UBLife Logo
Фото

Фото сурвалжилга | ҮЛДЭХ ЗОРИГ улам тодорсон үдэш

Фото сурвалжилга | ҮЛДЭХ ЗОРИГ улам тодорсон үдэш

Ub.life-ийн редакцаас энэ удаад Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсны тухай, түүний хувь хүн, хүсэл тэмүүлэл, үйл хэргийн тухай дурсамж дүүрэн өгүүлэх “Үлдэх Зориг” баримтат киноны уран бүтээлчдийг “Behind the Scenes” арга хэмжээндээ урилаа. Тус киноны продюсер, сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг болон найруулагч, редактор уран бүтээлийн багийнхан лхагва гарагийн орой үзэгч, уншигчидтайгаа нээлттэй ярилцаж, кино хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой яриаг хуваалцсаныг фото сурвалжилгаараа хүргэж байна.


Уран бүтээлчид киног бүтээхдээ ямар зорилго тавьж, юуг мэдэрч байснаа илэн далангүй хуваалцлаа.

“Үлдэх Зориг” киноны продюсер, сэтгүүлч Б.Оюунчимэг “Энэ киног би хийх ёстой гэдгээ удаан хугацаанд бодож, мэдэрч байв. Миний гол эмзэглэл бол өнгөрсөн хугацаанд монголчууд бид гэмт хэрэг, аллагын тухай л ярьсаар ирсэн. Харин С.Зориг гэж яг хэн байв гэх бүдгэрсэн тэр түүхийг тодруулж гаргаж ирэх, аллагын тухай биш хүний тухай ярихыг энэ кинондоо хичээлээ.

Киног хийхээс ч өмнө, хийж байх үед ч үүнийг бодож, хичээх тусам шаналж байлаа. Гэсэн ч би л хийх ёстой мэт бодож олон жил явсан. Түүнийг хэн байсныг, хүнийх нь хувьд огт ярихаа больсонд гомдол төрөөд байсан л даа. С.Зориг гэж ямар хүн, ямар багш, ямар үйл хэрэгтэй хүн байсныг илүү таниулахын тулд өөрт байсан ярилцлага, бусад эх сурвалж дээрээ тулгуурлаад багийнхантайгаа ярилцаж, жил гаруй ажилласны дүнд “Үлдэх Зориг” киног бүтээлээ.

Баримтат кино хийгээд би С.Зоригийг дахин олж харлаа. Түүнийг би мэддэг байсан боловч кино хийснийхээ дараа С.Зориг энгийн нэг улс төрч биш байсныг улам илүү ойлгосон. Мэдлэг, мэдээлэл хязгаарлагдмал байсан тэр цаг үед тэрбээр өнөөдөр ч өрнөж буй улс төр, нийгмийн тогтолцооны талаар ихийг тунгааж, ойлгож, бичиж, ярьж байсан нь философич буюу сэтгэгч хүн байж шүү дээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэв.

“Үлдэх Зориг“ киноны редактор, сэтгүүлч Д.Туул “Миний хувьд С.Зориг агсныг зоригтой, манлайлагч хүн байсныг мэдэж байгаа боловч хэлсэн үг бүрийг нь сонсоод эвлүүлэг хийгээд ажиллаж байхад миний хүүтэй чацуу хорин хэдхэн настай залуу хүн ингэж гүнзгий бодож байж, чаддаг юм байна гэдгийг харж гайхаж байлаа. Хэл ярианы хувьд ч маш цэгцтэй, ямар ч сул үггүй, бүтэн агуулгаар ярьдаг нь түүний бодол ч бас хэр цэгцтэй вэ гэдгийг харуулдаг. Үүнээс харвал хүн сайн боловсрол олж аваад, түүнийгээ боловсруулж, тунгаах аваас нас залуу гэлтгүй ур чадвартай, их үйлийг эхлүүлж болох юм байна гэж бодсон” гэлээ.

Уг киноны нэрийг өгөх гэж маш олон хувилбар дэвшүүлж, ярилцаад тохирч чадахгүй байж. Харин жирийн нэгэн өдөр редактор Д.Туул галын өрөөнд зогсож байхдаа “Үлдэх Зориг“ гэсэн нэрийг бодож олсон хөгжилтэй түүхээ ч дэлгэсэн. Гэхдээ мэдээж тэр мөч хүртэл асар их судалгаа, эргэцүүлэл, хэлэлцүүлэг өрнөснийг хэлж байлаа. Тэр дундаа яруу найрагч Б.Батзаяагийн шүлгийн номууд сэдэл өгч, тэр дундаас “Надаас нэг ах хүнд” шүлэг нь киноны гол шугам болсныг үзэгч та бүхэн анзаарсан биз ээ.

"Үлдэх Зориг" киноны найруулагч Л.Ариунжаргал “Бид кино хийж эхлэхдээ л улс төржсөн агуулга огт ярихгүйг зорьсон. Киногоо бидний үр хүүхэд, дараа үеийнхэн, залуустаа зориулж С.Зориг гэж хүнийг хүнээр нь, бүтнээр нь үлдээхийг эрмэлзсэн. Энэ зорилготой минь Б.Батзаяагийн шүлэг ч яв цав нийцсэн. Киноны трэйлэрт шүлгийн үгс нэг, нэгээр хасагдсаар эцэстээ “байжээ” гэх үг л үлддэг. Харин кино үүний эсрэгээр буюу “байжээ” гэж эхлээд үгс аажим нэмэгдсээр шүлэг бүтэн болоод дуусдаг. Энэ бол залуустаа С.Зоригийг хүнийх нь хувьд бүтэн өгүүлээд таниулж байгааг илэрхийлж буй” гэсэн юм.

“Behind the Scenes” арга хэмжээг “Зориг сан”-тай хамтран зохион байгуулсан бөгөөд С.Зориг агсны ар гэрийнхэн зорин ирсэн. Энэ үеэр түүний дүү С.Оюун сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр “Зориг ах минь бидний гэр бүл, дотнын хүнээс гадна Монголын олон түмний хүү байсан. Б.Оюунчимэг маань уран бүтээлчийн хувьд төдийгүй найз нөхрийн хувьд энэхүү киног хийсэндаа баяртай байна гэдгээ дурьдлаа. Гэр бүлийнхэн бидний хувьд ч энэ киног үзээд маш их баярласнаа илэрхийлье.

Б.Оюунчимэг кино хийх санал анх гаргаж, бидэнтэй холбогдоход нь баяртай хүлээж авсан. Энэ ажилд маш их хөдөлмөр зарцуулахаас гадна асар их сэтгэл, зүтгэл гарч байж үзэгчдийн хүртээл болжээ. Олон ч үзэгч, тэр дундаа залуучууд урам зориг авч, итгэл найдвар мэдэрлээ гэж ярьж, бичиж байгаад маш их баяртай байгаа. Учир нь, 1998 оноос хойшхи мэдээ, мэдээлэл дандаа харамсалтай хэргийн талаар байдаг учраас тухайн үед төрсөн хүүхэд жишээлбэл 30-аад нас хүртлээ ахыг минь яг хэн байсныг мэдэх боломж байгаагүй юм билээ.

Үзэгчдийг, залуусыг кино багийнхантай уулзах завшаан, боломжийг олгосон Ub.Life сайтын хамт олонд баярлалаа” гэв.

“Үлдэх Зориг” кино зохиолыг 650 хуудсаас танасаар 31 хуудас болгон үзэгчдийн хүртээл болгосон нь ямар их ажил өрнөснийг илтгэх биз ээ. Энэ үеэр арга хэмжээнд оролцсон хүмүүс киног үзээд хэрхэн хүлээн авч, ямар сэтгэгдэл төрсөн тухай болон кино багийнхнаас тодруулах зүйлсээ асуун, халуун дотноор ярилцсан юм.

Мөн зочин яруу найрагч Б.Батзаяа оролцож, “Надаас нэг ах хүнд” шүлгээ толилуулж, утга зохиол судлаач У.Бямбаням С.Зориг агсны дүү С.Оюундаа бичсэн захидлыг дуудан уншиж өгсөн нь арга хэмжээний уур амьсгалыг илүү өрнүүн болголоо.

Мөн “Behind the Scenes” арга хэмжээнд оролцогчид нэгэн сонирхолтой түүхийн гэрч болсон. С.Зориг агсны амиа алдсан мэдээг сонссон 10 настай Ч.Очгэрэл тухайн үед ихэд харуусан, шүлэг бичиж байсан аж. Уг шүлгийг түүний ээж С.Зориг агсны хаягаар илгээснээр жилийн дараа дүү С.Оюунаас нь хариу захидал ирсэн байна.

Энэ дурсамжийнхаа тухай жүжигчин, дуучин Ч.Очгэрэл “Хэдхэн хоногийн өмнө утсаа автал сэтгүүлч Б.Оюунчимэг эгч “Очгэрэлээ, чи 27 жилийн өмнө Зориг агсанд захидал бичиж байсан уу” гэж асуув. Хэзээ ч олон нийтэд хүрнэ гэж бодоогүй тэр шүлэг маань архивт үлдээд өнөөдөр энэ тухай ярьж байгаа минь сонирхолтой.

Миний хувьд 1998 оны аравдугаар сарын 3-ны өглөө шөнө мэт өглөө байсан гэж болно. Тэр өглөөний мэдээг үзсэнээс хойш би тал хувиараа хүүхэд биш болсон. Амьдралд цагаанаас илүү хар бараан, миний төсөөлсөн сайхан хүмүүсээс гадна муу хүмүүс байдаг юм байна гэж анх удаа бодож байв. Тэгээд л шүлэг бичиж, захидал илгээсэн юм. Түүнийг ээж минь явуулахдаа хүүхэд хүртэл ингэж харуусаж байгааг мэдээсэй гэсэндээ зургийг минь хийсэн юм билээ. Тэр зургаа сая харлаа.

С.Оюун эгчээс захидлын маань хариу 1999 оны тавдугаар сарын 5-нд хичээлтэй байхад ирж, Оролмаа багш маань гардуулж өгч байсан түүхтэй. Хүүхдийг бага залуу гэлгүй хариу илгээж, ёс суртахуунтай хандаж байсан С.Оюун танд баярлалаа. Энэ олон жилийн дараа шүлгээ, зургаа хараад энэ арга хэмжээнд ирсэндээ баяртай байна” гэж хэлээд зочдод шүлгээ уншиж танилцууллаа.

“Намайг Очгэрэл гэдэг. Би “Ирээдүй” цогцолборын 3г ангид сурдаг. Би Зориг ахад зориулж, ийм нэг шүлэг 1998 оны аравдугаар сарын 5-нд бичсэн юм.

Халуун дотно хүнээ

Харамсалтайгаар алдав

Хамж, шимж байж

Хамаг учрыг олно доо

Хайрын дотно хүнээ

Хайр найргүй алдав

Хоромхон энэ агшинд

Зориг орчлонг орхив

Ард түмэнд минь бишрэгдсэн

Аавын хүүгээ алдав

Алдаагаа засъя гэсэн ч тэр хүмүүсийг

Амь гаргахгүй дээ

Харж л байгаарай, та нар” хэмээн уншлаа.

“Behind the Scenes” арга хэмжээний төгсгөлд С.Зориг агсны тухай хэн сайн мэдэх вэ quiz явуулж, зочид чөлөөт ярилцлага хийж, зургаа татуулж, нэгэн үдшийг дурсамж дурдатгал дүүрэн өнгөрүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...