UBLife Logo
Хөлбөмбөг

Бразилыг буулгасан “Мангас”, “Хүн гөрөөс” Холандын 3 гол нууц

Бразилыг буулгасан “Мангас”, “Хүн гөрөөс” Холандын 3 гол нууц

Өнөөдөр өглөө болсон ДАШТ-ий Бразил, Норвегийн тоглолтын гол баатар нь Эрлинг Холанд байлаа. Үзүүштэй сайхан хоёр гоол оруулж, багаа шилдэг наймд гаргаад ирлээ. Түүнийг супер баатар гээд нэрлэхэд ч болохгүй юм алга.

Арсен Венгер түүнийг “Мангас”, Юрген Клопп “Байгалийн гайхамшиг”, Алан Ширер “Араатан” гэж нэрлэдэг. Дасгалжуулагч Пеп Гвардиола Холандын тоон үзүүлэлтийг “аймшигтай” гэж тодорхойлсон бол Тьерри Анри “Хэвийн зүйл биш” гэж гайхсан. “Копенгаген” багийн хаалгач Камиль Грабара түүнийг “Хүн биш” гэж хэлж байлаа.

Испанийн “Marca” сонин түүнийг “киборг” гэсэн бол The New York Times “системийн алдаа”,  The Guardian “махчин хүн гөрөөс” гэж шагшин, аавынх нь найз Оге Фьертофт “Хоёр алдартай тамирчин хувцас солих өрөөнд “хийсэн” залуугаас өөр юу хүлээгээ вэ” гэж тоглож байсан удаатай.

Англид Холанд дунджаар нэг тоглолтод нэг амжилттай (162 гоол + 30 оновчтой дамжуулалтыг 198 тоглолтод) үзүүлэлт гаргадаг. Шигшээ багт бол ярих юм байхгүй, 54 тоглоод 62 гоолтой.

Яаж Холанд энэхүү хүмүүн бусын амжилтад хүрч чадав? Бүх зүйл түүний өдрийн дэглэмд байдаг.

Нойр бол түүний амьдралын хамгийн чухал зүйл

Холанд зөв унтах, нойрсоход их ач холбогдол өгдөг, байнга судалгаа хийдэг. Өнгөрсөн нэгдүгээр сард GQ-д ярилцлага өгөхдөө тэрээр “Нойр маш чухал. Миний амьдралын хамгийн чухал зүйл. Нойр бол урт удаан төдийгүй чанартай байх ёстой” гэж хэлж байлаа.

Холанд үдэш 22-22:30 цагт унтдаг. Унтахаасаа хэдэн цагийн өмнөөс гар утас, компьютер, телевизээс ялгардаг хөх гэрлийг бүрэн хаадаг улбар өнгийн шил зүүдэг. Энэ шилийг тэр бүр “Зальцбург” багт байхдаа хэрэглэдэг байсан.

“Манай багийнхан намайг улам илүү сайн болгох арга замыг байнга хайж байдаг. Александр гээд найз маань 2019 онд ийм шил зүүхийг зөвлөсөн юм. Энэ шилний ачаар мелатонин ялгарч, би хурдан, бөх унтаж чаддаг. Биеийн ядаргаа маш хурдан тайлагддаг” Холанд

Холанд “FIFA” тоглох дуртай, тоглохдоо шилээ заавал зүүдэг.

Унтахаасаа хэдэн цагийн өмнө Wi-Fi, бүх цахилгаан хэрэгслээ унтраадаг тул заримдаа түүнтэй холбогдож чадахгүй болдог байна. Аав ээж нь хүүгийнхээ гэрт ирэхдээ 22:00 цагт гар утсаа заавал унтраадаг дүрэмтэй.

Нойрны чанарыг улам сайжруулахын тулд Холанд цусаа хандивладаг. Мөн биеийн бүх үзүүлэлтийг хэмждэг багажтай “Oura” бөгж зүүдэг.

“Haaland: The Big Decision” баримтат кинонд тэрээр “Өглөө сэрээд би нарны гэрэлд байхыг хичээдэг. Үүний ачаар маргааш нь илүү сайн унтах нөхцөл бүрддэг” гэж ярьж байлаа.

“Ньюкасл” багийн шинжлэх ухааны албаны дарга асан Каррум Уэлш “Энэ бол Криштиану Роналдугийн түвшин. Холанд биеэ арчлах бүх зүйлийг хийдэг” гэж магтаж байсан юм.

Хоол: Роналдугаас үлгэр авсан

Холанд 14 настайдаа жижигхэн, туранхай хүү байлаа. Харин 2015 онд 12 см, 2016 онд 5 см өссөн юм. Булчингийн массаа яаралтай нэмэхгүй бол болохгүй болж Холанд 12 кг жин нэмж байлаа.

“Холанд хагас жилд 15 кг нэмэхэд нь би их гайхсан. Тэр орой гурван удаа хооллож байгаа гэж хэлж байж билээ. Ингэж тэр жинхэнэ мангас болсон” Торд Сальте

Хачирхалтай нь Холанд одоо ч өссөөр байгаа. “Манчестер Сити” багийн үзлэгээр түүнд 195,2 см өндөр байна гэхэд “Би нэг см өсөж” гэж гайхаж байжээ.

“Зальцбург” багт түүнтэй хамт тоглож байсан Максимилиан Вебер “Тэр жинхэнэ мэргэжлийн тамирчин. Аялан тоглолтын үеэр бид хөзөр тоглож байхад Эрлинг нойр, хоол сайжруулах шинжлэх ухааны ном уншдаг байсан. Улам сайжрах гээд юм бүхнийг судалдаг залуу” гэж тодорхойлсон юм.

Ингээд Холанд 2019 оноос Роналдугийн хоолны системийг хуулан хэрэглэж үзлээ. Криштиану өдөрт 5-6 удаа багаар хоололдог, гоймон, тахианы мах, далайн бүтээгдэхүүн голчилж, шинэ жимсний шүүс өглөө уугаад дараа нь дандаа цэвэр ус уудаг. Соус, давс зэрэг амтлагч огт хэрэглэдэггүй. Тэр үед Роналду 34 настай ч залуу мэт тоглодог байсан тул Холанд дуурайх нь зүйн хэрэг.

Гэхдээ дараа нь тэр хоолны дэглэмээ өөрчилсөн. Өдөрт 6000 калори хэрэглэж, дайвар бүтээгдэхүүнд анхаарлаа хандууллаа.

“Би биедээ их анхаарал хандуулдаг. Та нарын иддэггүй зүйлийг иддэг. Хоол чанартай байх ёстой. Орон нутгийн үйлдвэрлэгчдийнх байвал бүр сайн. Мах хортой, муу гэх юм. Хаанахын мах муу байна вэ? Макдональдс уу? Эсвэл хөрш аж ахуйн үхрийн мах уу? Би малын зүрх, элэг иддэг” гэж хэлж байв.

Бас нэг нууц нь аавынх нь бэлтгэдэг лазанья. “Би талбайдаа хийх тоглолт болгоны өмнө аавын хийсэн лазаньяг иддэг. Тэр ямар нэг зүйл нэмдэг байж магадгүй. Би бараг тусалдаггүй. Буйдан дээр хараад хэвтэж байдаг” гэж хэлж байсан удаатай.

“Дуртай хоол гэх юм бол тун цөөхөн иддэг хоолоо л хэлэх байх. Би кебаб, кебаб-пиццад дуртай ч идэж болохгүй. Гэртээ суугаад кебаб идэх сэн гэж бодно. Гэвч тэсээд өөр зүйл хөргөгчнөөс гаргадаг. Энэ бол миний амьдрал” Холанд

Холанд ихэнхдээ цэвэр ус ууна. Гэхдээ жирийн ус биш. Түүний гэрт тусгай ус цэвэрлэх систем бий.

2024 онд Кайл Уокер “Холанд ирээд манай багийн хоол өөрчлөгдсөн. Тэр Норвегийн хулд загас, түүхий сүү цэсэнд оруулаад ирсэн” гэж ярьж байлаа.

Норвегийн баг ДАШТ ирэхдээ сүү авчраагүй ч 300 кг хулд загастай ирсэн байна.

Сэтгэл зүй: Гол нь инээмсэглэх

Хөлбөмбөгчид бясалгал хийх дуртай. Криштиану Роналду өдөр бүр бясалгал хийдэг бол Мо Салах, Антуан Гризманн нар Холандаас өмнө гоол хийчээд бясалгал хийж байгаа мэтээр баяраа тэмдэглэдэг байлаа.

2020 онд “Esporte Interativo”-д өгсөн ярилцлагадаа Холанд “Би бясалгах дуртай. Ингэснээр би дотор амар амгалангаа олж авдаг. Бясалгалын ачаар би тайван, амгалан байж чаддаг. Тийм болохоор зарим гоолоо ингэж тэмдэглэдэг” гэж хэлсэн.

Цар тахал дэгдэхэд Холанд бүх хүнд бясалгал хийж, айж, сандрахгүй байхыг идэвхтэй уриалсан.  

“Энэ цар тахал та биднийг стресст орж, өөртөө итгэлгүй болоход нөлөөлж байна. Хүн болгон айдас, түгшүүртэй байна. Гэхдээ бид биеэ бодохын зэрэгцээ оюун ухаанаа арчлах ёстой. Бясалгал бол маш тустай зүйл. Энэ нь сэтгэл хөдлөлөө удирдахад тусалдаг тул бид бусдад анхаарал хандуулж, илүү энэрэнгүй, хүнлэг хандах боломжтой болно. Би стресст орох дургүй. Бясалгал надад сайнаар нөлөөлсөн" гэж байв.

Стресст орохгүй бас нэгэн арга нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн сэтгэгдлийг уншдаггүй, тоодоггүй.

“Би олон нитйин сүлжээ хараад байдаггүй, өөрийнхөө тухай уншаад суудаггүй. Хүмүүс миний тухай юу бичиж, бодож байгааг хянах боломжгүй. Нэгэнт юу ч хийж чадахгүй хойно надад юу ч гэж бичсэн ялгаа алга” Холанд

Бас нэгэн чухал зүйл бол талбай дээр инээмсэглэх. Тоглолтод ялагдаад ч унжийгаад байдаггүй.

“Аль болох их инээмсэглэж, тоглолтоос таашаал авах хэрэгтэй. Яагаад гэвэл амьдрал богинохон, нэг мэдэхэд зодог тайлах цаг ирнэ”

2020 онд өгсөн ярилцлагадаа “Би улам илүү сайн болох шаардлагатай. Энэ бодол намайг өдөр бүр хөтөлдөг. Би дээд түвшиндээ гарч, илүү оновчтой, дайчин болох ёстой. Би хийсэн гоолоо байн байн дахин үздэг. Дүн шинжилгээ хийж, судална. Өнгөрсөн улирлын 44 гоолоо бүгдийг нь олон удаа үзээд тэр жил 50-иас дээш гоол оруулж чадах байж гэсэн дүгнэлтэд хүрсэн. Надад илүү нөөц байна. Би улам сайжрах ёстой” гэж хэлж байлаа.

Ингэж хэлж байгаа залууг яаж зогсоох вэ? Ямар ч зогсоох арга алга даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
9
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...