Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Н.Оюундарь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Володимир Зеленський Элчин сайд Н.Оюундарьд Украин Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай Протоколд 1992 оны 1 дүгээр сарын 21-нд талууд гарын үсэг зурсан бөгөөд ирэх 2027 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиох юм.

Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Володимир Олександрович Зеленський “Таны үүрэгт хугацаанд манай хоёр орон ажил төрлийн харилцаагаа зохицуулах боломж гарч ирнэ гэж найдаж байна. Хэрэв Монгол Улс Киевт ЭСЯ-аа нээхээр шийдвэл бид их баяртай байх болно” гэж мэдэгдлээ.
Владимир Зеленский багадаа Монголд дөрвөн жил амьдарсан. Харин Аав нь Эрдэнэт үйлдвэрт 20 жил ажилласан хүн билээ.
