ДАШТ эхлэхээс өмнөхөн ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино “Бөмбөг гунигтай хүмүүсийг аз жаргалтай болгох шидтэй. Бөмбөг өшиглөж байхдаа хүүхдүүд зовлон зүдүүрээ мартдаг бол томчууд эргэн хүүхэд болдог” гэж хэлж байлаа. Гэвч олон оронд ядуу зүдүү хүмүүс ДАШТ үзэх нь битгий хэл гэр бүлээ тэжээж чадахгүй байна. Байгалийн гамшигт өртөж, орон гэргүй болсон хүн, хүнд өвчин гээд хэлж ирэхгүй хийсэж ирдэг зүйл олон байна. ДАШТ-д оролцохын тулд хөлбөмбөгчид маш их хүчин зүтгэл гаргасан байдаг. Харин одоо зарим нь энэ ногоон талбайг өөрийн эх орон, элгэн саднаа аврах талбар болгон ашиглаж байна. Энд гарах 7 тамирчин дайн дажин, өлсгөлөн, шударга бус явдал гэж юу байдгийг өөрийн биеэр амссан хүмүүс.
Cедрик Бакамбу (Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс)
Баг: “Бетис” Испани
Үйл хэрэг: Хүүхэд багачуудыг өлсгөлөнгөөс аварч, дайн дажинд олон нийтийн анхаарлыг хандуулах

35 настай Бакамбу урт удаан замналынхаа турш Испанийн “Вильярреал”, Францын “Марсель”-д тоглож, Хятадад их хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан. 2018 онд тэр Хятадын “Бэйцзин Гоань” багт 74 сая еврогоор шилжиж, тэр үеийнхээ Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж байв. Хятадын лигт Седрик жилийн 18 сая еврогийн цалинтай байлаа. Энэ хөрөнгөө тэр олон арван жил дайнд зүдэрсэн Конго эх орондоо зориулж байгаа. Ардчилсан Конго улсын хойд хэсэгт байдаг газрын ховор металлын орд газрыг зэвсэгт бүлэглэлүүд эрхэндээ авч, олон хүн улс дотроо дүрвэгч болоод байгаа юм. Седрик Конгогийн шигшээ багийн нэгэн эсэргүүцлийн дохиог санаачилсан юм. Төрийн дуулал эгшиглэж байхад тоглогчид алгаараа амаа таглаж, нөгөө гарын хурууг гар буу мэт болгон чамархайндаа тулгана. Энэ бол Конгогийн ард түмний зовлонд дэлхийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого юм. Бакамбу сайн үйлсийн “Fondation Cédric Bakambu” сантай бөгөөд улс, засгийн газраас хийж дийлэхгүй байгаа ажлуудыг гардан хийдэг. Хямралд өртсөн Гома хотод түүний сан өдөр бүр дүрвэгчдийн 4000 гаруй хүүхдийг хоол, хүнсээр хангадаг. Седрик эмнэлэгт эм тан худалдан авч өгч, сургууль, цэцэрлэгийг ивээн тэтгэж, нууц далд уурхай дахь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг тэмцдэг. Алдартай тамирчны үг автомат буунаас хүчтэй гэдгийг харуулж яваа эрхэм.
Мусса Аль-Тамари (Иордан)
Баг: “Ренн” Франц
Үйл хэрэг: Бага орлоготой гэр бүлийг дэмжих

Мусса бол Европын шилдэг 5 лигт тоглосон анхны иордан хөлбөмбөгч. Түүнийг эх оронд нь “Иордан Месси” хэмээн өргөмжилдөг. Шигшээ багийн ахлагч тэрээр маш хурдан гүйдгээрээ алдартай. 2024 онд Мусса 36,4 км/цагийн амжилтаар дэлхийн хамгийн хурдан гурван хөлбөмбөгчийн тоонд багтаж байлаа. Тоос шороотой бетон, цементээр дүүрсэн Амман хотод өссөн тэрээр баян тансаг амьдралаас хол байхыг хичээдэг. Маш шүтлэгтэй бөгөөд Иорданы залуучуудын хувьд үлгэр жишээ нь болж байгаа. Тамирчны цалингаасаа тэр Иорданы хүмүүнлэгийн байгууллагуудад байнга хандив өргөж, ядуу айл өрхийн хоол хүнсийг даадаг.
Райан Мендеш (Кабо-Верде)
Баг: “Ыгдыр” Турк
Үйл хэрэг: Хөлбөмбөгч хүүхэд багачуудыг хувцас, хэрэглэлээр хангах

Кабо-Вердегийн шигшээ багийн ахлагч, багтаа 100 тоглолт хийж, 22 гоол оруулсан Мендеш бол Кабо-Вердегийн “алтан үе”-ийн гол бэлгэ тэмдэг. Хүн амын 15 хувь нь хэт ядуу энэ жижиг оронд тэрээр бол шүтээн л гэсэн үг. Энэ арлын хамгийн гол асуудал бол залуучуудын ажилгүйдэл. Сан-Висенте, Фогу зэрэг аралд залуучуудын өмнө эртнээс хоёр л зам байдаг байсан. Нэг бол гудамжны дээрэмчин болох, үгүй бол жижиг завиар Европ руу нэвтрэх гэсэн маш аюултай хоёр л сонголттой. 36 настай Райан Мендеш залуучуудад өөр зам гаргахын төлөө өөрийн хөрөнгө, мөнгийг зарцуулдаг. Тэрээр олон жилийн турш “Batuque FC” академийг дэмжиж байгаа. Энэ академи урьд өмнө түүнийг аварч байсан удаатай. Одоо Мендеш академийн хүүхдүүдэд хувцас, хэрэглэл байнга авч өгдөг. Мөн авьяастай африк хүүхдүүдийг хайж олон, гэмт бүлэглэлээс салгаж, Европ дахь нөлөөгөө ашиглан, тэдэнд Европт суралцах боломж олгодог байна.
Нестори Иранкунда (Австрали)
Баг: “Уотфорд” Англи
Үйл хэрэг: Дүрвэгч, цагаачдын гэр бүлд дасан зохицоход нь туслах

Энэ залуу дөнгөж 20 настай. Гэхдээ тэр Турктэй хийсэн тоглолтод гоол оруулж, хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн. Маш хурдтай энэ залуу (37,02 км/цаг) гоол оруулаад арагш сальто үсэрч, Майкл Жексоны бүжиг бүжиглэж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Гэвч энэ ДАШТ-л тэр баяраа өөрчилсөн. Булангийн туг дээр гүйн очиж, боксчин мэт цохисон нь Австралийн домог Тим Кэхиллийг дуурайсан хэрэг байлаа. Иранкунда Танзанид дүрвэгчдийн лагерьд төрсөн. Эцэг эх нь дайнд автсан Бурундигаас зугтаж ирсэн хүмүүс байлаа. Эхний хэдэн сар дүрвэгчдийн лагерьт цэвэр усгүй, хоолгүй хэцүү байсан ч тэд НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн ачаар Австралид ирж чадсан. Одоо тэр Австралид ирж байгаа дүрвэгчдийн гэр бүлд тусалж, шинэ орондоо дасахад нь тусалж байна.
Рикардо Ад (Хаити)
Баг: “ЛДУ Кито” Эквадор
Үйл хэрэг: Эмнэлэгийг генератораар хангаж, байгууллагаа хүнс хоолоор дэмжих

Рикардогийн замнал бол бэлэн кино зохиол гэсэн үг. Бэлтгэлд нь хөтлөн аваачдаг байсан аав нь 17 настайд нь зуурдаар нас барж, хэдэн жилийн дараа нэгэн агент түүнийг Хаитигаас Тайландад аваачаад ямар ч мөнгөгүй орхиод явчихсан юм. Ад гудамжинд унтаж, өлсөж явахад нь орон нутгийн шашны байгууллага болон Хаитигийн найзуудынхаа тус дэмээр амьд үлдэж чадсан юм. Бага зэрэг мөнгө хуримтлуулаад тэр АНУ-д ирлээ. Ингээд хагас мэргэжлийн багт тоглож байгаад 27 настайдаа л Чилид анхны гэрээгээ байгуулж байлаа. 2022 онд Рикардогийн ач тусаар Эквадорын бяцхан “Аука” баг 77 жилийн түүхэндээ анх удаа улсынхаа аварга болж байв. Ад тэр үед “Хар император” хочтой болоод байв. Хаитийг шигшээ баг 52 жилийн дотор анх удаа ДАШТ-д шалгарсан нь түүний замналын хамгийн том цэг. Гэвч гэмт хэрэг хэт ихтэй Хаити эх орондоо тэд тоглолт хийж чаддаггүй. Одоо Хаитид бараг засгийн газар гэж байхгүй, дээрэм ихтэй. Ад цалингийнхаа ихэнх хувийг төрөлх тосгоныхоо амьдралыг сайжруулахад зарцуулдаг. Дэд бүтэц бараг бүрэн устсан тул Ад өөрийн мөнгөөр хотынхоо эмнэлэгт дизель генератор авч өгөн, тус дэм болж байна.
Али Аль-Хамади (Ирак)
Баг: “Лутон” Англи
Үйл хэрэг: Хүмүүнлэгийн тусламж зохион байгуулах

Иракийн шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-д шалгарлаа. Энэ багийн гол тоглогч нь 24 настай довтлогч Аль-Хамади. Английн Премьер лигт тоглосон анхны ирак тоглогч. Али Эль-Насирия хотод 2002 онд төрсөн. Түүний аав Саддам Хуссейнийг эсэргүүцсэн хэргээр шоронд орсон. Аав нь суллагдсаны дараа тэд гэр бүлээрээ Их Британид зугтан очжээ. Ливерпуль хотод өсөж торнин, спортоор ганцаардал, сэтгэл зүйн гэмтлээ эдгээж байв. Одоо тэр гадаадад байгаа иракчуудын хувьд чухал хүн. Тэрээр Иракийн ядуу зүдүү мужуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх, спортын хэрэглэл хүргэх ажлыг гардан гүйцэтгэж, ивээн тэтгэж байна.
Леандро Бакуна (Кюрасао)
Баг: “Гронинген” Нидерланд
Үйл хэрэг: Хүүхдүүдийг хар тамхинаас хол байлгаж, хөлбөмбөгт оруулах

Кюрасао бол 150 мянган хүн амтай жижигхэн орон. Энэ зун тэд ДАШТ-д тоглож, хамгийн том шуугианыг тариад байгаа билээ. Багийн ахлагч, 34 настай Бакуна английн “Астон Вилла” багт амжилттай тоглож байсан хүн. Кюрасао улс нь албан ёсоор Нидерландын хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг. Газар зүйн байрлалын хувьд энэ арал Өмнөд Америкаас АНУ, Европт хар тамхи зөөх, нэвтрүүлэх гол зам дагуу байдаг. Ядуу хорооллын хүүхдүүд хар тамхины бизнест орохоос өөр аргагүй. Учир нь энд ажил байхгүй. Бакуна Нидерландад төрсөн ч уугуул нутгаа хэзээ ч мартдаггүй. Одоо тэр ахынхаа хамт арлын ядуу дүүргүүдэд хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөлбөмбөгийн лигийг ивээн тэтгэж, сургалт зохион байгуулдаг. Орон нутгийн цагдаа нар ч орохоос айдаг “аймшигтай” дүүргүүдэд спортын дэд бүтэц байгуулахаар зүтгэж байна. Түүний зорилго эх орныхоо хүүхэд багачуудыг хар тамхинаас хол байлгаж, тамирчин болгох. Авьяастай хүүхэд олбол тэр дор нь Нидерландад сургуульд оруулан, эх орныхоо ачийг хариулахаар хичээж яваа залуу.
