Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа олон улсын албан ёсны нөхөрсөг тоглолтуудыг хийхээр бэлтгэлээ хангаад байна. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Өдрүүдээр (FIFA DAYS) Монголын шигшээ баг хоёр нөхөрсөг тоглолтыг хийх юм.

2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19.30 цагаас Сингапур улсын шигшээ багтай, 6 дугаар сарын 5-ны өдөр 20:00 цагаас Хонконгийн шигшээ багтай тус тус тоглолт хийхээр төлөвлөж байна. Эдгээр тоглолтууд нь багийн бэлтгэл, тоглолтын зохион байгуулалт, шинэ бүрэлдэхүүний уялдаа холбоог шалгах чухал ач холбогдолтой.

Багийн бүрэлдэхүүнд гадаадын лигүүдэд тоглож буй 4 тоглогч дуудагдсан бөгөөд залуу, ирээдүйтэй тамирчид болон туршлагатай тоглогчдын тэнцвэртэй хослолыг бүрдүүлээд байна. Энэ нь багийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд илүү үр дүнтэй тоглох зорилготой юм. Түүнчлэн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Итали улсын мэргэжилтэн, UEFA Pro зэрэглэлтэй дасгалжуулагч Марко Ражини томилогдон ажиллаж байгаа бөгөөд багийн тактик, тоглолтын хэв маягт шинэчлэл авчрах, тоглогчдын ур чадварыг шинэ түвшинд гаргахад анхаарч байна.
Монголын шигшээ баг
Хаалгач: А.Сайханчулуун, Э.Ган-Эрдэнэ
Хамгаалагч: Филип Андерсен Чинзориг, Г.Дөлгөөн, О.Мөнх-Оргил, Н.Хашчулуун, Г.Бат-Оргил, О.Энх-Оргил, Ж.Цогт-Очир, А.Дөлгөөн
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш, П.Энхбилэг, Т.Мөнхбаатар, У.Тэмүүлэн, Г.Ганбаяр, Б.Хабул, М.Батхишиг
Довтлогч: О.Мижиддорж, Б.Бат-Од, Г.Төгөлдөр, З.Тэмүүлэн
