UBLife Logo
Newsfeed
Фото сурвалжилга | Сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх “Үлдэх гэрэл” медиа арт үзэсгэлэн

Фото сурвалжилга | Сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх “Үлдэх гэрэл” медиа арт үзэсгэлэн

Уран бүтээлч Х.Сүрэн (Suzy)-гийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “After Glow” буюу “Үлдэх гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Түүний энэ удаагийн үзэсгэлэн нь медиа арт болон, текстилийн урлагийг нэгтгэснээрээ тун онцлог болжээ. Тэрээр их сургуульд суралцаж байхдаа текстайл урлагийг анхлан эзэмшжээ. Тиймээс түүний дипломын ажил ч мөн текстайл арттай холбоотой байв. Ийнхүү тэрээр 10 орчим жилийн дараа өөрийн үндсэн мэргэжил болох зураасан зургийг текстайл урлагтай хослуулан, дөрөв дэх үзэсгэлэнгээ олонд толилууллаа.

“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнд багтсан “Хараацай” хэмээх медиа арт бүтээлээ тэрээр энэ жилийн үзэсгэлэнгийнхээ голлох бүтээл болгожээ. “Хараацай” бүтээлээрээ тэр үзэгчдэд амар амгалан мэдрэмж төрүүлэхийг зорьсон бөгөөд аавынхаа кассетанд хадгалсан эмээ, өвөөгийнхөө яриаг өөрийн цуглуулсан хараацайн аялгуутай хоршуулан бүтээлдээ шингээсэн байдаг.

Харин энэ жил тэрээр уг дуу авиа, айзмыг илүү цогц хэлбэрийн аялгуу болгон хөгжүүлж, өөрийн медиа бүтээлтэй нэгтгэхийг зорьжээ. Ийнхүү хөгжмийн зохиолч З.Мөнх-Өлзийтэй хамтран бүтээлд нь төгс нийцэх саунд арт бүтээж, үзэгчдэд илүү гүн мэдрэмж төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

Үзэсгэлэнд нийтдээ цэнхэр, цагаан өнгө зонхилно. Учир нь үзэсгэлэнгийн ихэнх бүтээлд Японы уламжлалт “shibori” гэх техникийг ашиглажээ. “Shibori”-д индиго хэмээх байгалийн будгийг хэрэглэдэг бөгөөд энэ нь ургамлаас гарган авдаг хөх өнгийн будаг юм. Индиго будаг нь ургамлыг хатааж, нунтаглан боловсруулж, тодорхой аргаар исгэж бэлтгэдэг аж.

“Индиго тун сонирхолтой. Эхлээд даавуугаа будахад ногоон өнгөтэй байдаг. Хэсэг хугацааны дараа агаартай исэлдэж ногоон өнгө нь цэнхэр болон хувирдаг. Надад энэ үйл явц ид шидийн мэт мэдрэмж өгдөг” хэмээн уран бүтээлч Х.Сүрэн онцолж байв.

Үзэсгэлэнгийн даавуу бүр дээр давтагдашгүй, олон төрлийн хээ гарчээ. Эдгээр хээг гараар шууд зурах бус, даавууг нугалах, мөн резин зэрэг туслах материалуудыг ашиглан нарийн тооцооллын үндсэн дээр бүтээдэг байна.

“Үлдэх гэрэл” үзэсгэлэн “Red Ger Gallery”-д зургаадугаар сарын 20-ныг хүртэл дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэнгээр зочлон хэсэг зуур саатан, нүд болон сэтгэлээ амраахыг урьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...