Их аварга Хакүхогийн удирдаж байсан Миягино дэвжээг Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс бүр мөсөн хаах шийдвэр гаргасан. 2024 оны дөрөвдүгээр сард Хокүсэйхогийн хэргээр Миягино дэвжээ хаагдаж, бөхчүүд нь Исэгахама дэвжээнд түр зуур шилжиж байсан билээ. Холбооноос энэхүү түр зуур шилжилтийг цуцалсан тул бөхчүүд нь Исэгахама дэвжээний бөх болж байгаа юм.
Энэ шийдвэр Сүмо холбоо дотор ч, барилдаж байсан ахмад бөхчүүдийн дунд ч маш их шүүмжлэл хүлээж байгаа юм. Учир нь өнгөрсөн Зуны тэмцээнд буюу тавдугаар сард хуучин Миягино дэвжээний бөх Энхо 3 жилийн дараа жюүрёод дэвшиж, цолтой бөх болж чадсан. Ингэснээр тэр “Жюүрёо, макүүчи зиндаанд доод тал нь 30 башё барилдсан бөх ояката болох эрхтэй” гэж заасан дүрмийг хангасан билээ. Одоо Миягино оякатагийн нэрийг зээмшиж байгаа ёкозүна асан Асахифүжи хэвлэлийн бага хурал дээр “Миягино нэрийг би хуучин Миягино дэвжээнээс ояката болох эрх биелүүлсэн бөх гарвал шилжүүлэн өгнө” гэж хэлж байсан билээ.

За ингээд Энхо ояката болох эрхтэй болж, бөх сонирхогчид Миягино дэвжээг дахин харах нь гэж баярлан хүлээж байтал Сүмо бөхийн холбоо гэнэтийн шийдвэр гаргасан юм. Холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс “Миягино дэвжээ хаагдсанаас хойш 2 жил өнгөрсөн. Хакүхо ч холбооноос гараад 1 жил болж байна. Миягино дэвжээг сэргээх, авах гэсэн хүсэлт холбоонд ирэхгүй байгаа тул энэ дэвжээг хаах шийдвэрийг олонхын саналаар гаргалаа” гэжээ. Харин Энхо эрхээ аваад хүсэлтээ гаргах нь цаг хугацааны асуудал байсныг бүгд мэднэ.
Сүмо бөхийн холбоо ч үүнийг мэдэж байсан тул яарч сандран, Миягино дэвжээг хаах шийдвэр гаргаад “Миягино дэвжээ бүрэн хаагдсан тул хэн нэг нь авч болохгүй. Харин шинэ дэвжээ байгуулахыг хүссэн хүн “Ёкозүна, озэки цол хүртсэн байх, санякүд 25 башё, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан байх ёстой” гэсэн дүрмийн заалтыг хангасан байх шаардлагатай” гэж мэдэгдлээ. Гэмтлээс эргэн ирсэн Энхо битгий хэл хэр баргийн бөх давахгүй заалт.

Энэ мэдэгдлийг гаргахынхаа өмнө Миягино дэвээнд байсан бөхчүүд, ояката нарт огт мэдэгдээгүй нь гайхалтай. Хакүхо, Энхо ч тэр, одоо Исэгахама дэвжээнд байгаа Магаки ояката буюу Хакүхогийн шавь Ишиүрад ч хэлсэнгүй. Тэд бүгд дэвжээ нь бүр мөсөн хаагдсаныг сонингоос олж мэджээ. Уг нь Энхо, Ишиүра хоёр Миягино дэвжээгээ тусгаарлаад аваад явах байлаа. Харин ёкозүна асан Асахифүжи гэгч этгээд Миягино оякатагийн эрхийг өгөхийг хүссэнгүй.
Сүмо холбооны нэгэн ояката хэвлэлд ярилцлага өгөхдөө “Яг Энхог ояката болох эрхээ хангангуут нь ийм шийдвэр гаргалаа. Албаар санаатайгаар доромжилж, унтрааж байгаа хэрэг. Арай хэтэрхий хөгийн шийдвэр” гэж хэлсэн байна.
Хакүхогийн цуглуулсан шавь нар, алс хол хөдөө нутагт нь очиж байж авсан шавь ч бий. Тэр зардал, дэвжээний барилга, Миягино оякатагийн эрх, хөрөнгө мөнгө биш гэхэд Хакүхогийн олон жилийн зүрх сэтгэл, хөдөлмөрийг зүгээр л дээрэмдээд авчихлаа, Сүмогийн холбоо.
