UBLife Logo
Дэлхий

Европын их халалтаас үүдэн 1,300 гаруй хүн амиа алдаж, зам хайлж эхэллээ

Европын их халалтаас үүдэн 1,300 гаруй хүн амиа алдаж, зам хайлж эхэллээ

Европ тивийг хамарсан түүхэн халалтын давалгаа улам ширүүсч, одоогийн байдлаар 1,300 гаруй хүн амиа алдаад байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр зургаадугаар сарын 20-ноос хойш 150 сая гаруй хүн энэхүү хэт халалтын нөлөөнд өртжээ.

Хэт халалтын улмаас хамгийн их хохирол амссан орнуудын нэг нь Франц бөгөөд ойролцоогоор 1,000 гаруй хүн нас барсан гэж мэдээлэв. Нас барагсдын ихэнх нь өндөр настнууд байсан бөгөөд бусад улс оронд ч халуунаас үүдэлтэй өвчлөл, эндэгдэл нэмэгдсээр байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халалтыг "чимээгүй алуурчин" хэмээн тодорхойлж, өндөр настан, хүүхэд болон архаг хууч өвчтэй хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Мөн тэрээр "Европ бол дэлхий дээр хамгийн хурдан дулаарч буй тив бөгөөд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан халж байна" хэмээн онцолсон байна.

Хэт халуун зөвхөн хүний эрүүл мэндэд төдийгүй дэд бүтцэд ч ноцтой нөлөөлж эхэлжээ. Их Британи болон Францын зарим бүс нутагт авто замын асфальт зөөлөрч, овойж гажсан бол төмөр замын төмөр халалтаас болж тэлэх эрсдэлтэй тул зарим чиглэлд галт тэрэгний хурдыг хязгаарласан байна.

Сошиал сүлжээнд Английн замын асфальт халуунд хонхойж, бараг хайлж буй бичлэгүүд олны анхаарлыг татаж байгаа юм.

Температур улирлын дунджаас хавьгүй өндөр хэвээр байгаа тул Европ даяар сэнс, зөөврийн агааржуулагчийн эрэлт огцом өсжээ. Ялангуяа дулааныг хадгалах зориулалттай баригдсан хуучин барилгуудтай орнуудад халууныг даван туулах нь хүндрэлтэй болж байна.

Хүмүүс сэрүүхэн газар эрэн нийтийн усан оргилуур, нуур, сувагт орж сэрүүцэж байгаа бол Германы нийслэл Берлинд агаарын температур 40 хэм хүрэхэд цагдаа нар ус шүршдэг тусгай машин ашиглаж байна. Харин Парист иргэд Canal Saint-Martin сувагт шумбан сэрүүцэж, нийтийн усан оргилууруудын орчимд олноор цугларсан байна.

Европын олон улс түр хөргөлтийн төвүүд нээх, халалтын эрүүл мэндийн сэрэмжлүүлэг гаргах, өдрийн хамгийн халуун цагт гадагш гарахгүй байхыг зөвлөх, эмнэлгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд Төв болон Зүүн Европын зарим бүсэд агаарын температур хэвийн хэмжээнээс өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: ibtimes.co.uk

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...