертэй хамт бичлэг хийж эхэлсэн. Юүтүб хуудсанд түүний эзэнтэй ярилцаж байгаа мэт дуу оруулсан бичлэгүүд, хоол туршиж байгаа бичлэгүүд сая сая үзэлтийг авч тэрээр интернэтийн од болсон билээ.

5. nala_cat - 4.2 сая дагагч

Нала бол дэлхий дээрх хамгийн олон дагагчтай муур бөгөөд Гиннесийн номд хүртэл бүртгэгдсэн. Тэрээр Tabby гэх үүлдрийн муур ажээ. Амьтны асрамжийн газар 6 сартай байхад нь одоогийн эзэн нь үрчилж авч байв. Түүний эзэн Варисири анхандаа зүгээр л гэр бүл найзууддаа Налаг харуулах гэж түүнд инстаграм хаяг нээж байжээ. Налагийн цэнхэр нүд, өхөөрдөм царай олны анхаарлыг татаж өнөөдрийн байдлаар дэлхий дээрх хамгийн алдартай мууруудын нэг болоод байна.

4. simonscatofficial - 6.1 сая дагагч

Саймонс Кэт нь бодит муур биш бөгөөд анимейшны дүр юм. Тус цуврал нь 2008 онд энгийн л хар цагаан анимейшн байсан бөгөөд зөвхөн юүтүб хуудсаар л цацагддаг байсан. Цувралд тэжээвэр муурын өдөр тутмын зан авирыг бодитой, хөгжилтэй байдлаар дүрсэлсэн нь олон үзэгчдийн анхаарлыг татжээ.

3. thedogist - 7.5 сая дагагч

Тус хаяг нь зөвхөн нохойны тухай фото сурвалжилга хийдэг инстаграм хаяг. Нохой бүрийн өөрийн гэсэн зан чанарыг гэдгийг гэрэл зургаар харуулахыг зорьжээ. Гудамж, парк гээд л гадаа орчинд нохойны зургийг дарж түүний талаарх богино түүхийг мөн өгүүлэх бичлэгүүдээрээ алдартай.

2. catloversclub - 7.8 сая дагагч

Cat Lovers Club нь дэлхий даяарх муурт хайртай хүмүүсийн томоохон нийгэмлэг болсон хаяг юм. Тус хаяг дээр олон олон хүмүүс муурын мийм, хөгжилтэй бичлэгийг илгээж нийтэлдэг гэнэ. Та ч бас хайртай муурынхаа хөөрхөн зургийг тус хаяг руу илгээж нийтлүүлэх боломжтой.

1. jiffpom - 8.5 сая дагагч

Жиффпом бол дэлхийн хамгийн алдартай жижиг үүлдрийн нохой. Тэрээр померан гэх үүлдрийн нохой аж. Тоглоом шиг харагддаг хөөрхөн төрхөөрөө интернэт орчинд алдартай болсон. Жиффпом хоёр хөл дээрээ явахдаа маш сайн бөгөөд Guinness World Records-д 10 метр зайнд хоёр хөл дээрээ хамгийн хурдан гүйсэн нохой хэмээн бүртгэгдсэн. Одоогийн байдлаар тэрээр Холливудын маш олон брэндүүдтэй хамтарч зургаа даруулж, богино бичлэг хийж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...