Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцийн тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд А.С.Сейтакинов болон Kazzinc, ERG, Тау Кен Алтын зэрэг том компаниудын төлөөлөгч оролцлоо. Талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтын үеэр Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон юм.
Энэхүү санамж бичигт тус улсаас Монгол Улсад түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцов. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүслээ. Үүний дагуу Монгол Улсаас холбогдох төслүүдийг танилцуулахаар болов. Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням 2026 оны есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдах "Mining Week-2026" уул уурхайн арга хэмжээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын компаниудын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урилаа.