Монголын сагсан бөмбөгч О.Тулга Японы хоёрдугаар лигт тоглодог “Yokohama Excellence” багтай гэрээ байгууллаа. О.Тулга нь 23 настай, 182 см өндөр, 73 кг жинтэй.
Тэрээр Японы их сургуулийн лигийн “Aoyama Gakuin University” багийн ахлагч байсан бөгөөд өнгөрсөн улирлыг Монголын лигт өнгөрөөсөн. Японы их сургуулийн лигт нэг тоглолтод дунджаар 10,3 оноо, 3,2 самбар дунджилж байжээ. 2023 оны Ханжоу Азийн наадамд Монголын шигшээ багт дуудагдаж байсан.

О.Тулга “Юуны өмнө надад боломж олгосонд багийн ерөнхий менежер Ишида, багийн нийт хамт олонд талархал илэрхийлье. B лигийн тоглогч болох мөрөөдөл минь биелэх болсонд баяртай байна. Өнгөрсөн жилийн их, дээд сургуулиудын тэмцээний дараа би хагас жил Монголд тоглосон. Энэ бүх туршлагаа, сурсан бүхнээ энэ улиралд багынхаа ялалтын төлөө зориулна. Шинэ тамирчны хувьд маш хичээж тоглох болно” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Харин багийн удирдлагаас “Бид О.Тулгын биеийн хүч чадал, самбарт доювтлох ур чадварыг Aoyama Gakuin University” багт байхаас нь харж, мэддэг байсан. Тэр маш хурдтай хамгаалалт хийж чаддаг бөгөөд Монголын лигт тоглохдоо холбон тоглогч ч хийж байсан юм. Олон улсын тавцанд тоглож байсан, цаашдаа өсөх ирээдүйтэй тоглогч. Түүнээс эрч хүч, хурдтай тоглож, багийнхаа мотор байхыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байлаа.

О.Тулга Монголд төрсөн. Түүнийг бага байхад аав нь Японд ирж, сүмо барилдаж байсан юм. Сакайгава дэвжээнд Широнорюү нэрээр барилдаж байсан аав нь жюүрёо зиндааны манлай бөх байсан. О.Тулга 6 нас хүртлээ өвөө дээрээ байж байгаад бага ангид орох жилээ Японд ирсэн. Анх аавтайгаа ижил сүмо барилдана даа гэж бодож байсан ч сагсан бөмбөгийг сонгосон. Японд удаан амьдарсан тул легионер гэж тооцогдохгүй давуу талтай.

