UBLife Logo
Мэдээллийн боловсрол

Улс төрийн “халуухан хавар”-ыг эрүүлээр давах 10 алхам

Ub.life
Ub.life
Улс төрийн “халуухан хавар”-ыг эрүүлээр давах 10 алхам

Өнөөдөр УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Өнгөрсөн намраас эхэлсэн улс төрийн “халуун” тэмцэл, үйл явдал энэ хавар ч үргэлжлэх төлөвтэй байгааг улс төрчдийн өөрийгөө сойдог морьд шиг “сэтгэл догдлон” хэлсэн үгсээс харж болно. Харин тэдний энэхүү сэтгэл хөдлөл хийгээд өөрсдийн ашиг сонирхол, улс төрийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн “шуурганд” бид ч бас дагаж “халуурах” бус аливаа асуудалд бодитой, голтой хандах эрүүл ухаанаа авч үлдэх нь чухал. Ялангуяа нэг л намарт 90 мянган долларын тархи угаалт хийж дөнгөсөн улс төрчид энэ хавар олон нийтийн сүлжээнд дахиад л элдэв шуугиан, хуурамч мэдээлэл “сэвж” эхлэх вий. 

1. Огцом уур хилэн бадрааж байвал “но”-той шүү. 

Хүчтэй сэтгэл хөдлөл, тэр дундаа уур хилэн эсвэл хүчтэй айдас төрүүлж байвал тэр мэдээлэл танд нэгийг бодуулахыг бус олныг илүү шейр хийлгэхийг зорьжээ гэсэн үг. Улс төрчид, троллууд, эсвэл хандалт хөөсөн хуудаснууд ийм арга хамгийн их ашигладаг. Тиймээс ямар нэг нийтлэл, пост нь таны дургүйг огцом хүргэж байвал сэтгэгдэл үлдээх, эможи дарах, шейр хийхээсээ өмнө нэг бодоорой. 

2. Гар утасны screenshot, вайрал болсон видео зэрэгт хууртахгүй биз дээ? 

Одоо цагт screenshot-г хуурамчаар үйлдэх, бүтэн видеог таслаад утгыг нь гажуудуулахыг хэн ч хийж чадах болжээ. Тиймээс аливаа мэдээлэлд итгэж, хуваалцахаасаа өмнө эх сурвалжийг нь заавал нягтлаарай. Албан ёсны мэдээллийн редакц, сэтгүүлчид түүнийг түгээж байна уу эсвэл редакцын нэр барьсан хуудаснууд байна уу гэдгийг шалгаарай. 

3. Нэг асуудлаар шуугиад эхэлбэл, өнөөдөр ямар шийдвэрүүд гарсныг нягтал. 

Цахим орчинд тодорхой асуудлаар санамсаргүй шуугиж эхлэх нь ховор. Ялангуяа, жинхэнэ хаягууд буюу хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх бус нэр, нүүргүй троллууд “үер” шиг давлагаалж орж ирсэн байвал өнөөдөр албан ёсны ямар шийдвэрүүд гарсан бэ гэдгийг хайгаад үзэхэд гэмгүй. Аливаа чухал шийдвэр, мэдэгдлийг сарниулах гэж шуугиан тарих нь элбэг. 

4. “Тэд ба бид” гэсэн дайсагналд битгий хөтлөгд. 

Улс төрийн бодлогын асуудлууд танай, манай гэсэн дайсагнасан талд хуваагдаад эхэлбэл утгаа алдчихдаг. Учир нь, асуудлыг хэн дэвшүүлсэнд нь илүү анхаарах юм бол мөн чанарыг нь дэнсэлж чадахаа болино. Тиймээс ингэж хувааж, талцуулах нь л таныг нухацтай бодуулахгүй гэсэн хэн нэгний зорилго байдаг. 

5. Гарчгаас цааш нь унш. Бүтнээр нь унш. 

Гарчиг танд мэдээлэл өгөх биш таныг анхаарлыг л татах зорилготой. Заримдаа нийтлэлийн гол санаа хоёр дахь цогцолборт эсвэл нийтлэлийн төгсгөлд зангидагдах нь ч бий. Харин олон нийтийн сүлжээнд сэтгэл хөдөлгөсөн пост, нийтлэлүүдийг эргээд бодвол гарчиг нь л сүртэй байдаг, тийм биз? 

6. Нэр, нүүргүй, үүх түүхгүй хаягуудад бүү итгэ. 

Нэр нь тодорхойгүй Telegram хаягууд, дөнгөж нээсэн Facebook хуудас, нэр нь тодорхойгүй Twitter хаяг атлаа хэдэн мянган дагагчтай эсвэл өндөр дүнгээр гэнэт сурталчилгаа явуулж байвал ард нь хэн нэгэн зорилготой этгээд байгаа нь ойлгомжтой. Тэд бодит мэдээлэл бус олон нийтэд ямар нэг байдлаар нөлөө үзүүлэхийн тулд дотоод, гадаадаас ажиллаж болох. Тиймээс баталгаажуулахаасаа өмнө итгэх хэрэггүй. 

7. “Ард түмэн тэгж үзэж байна…” гэж яг хэн бэ? 

Эзэн бие тодорхойгүй байх нь манипуляцын тод жишээ юм. “Олон нийт бухимдалтай байна”, “Эх сурвалжийн хэлснээр”, “Хүн бүр л мэднэ” зэрэг үгс нь тодорхой баримт, нотолгоогүй ихэнхдээ хэрэглэгддэг. Яг хэн, хэдэн хүн, ямар судалгаа, тоогоор вэ гэдгийг заавал тодруул. 

8. Сэтгэл хөдөлгөсөн үгс “улаан гэрэл” шүү. 

“Цочир”, “онцгой”, “их хэмжээний” гэхчлэн сэтгэл хөдлөл заасан үгс баримт биш. Мэргэжлийн сурвалжилга, мэдээнд юу болсныг хэлдэг бол хандалт, шуугиан хөөсөн нийтлэл л таныг ойлгохоос урьтаж “мэдрүүлэх” гээд байдаг. 

9. Танд анхаарлаа хандуулах өөр олон асуудал бий. 

Олон нийтийн сүлжээ нь бүх зүйл яаралтай, хэзээ мөдгүй чухал мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч тэр бүхэнд таны цаг хугацаа, эрч хүч хүрэлцэхгүй шүү дээ. Иймд хэзээ нь дуусах нь мэдэгдэхгүй шуугианыг “скроллдож” цаг хугацаагаа битгий үрээрэй. Харин өөрийн амьдралд өөрчлөлт авчрах бодитой зүйлсийг анхаараарай. 

10. Мэдээлэлд ул суурьтай хандах нь таныг илүү хүчтэй болгоно. 

Мэдээллийн зах замбараагүй урсгал бий болгож, үнэнийг төөрөгдүүлэх нь зорилготойгоор хуурамч мэдээлэл түгээгсдийн хүсдэг үр дүн юм. Тийм болохоор мэдээллийн их урсгал дунд юу үзэж, уншихдаа няхуур хандаж, аажуу тунгааж, хариуцлагатай хуваалцах нь идэвхгүй оролцоо бус харин ч таныг хүчтэй болгоно. Түргэн сэтгэл хөдлөлд автдаггүй, талцаж хуваагддаггүй олон нийтийг хэн ч дураараа “залж, чиглүүлж” чадахгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...