UBLife Logo
Ном

2026 оны Букерийн шагналд дэвшсэн 6 роман

2026 оны Букерийн шагналд дэвшсэн 6 роман

Дэлхийн утга зохиолын том шагналын нэг болох Букерийн шагналын эзэн өнөөдөр тодорно. 2014 оноос эхлэн уг шагналыг зохиолчийн иргэний харьяаллаас үл хамааран англи хэл дээр бичсэн, орчуулагдсан романд олгодог болсон юм. Энэ жилийн нэр дэвшигчид уншигч биднийг Японы дарлалд байсан Тайваниас нацист Германд аваачих болно. Гол шагнал болох 57 мянган еврогийн төлөө 6 орчуулгын роман өрсөлдөж байна.

Энэхүү 6 зохиолчийн тав нь эмэгтэй, 6 орчуулагчийн 4 нь мөн эмэгтэй байна. Харин 6 роман маань таван өөр хэл дээр бичигдсэн бөгөөд зохиолч, орчуулагч нар нийлээд 8 өөр улсын иргэд байгаа юм.

Шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, зохиолч Наташа Браун “Энэ зургаан ном 100 жилийн түүхийг харуулсан бүтээлүүд. Ном болгоныг уншихад хэзээ ч мартагдахгүй баатрууд, дүртэй. Дахин дахин уншмаар санагдах зохиолууд” гэжээ.

“Taiwan Travelogue” – Ян Шуан-цзы, орчуулагч Лин Кинг

1930-аад оны Японы эзэмшил Тайвань. Зохиолын үйл явдал япон зохиолч бүсгүй Аояма Чизүко, түүний тайвань орчуулагч эмэгтэй хоёрын ойр дотно харилцааг тойрон өрнөнө. Хоол ундыг үнэхээр дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн болон инээхээс өөр аргагүй тэдний яриа, гэнэтийн өрнөл нь энэ романаас нүдээ салгах аргагүй болгоно. “Taiwan Travelogue” бол хайрын түүх. Энэ роман анх мандарин хэл дээр 2020 онд гарч, Тайванийн утга зохиолын дээд шагнал хүртэж байлаа.

“She Who Remains” – Рене Карабаш, орчуулагч Изидора Ангел

Эртний хууль ёсоор амьдардаг Албанийн нийгэмд эмэгтэй хүнийг хувийн өмч гэж үзнэ. 33 настай Бекияг удахгүй хадамд өгөх болно. Эрх чөлөөтэй байхын тулд тэр нэрээ өөрчилж, эрчүүдийн нийгэмд орохоос өөр арга байхгүй. Нийт 15 хэлээр орчуулагдсан зохиол.

“The Witch” – Мари Ндьяй, орчуулагч Жордан Стамп

1996 онд франц хэл дээр хэвлэгдэж байсан энэ роман Францын жижигхэн нэгэн хотод байдаг Люси хэмээх тийм чадмаг биш шулмын тухай өгүүлнэ. Нөхөр нь түүнийг зан үйл хийхийг хориглосон ч Люси охиддоо эрдмээ өвлүүлэн зааж өгнө. Гэвч охид нь гэрээсээ явж, нөхөр нь түүнийг хаяж, нүдэн дээр нь гэр бүл нь сүйрнэ. Люси амьдралыг шинээр харах цаг болжээ.

“The Nights Are Quiet In Tehran” – Шида Базяр, орчуулагч Рут Мартин

1979 оны Ираны хувьсгалаас хойш 40 гаруй жил нэгэн дүрвэгч иран гэр бүлийн хувь заяаг бичжээ. Романы 4 хэсэг тус бүрийг гэр бүлийн нэгэн гишүүний яриа маягаар бичсэн. Хувьсгалч аав, ээж, охин, 2009 оны ногоон хөдөлгөөний гишүүн хүү. Хэсэг тус бүрийн хооронд 10 жилийн зай бий.

“The Director” – Даниэль Кельман, орчуулагч Росс Бенжамин

1930 онд Германд нацистууд засгийн эрхэнд гарах үед алдарт найруулагч Г. В. Пабст Францад ажиллаж байлаа. Германаас айж эмээсэн тэрээр Холливудад шилжиж очно. Гэвч тэнд очоод Пабст хэн ч биш болох нь тэр. Нэрт жүжигчин Грета Гарбо ч түүнд тусалж дөнгөсөнгүй.

“On Earth As It Is Beneath” – Ана Паула Майя, орчуулагч Падма Вишванатан

Засгийн газраас зэрлэг онгон байгаль дунд “Хөдөлмөрийн лагерь” байгуулна. Энд хоригдсон хүмүүсийг дахин хүмүүжүүлэх бөгөөд зугтах аргагүй. Гэхдээ өөр нэг нууц бий. Бүтэн сартай шөнө лагерийн дарга хоригдлуудыг суллаж, араас нь буугаа барин, агнан хөөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...