Францчууд өөрсдийгөө хошин шогийн мэдрэмж сайтай, элэглэл ойлгодог ард түмэн гэж нэрлэдэг. Гэхдээ юманд хязгаар гэж бий. Францын “Charlie Hebdo” сэтгүүлийг дэлхий дахин сайн мэднэ. Олон удаа шуугиантай шог зураг хэвлэж, дэлхийг дэлдийлгээд хариуд нь халдлагад өртөж, сэтгүүлчдээ алдаж байсан удаатай. Тэд энэ удаад хошин шогийн байгаараа Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешамыг сонгожээ.
Дидье Дешамын ээж энэ сарын 23-нд нас барсан бөгөөд тэрээр ээжийнхээ оршуулгад оролцохоор нутаг буцсан. Ажил явдал дууссаны дараа дахин шигшээ багтаа нэгдэх юм.

“Charlie Hebdo” сэтгүүлийн шинэ дугаарт Дешамын зураг гарсан. Тэрээр ээжийнхээ чандартай савыг толгой дээрээ барьсан байх бөгөөд саван дээр “Ээж” гэж бичжээ. Дэргэд нь “Дидье Дешам цомыг гэртээ эргүүлэн авчирлаа” гэжээ. Дэлхийн аваргын цомыг хэлж байгаа бөгөөд 2018 оны ДАШТ-д Францын ялалтын албан бус сүлд дуу болсон “Ramenez la coupe à la maison” дуугаар егөөдсөн байна.

“Charlie Hebdo” сэтгүүл 1969 онд байгуулагдсан, маш олон хориотой сэдэв хөнддөг. Христос, Исламын шашны удирдагчид, зөнч Мухаммедыг хүртэл шоглон инээж байлаа. Тэдний үзэгт Францын Ерөнхийлөгч Саркози төдийгүй Туркт алагдсан ОХУ-ын Элчин сайд Карпов, далайд унаж сүйрсэн A321 онгоц хүртэл өртөж байсан юм.
2015 онд “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакра аль-Багдадиг шоглож зурснаас хэдхэн цагийн дараа Парист тус сэтгүүлийн редакцад халдлага болсон. Хоёр алан хядагч оффист нэвтрэн гал нээж, 12 хүнийг алсны дотор 4 шог зураач байлаа.
