UBLife Logo
Мэдээллийн боловсрол

Хүүхдийн нэрээр халхавчилсан “өнөөх” л цахимын хууль

Ж.Хулан
Ж.Хулан
Хүүхдийн нэрээр халхавчилсан “өнөөх” л цахимын хууль

Интернэт, нийгмийн сүлжээ хүн төрөлхтний харилцаа холбоо, мэдээлэл солилцоо, үзэл бодлоо илэрхийллийн гээд олон талт хэрэглээний амин чухал хэрэгсэл болоод буй. Тэр дундаа 2000 оны эхэн үеэс төрсөн өнөөгийн хүүхэд, залуусын хувьд цахим орчин нь бодит амьдралаас салгаж ойлгохын аргагүй өдөр тутмын орчин болжээ. Тиймээс цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал дэлхий дахинаа олон улсын байгууллага, Засгийн газар, технологийн компаниудын анхаарлын төвд байна.

2025 оны төгсгөлд Австрали улс анхлан 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглох хууль баталж, хэрэгжүүлж эхлэв. Өнөөдрийн байдлаар 40 орчим улс энэ талаар анхаарал хандуулж, хууль хэрэгтэй эсэхийг судалж, зарим нь баталсан бол цөөн хэд нь хэрэгжүүлж эхлээд байна. Ийнхүү удаан хугацаанд хэлэлцүүлэг өрнөж байгаагийн цаана хүүхдийг хамгаалах зорилго нь нийгмийн сүлжээг хязгаарлах хангалттай үндэслэл болох уу гэдэг асуудал юм. Ямар арга хэрэгслээр хамгаалах вэ, түүнийг хэрэгжүүлэх бодитой боломж бий юү, хувийн нууц, мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй энэ нь хэрхэн нийцэх вэ гэхчлэн тал бүрээс нь нарийн авч үзэх шаардлага олон улсад тулгараад байна.

Манай улсын хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль өргөн бариад байгаа бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулж байна. Эхний хуулийн төслийн хэлэлцүүлэг ямар түвшинд, хэрхэн өрнөсөн талаарх мэдээлэл хомс байгаа бол ЦХИХХЯ-наас боловсруулж буй хуулийн төслийн хэлэлцүүлэг тавдугаар сараас эхлэн сурагч, хүүхдүүд, багш нарын дунд болон NTV телевизийн “Нэг мөр” хэлэлцүүлгийн хүрээнд хийгдээд байна.

Нийгмийн сүлжээ болон цахим орчныг зохицуулах сонирхол манай улс төрчдөд байдаг ч, иргэдээ хамгаалах зорилгоос халиад хяналт тогтоож “зохицуулах” гээд байдаг тал бий. Гурван жилийн тэртээд хэлэлцүүлэггүйгээр, хүч түрэн баталж байсан ноцтой хууль өнөөдөр энэ талаар тун сэрэмжтэй байхгүй бол горьгүй нөхцөлд хүргэсэн билээ.

Нийгмийн сүлжээ ба хүүхдийн сэтгэл зүй

Монгол Улс хүн амынхаа тоотой харьцуулахад интернэтийн хэрэглээ өндөр орнуудын нэгд тооцогдог. 2025 оны мэдээгээр нийт хүн амын 83 хувь нь интернэт хэрэглэгч бол 74,4 хувь нь нийгмийн сүлжээнд бүртгэлтэй хэрэглэгч байгаа юм. Харин энэ хэрээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил, гомдол ч бас огцом өссөөр байгааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлсэн байна. Тухайлбал, 2015 онд нийт 61 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байсан бол 2024 онд энэ тоо 13 мянга гаруй болж нэмэгджээ. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь залилан, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэгтэй холбоотой бөгөөд гол төлөв Facebook, Instagram, X (хуучнаар Twitter) орчинд бүртгэгдэж байгаа нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг нийгмийн сүлжээ нь энэ гэдгийг харуулна.

Тэгвэл ЦХИХХЯ-наас боловсруулж байгаа Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн тандан судалгаанд дурдсанаар 11-17 насны хүүхдүүдийн

·      71.6% нь өдөрт 1-5 цаг

·      20 гаруй хувь нь өдөрт 5 цагаас дээш хугацааг цахим орчинд өнгөрүүлдэг гэжээ.

Мөн тэдний хувьд цахим дээрэлхэл, танихгүй хүнээс чат ирэх, цахим залилан, айдас төрүүлсэн контент зэрэг эрсдэл тулгардаг болохыг хэлсэн байна. Ялангуяа, цахим дээрэлхлийн онц ноцтой хэрэг явдлууд сүүлийн үед анхаарлын төвд ороод буй.

Харин нөгөө талд эцэг, эхчүүд энэ эрсдэлийг төдийлөн анзаардаггүй нь судалгаанаас харагдлаа. Тухайлбал, тэдний 52.9% нь хүүхэд нь цахим эрсдэлтэй тулгарч байгаагүй, 26% нь мэдэхгүй гэж хариулсан нь хүүхдийнхээ цахим хэрэглээний талаар тавих анхаарал дутмаг байгаагийн илрэл юм. Багш нар энэ тал дээр илүү хүүхдүүдтэй илүү харилцаатай бөгөөд тэдний талаас илүү нь хүүхдүүдэд зан төлөвийн өөрчлөлт гарсан, 40 гаруй хувь нь сэтгэл зүйн шинж тэмдэг, 42 хувь нь донтолтын шинж тэмдэг анзаарагдсан гэж хариулжээ. Эндээс үзвэл хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээ нь Монголд зөвхөн хэрэглээ төдий бус сэтгэл зүйн асуудал болж эхэлсэн нь илэрхий.

Шийдлийг хаанаас эрэх вэ

Хүүхдийн цахим хэрэглээний эрсдэл бодитой байгааг дээрх тоо, баримтууд харуулж байна. Тиймээс нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал бодлого тодорхойлогчид,  эцэг эх, боловсролын байгууллага, технологийн компаниудын хамтын хариуцлагын асуудал болоод байгаа. Гэхдээ яаж?

Дэлхийн улс орнуудын туршлагаас харвал хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн насны хязгаар тогтоох, хэрэглээг хязгаарлах, эсвэл контент устгах тухай асуудал биш ажээ. Харин платформын хариуцлага, алгоритмын нөлөө, хүүхдийн хувийн мэдээлэл хамгаалалт, цахим боловсрол, эцэг эхийн оролцоо гэхчлэн цогц арга хэмжээ болсон байна.

Хүүхдийн хэрэглээг хамгийн анх хязгаарласан Австрали улсад гэхэд хуулийн хэрэгжилтийн хүрээнд eSafety комиссар хяналт тавьж ажиллах болсон. Тэдний эхний шатны дүгнэлтээр 2026 оны эхний улиралд нийт 4.7 сая хаягийг устгаж, хязгаарласнаас гадна нэмэлтээр 300 мянга гаруй хаягийг блок хийсэн байна. Гэвч 16-аас доош насны хүүхдүүд хаягаа хадгалж үлдсэн, шинээр хаяг нээсэн эсвэл нас баталгаажуулах технологийг янз бүрийн аргаар давсаар байна гэжээ. (Цахим ертөнцөд бүх амьдрал нь өрнөдөг хүүхэд, залуусын хувьд аливаа хязгаарлалтыг давах нь хүндхэн хэрэг огт биш гэдэг нь ойлгомжтой.) Мөн Facebook, Instagram, TikTok, Snapchat, YouTube платформын хүрээнд нэмэлт хариуцлагын асуудал ярихаар болсон бөгөөд гол асуудал нь хүүхэд эдгээр платформ руу нэвтэрсэн эсэх бус, эдгээр платформ хүүхдийг нэвтрүүлэхгүй байх хангалттай арга хэмжээ авсан уу гэх асуулт юм. Австралийн хуулиар хариуцлагыг платформуудад ногдуулдаг бөгөөд хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд 30 орчим сая ам.долларын торгууль оногдуулах заалттай. Учир нь, хүүхэд, эцэг эх, сургууль зэрэг нь эрсдэлд өртөж байгаа талууд бол платформ нь тухайн орчныг бүтээж, удирдаж, ашиг болж буй тал юм.

Нийгмийн сүлжээний платформууд насны хязгаарлалтыг дагаж мөрдөхөд хангалттай хүчин чармайлт гаргахгүй, загварчлалын хувьд хэрэглэгчийн анхаарлыг аль болох удаан барих зорилготойгоор бүтээгдсэн нь ийнхүү хариуцлага хүлээх гол субъект болгож буй. Тэд хэрэглэгчийг ахин дахин оруулах, удаан байлгах, их контент үзүүлж, аль болох их дата цуглуулахаар алгоритмын тохиргоо боловсруулсан. Энэ нь сэтгэл зүйн хувьд өөрийгөө бүрэн хамгаалах чадамжид хүрээгүй хүүхдийн хувьд донтох, эцэс төгсгөлгүй хэрэглээнд автахад нөлөөлдөг байна. Хүүхдийн эмч, сэтгэл зүйчдийн хэлж байгаагаар хэдийгээр платформууд 13-аас дээш насны хүүхэд хэрэглэх ёстой гэж заасан байдаг ч, хүүхдийн тархи 14 наснаас эхлэн өөрийн авч байгаа мэдээлэл, харж байгаа зүйлсэд эргэлзэх, ямар учиртай бол гэж шүүн тунгааж эхэлдэг байна. Тиймээс 15-16 наснаасаа эхлэн асуудалд нухацтай анхаарал хандуулах, логик шинжилгээ хийх чадамжтай болдгийг сануулжээ.

Харин Монголд боловсруулж буй хуулийн төсөл нь эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулах талаар үүрэгжүүлэх, боловсролын байгууллага үйл ажиллагаандаа нийгмийн сүлжээг ашиглахгүй байх гол онцлогтой гэж ЦХИХХ-ны сайд Ч.Номин хэлэлцүүлгийн үеэр дурдсан. Гэхдээ эдгээр нь заавал хуулиар биш олон нийтийн цахим боловсролын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхжүүлэх болон боловсролын байгууллагын нийгмийн сүлжээний хэрэглээг журмаар дамжуулан зохицуулж болох шийдэл юм.

Платформын харилцааны хувьд 100 мянгаас дээш хэрэглэгчтэй компаниуд Монгол Улсад суурийн төлөөлөгч томилж, эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээнэ гэсэн үүрэг оноожээ. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 90 хоногийн дотор хуулийн дагуу бүх шаардлагыг хангана гэсэн заалт бий. Гэхдээ эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх дорвитой хариуцлага байхгүй. Харин түүнээс ч илүүтэйгээр нийгмийн бусад харилцаанд учрах ноцтой эрсдэл энэ төсөлд бий. 

Хүүхдийг хамгаалах нэрийн цаана юу нуугдаж байна вэ

 Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд хамгийн түрүүнд анхаарал татаж буй нь нас танин баталгаажуулахдаа утасны дугаар ашиглах явдал. Хүүхдийн тухай хууль учраас энэ асуудлын хүрээнд хүүхэдтэй л холбоотой харилцаа яригдана гэж төсөөлөвч насанд хүрсэн гэдгээ нотлохын тулд та, бид бүгдээрээ утасны дугаараар нийгмийн сүлжээний хаягуудаа баталгаажуулна. Энэ бол цахим орчинд нэрээ нууцлан өөрийгөө илэрхийлэх буюу “anonymous” байх эрх үгүй болж байна гэсэн үг. Нэр, өөрийн илэрхийллээ нууцалж шүгэл үлээх, сэтгүүлчид ноцтой асуудлаар хэвлэн нийтлэх, цөөнхийн дуу хоолой, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх зэрэг олон тохиолдолд аюулгүй байдал, аливаа эрсдэлийн үүднээс энэ эрх хангагдсан байх нь чухал байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд цахим орчин дахь үзэн ядалт, дээрэлхэл зэргээс үүдэн нэрээ нуух асуудлыг эргэн хэлэлцэх болсон ч утасны дугаар нь хэрэглэгчийн бүхий л мэдээллийг агуулж байдаг тул цагдан хяналтын хэрэгсэл болох эрсдэл бий.

Дөнгөж өчигдөрхөн Их Британид энэ төрлийн хууль батална гэж мэдэгдсэний дараа тус улсад иргэдийн цахим хаягийг бүртгэлжүүлэх нь нийтийн цагдан хяналтыг бий болгож байна гэх хүчтэй эсэргүүцэл өрнөж байна. Учир нь, цахим орчин гэдэг зүгээр нэг харилцаа холбооны хэрэгсэл бус ялангуяа, залуусын хувьд үзэл бодлоо илэрхийлэх гол суваг нь болсныг мартаж болохгүй. Өнгөрсөн жил л гэхэд дэлхий даяар өрнөсөн жагсаал, цуглаанууд бүгд цахим орчноос эхлэлтэй, нэг нь бүр цахим орчныг хязгаарлах гэснээс эхтэй билээ. Түүнчлэн Интернэтийн эрх чөлөө сангийн захирал Апар Гупта “Хүүхдэд ээлтэй цахим орчныг бий болгоход хэрэглэгч бүрийг танин баталгаажуулах, хэн байгааг нь мэдэх ямар ч шаардлагагүй. Платформын загварчлал нь өөрөө ил тод бус алгоритм, өгөгдөл цуглуулалт, донтуулах шинжтэй байгаа нь асуудлын гол юм” гэдгийг онцолжээ.

Хоёрдугаарт, хуулийн төсөлд: 

- 10.1.3.нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг нэн даруй устгах;

- 10.1.4.эрх бүхий байгууллагын мэдэгдэлд үндэслэн хүүхдэд хортой агуулгад 24 цагийн дотор хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авахыг нийгмийн сүлжээ эрхлэгчид үүрэгжүүлнэ гэж заажээ. 

Гэвч хортой, хориотой агуулга гэдэг нь Хүүхэд хамгааллын тухай хуульд хэт ерөнхий буюу хуулиар хориглосон контент, бүтээл, мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа гэсэн заалттай. Үүнээс гадна хуулиар хориглоогүй боловч хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа гэсэн байна.

 Энэ тодорхойлолтын дагуу бол аливаа маргаантай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, юуг ч тэр хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлнө гэж үзээд эрх бүхий гэх хэн нь тодорхой бус байгууллагын үзэмжээр дурын контентыг устгах эрх хууль хэрэгжүүлэгчдэд бий болох нь ээ. Одоо ч тэр хуурамч мэдээллийг ямар нэг баримт, түүнийг нотлох шүүхийн шийдвэр үгүйгээр дурын цагдаагийн үзэмжээр тодорхойлж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага оногдуулдаг жишиг бий. Тэгвэл үүн дээр нэмээд хүүхдийн нэрээр халхавчлан дурын контентоо, нэн даруй, 24 цагийн дотор хязгаарлах эрх мэдлийг төр өөртөө олгох гэж байна. 

Эндээс дүгнэхэд хүүхдийн цахим аюулгүй байдал бодитой тулгамдсан асуудал мөн үү гэвэл тийм. Цахим дээрэлхэл, залилан, донтох шинж, сэтгэл зүйн эрсдэлийг үл тоомсорлож боломгүй. Гэвч одоо байгаа хуулийн төслөөс харвал хүүхдийг хамгаалж чадахуйц бодитой арга хэмжээ тусгагдаагүй буюу асуудлын шалтгаан, нөхцөлд чиглэсэн заалтууд үгүй байна. Түүнчлэн нийгмийн сүлжээ, цахим орчинд зөвхөн хүүхэд төдийгүй бид нийтээрээ эмзэг, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэг хомс гэдэг нь судалгаагаар харагдсан. Тиймээс энэ чиглэлд идэвхтэй ажиллаж, шат дараатай арга хэмжээ авч байж хуулиар зохицуулах тухай ярихгүй бол мэдлэг дутмаг олон нийтийг хүүхдийн, хүний эрхийн нэрээр шуудхан хянах, хязгаарлах тогтолцоо бүрдүүлж хэрхэвч болохгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...