UBLife Logo
Сэтгэл судлал

Хэн нэгэн танд аюултайгаар донтсоныг илтгэх сэтгэлзүйн 10 шинж

Хэн нэгэн танд аюултайгаар донтсоныг илтгэх сэтгэлзүйн 10 шинж

Эхэн үедээ бид хайр ба хэт авталт/донтолт (obsession) хоорондын ялгааг бараг анзаардаггүй. Байнгын анхаарал, тасралтгүй холбоо барих, зөвхөн танд төвлөрсөн мэт харагдах нэгэн романтик санагдаж болно. Гэвч сэтгэл судлалын үүднээс харахад жинхэнэ хайр аюулгүй мэдрэмж төрүүлдэг бол хэт авталт таныг байнгын дарамт дунд байгаа мэт санагдуулна.

Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар дараах 10 шинж нь хэн нэгний мэдрэмж энгийн татагдлаас давж, эрсдэлтэй түвшний хэт авталт болж хувирсныг илтгэж болзошгүй аж.


1. Тэд таныг найз нөхөд, дэмжлэгийн хүрээллээс аажмаар тусгаарлаж эхэлдэг

Энэ нь ихэвчлэн маш үл мэдэг эхэлдэг. “Тэр найз чинь чамд тийм ч сайн нөлөөтэй хүн биш шүү” эсвэл “Чи надтай байхын оронд яагаад үргэлж өөр хүмүүстэй уулздаг юм?” гэх мэт тайлбарууд давтагдана.

Удалгүй та өөрийн эрхгүй бусадтай харилцахаа багасгаж эхэлдэг. Учир нь тэдэнтэй уулзах бүрд маргаан, дарамт үүсдэг болсон байдаг. Сэтгэл судлалын хувьд тусгаарлалт бол хэт авталтын хамгийн эхний алхамуудын нэг. Учир нь ганцаардсан хүнийг удирдах илүү амар байдаг.

2. Таныг холдох үед “гэнэтийн асуудал” байнга гарч ирдэг

Та зай барих гэж оролдох мөчид сэтгэл санааны хямрал, гэнэтийн эрүүл мэндийн асуудал, “яаралтай” нөхцөл байдал гэнэт үүсдэг үү? Хэт автсан хүмүүс заримдаа бодит эсвэл хэтрүүлсэн хямралыг ашиглан хүнийг өөртөө ойр байлгахыг оролддог. Энэ нь өрөвдөх сэтгэлийг ашигласан хяналтын механизм болж хувирдаг.

Өөрөөр хэлбэл “Одоо намайг орхиод явбал чи маш муухай хүн болно” гэсэн далд мессежийг өгч байдаг.

3. Хайр нь гэнэт уур хилэн болж хувирдаг

Эрүүл харилцаанд хүн хүссэн зүйлээ авч чадахгүй үедээ таны эсрэг дайсагнадаггүй.

Харин хэт авталттай хүн магтаалаас доромжлол руу, халамжаас уур хилэн рүү маш хурдан шилждэг. Учир нь хэт авталт нь хайр биш, эзэмших хүсэл дээр суурилсан байдаг.

4. Тэд заналхийлэл ашиглаж эхэлдэг

“Чамгүйгээр би амьдарч чадахгүй.”, “Чи явбал би яаж ч магадгүй.”, “Чи намайг ийм байдалд хүргэж байна.”

Ийм үгс анх сонсоход романтик эсвэл эмзэг мэт санагдаж болох ч үнэндээ сэтгэлзүйн дарамтын хэлбэр байж болно. Мэргэжилтнүүдийн хэлснээр ийм төрлийн заналхийлэл тухайн хүнийг үлдэхэд шахах хэрэгсэл болж хувирвал энэ нь ноцтой дохио юм.

5. Харилцаа дууссаныг хүлээн зөвшөөрдөггүй

Салсны дараа тасалсан холбоог үл тоох, “түр зуурын уур” гэж үзэх, байнга эргэж буцаж ятгах хандлага ажиглагддаг. Таны “үгүй” гэсэн шийдвэрийг хүндэтгэхгүй байх нь үнэнч хайр биш, харин таны бие даасан байдлыг үл хүндэтгэж буйн шинж гэж сэтгэл судлаачид үздэг.

6. Урилгагүйгээр дахин дахин гарч ирдэг

Гэрт тань, ажлын газар, найзуудтай уулзаж буй орчинд тань санамсаргүй мэт гарч ирэх нь нэг хоёр удаа бол тохиолдол байж болно.

Гэхдээ байнга таарах, хэлээгүй байхад байршлыг тань мэдэх, “гэнэт” ирэх явдал давтагдвал энэ нь заагийг үл хүндэтгэж буйн шинж байж болно.

7. Онлайн амьдралыг тань хэт хянадаг

Таны лайк дарсан зүйл, стори, пост, сэтгэгдэл бүрийг мэддэг үү? Тэр бүү хэл та өөрт нь хэлээгүй мэдээллийг мэддэг бол энэ нь санаа зовоох дохио байж болно. Хүндэрсэн тохиолдолд аккаунт руу зөвшөөрөлгүй нэвтрэх, байршил хянах хүртэл асуудал үүсдэг. Сэтгэл судлалд үүнийг дижитал хяналт гэж нэрлэдэг.

8. Та хоёрын түүхийг “дахин зохиодог”

Хэт автсан хүн харилцаагаа бодитоос илүү гүн гүнзгий, онцгой мэтээр дүрслэх нь элбэг.

Жишээ нь “Бидний холбоо бусдаас өөр байсан” эсвэл “Чи ч гэсэн намайг ингэж хайрлаж байсан” гэх мэтээр бодит байдлыг өөрчлөн ярьж эхэлдэг. Энэ нь дурсамж биш, харин өөрийн оршихуйг зөвтгөх түүх бүтээж буй хэлбэр байж болзошгүй.

9. Таны эмзэг талыг таны эсрэг ашигладаг

Итгэл хүлээж ярьсан айдас, эмзэглэл, өмнөх шарх, гэр бүлийн асуудал маргааны үед эсвэл холдох үед тань таны эсрэг ашиглагдаж эхэлдэг. Энэ нь хамгийн хор хөнөөлтэй сэтгэлзүйн зан төлвүүдийн нэг гэж үздэг. Учир нь ойр дотно байдал зэвсэг болж хувирч буй хэрэг.

10. Дотроо “ямар нэг зүйл буруу байна” гэж мэдэрч эхэлдэг

Сэтгэл судлал хүний зөн совинг чухал мэдээлэл гэж үздэг. Хэрэв та тухайн хүнтэй уулзсаны дараа түгшсэн, заналхийлэгдэж, хянагдаж буй мэт, тайлбарлаж чадахгүй айдастай мэдрэмж авдаг бол үүнийг үл тоож болохгүй. Учир нь заримдаа тархи аюулыг ухаанаас түрүүлж мэдэрдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...