UBLife Logo
Хөлбөмбөг

Мартинес тэргүүтэй ДАШТ-ээр халагдсан 13 дасгалжуулагч

Мартинес тэргүүтэй ДАШТ-ээр халагдсан 13 дасгалжуулагч

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм бүрэн тодроогүй байгаа ч оролцсон багуудаас 13 багийнх нь дасгалжуулагч халагдсан буюу зөөлнөөр хэлбэл ажлаа өгчээ. Нэгийг нь ганц тоглолтын дараа л хөөсөн бол зарим нь сайн дураараа, зарим нь үр дүн бус багийн дотоод уур амьсгалаас болоод ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна.

Роберто Мартинес (Португал)

Өчигдөр шөнө Испанид ялагдсаны дараа Роберто Мартинес “Энэ цикл өндөрлөлөө, шинэ хүн хэрэгтэй. Ерөнхийлөгч Педру Проэнса дасгалжуулагчаа өөрөө сонгох нь шударга зүйл” гэж хэлсэн. Гэрээний хугацаа ч дууссан, дахин ажиллах нь түүний хувьд утгагүй хэрэг байлаа.

Сабри Лямуши, Эрве Ренар (Тунис)

ДАШТ-ий түүхэн дэх хамгийн хурдан халагдсан тохиолдол. Хэсгийн эхний тоглолтод Шведийн багт 1:5 ялагдсан нь Тунисын түүхэн дэх хамгийн том ялагдал болсон. Лямуши нэгдүгээр сард ажлаа авч, багтайгаа тавхан тоглолтод оролцсон ч олон нийтийн шахалтаар түүнийг хөөсөн. Түүний дараа хэсгийн хоёр дахь тоглолтоос Эрве Ренар удирдсан ч тус болсонгүй. Тэр ч мөн яваад өгсөн.

Хавьер Агирре (Мексик)

Английн багт 2:3 ялагдсаны дараа 67 настай Агиррегийн ажил ямар нэг хэрүүл, маргаангүй өндөрлөсөн. 4 дараалан ялахдаа нэг ч гоол алдаагүй байсан Мексикийн баг тун сайн тоглосныг хэлэх хэрэгтэй. Түүний ажлыг Рафаэль Маркес авсан.

Стив Кларк (Шотланд)

Хэсгээс гарахгүй нь тодорхой болсон тэр өдөр Кларк ажлаа өгч байгаагаа зарласан. Уг нь түүний гэрээ 2030 он хүртэл байлаа. Шотландын хөлбөмбөгийн холбоо түүнийг тун сайхан, дулаахнаар гарган өгсөн.

Хон Мён Бо (БНСУ)

Хэсгээсээ гарч чадаагүй дээрээ багийн ахлагч Соныг хувийн өс хонзонгоор сэлгээнд суулгасан хэргээр ард түмэндээ адлагдаж, амь нас нь ч аюулд учраад байгаа эрхэм. БНСУ-ын Ерөнхийлөгч ч түүний эсрэг үг хэлсэн билээ. Одоо БНСУ даяар үйлчилгээний газрууд “Хон Мён Бод үйлчлэхгүй” гэсэн уриа гаргаад байна.

Роналд Куман (Нидерланд)

Нидерландын баг Мароккод ялагдаад нутаг буцсан тоглолтод Куман 5 хамгаалагчтай тоглосон. Хүчирхэг багийг хэт болгоомжтой тоглуулсан хэргээр ажлаасаа гарсан.

Карлуш Кейруш (Гана)

Кейруш дөнгөж дөрөвдүгээр сард Ганагийн багийг удирдаж эхэлсэн. Гэхдээ багаа хэсгээс гаргаж, Колумбид ялагдсан. Ялагдсаныхаа дараа “Манай зарим тоглогч хулчийгаад байлаа” гэж хэлсэн. Мөн Ганагийн хөлбөмбөгийн холбооны дарга нарыг шүүмжлээд амжсан.

Себастьян Беккасесе (Эквадор)

1/16 финалд Мексикт ялагдаад ажлаа өгч байгаагаа зарласан. Албан ёсны шалтгаан нь гэрээний хугацаа дууссан. Уг нь үргэлжлүүлэн ажилламаар байгаа ч холбооны ажил таалагдаагүй. Германыг ялж, Эквадорын ард түмнийг баярлуулсан хүн.

Мирослав Коубек (Чех)

Хоёр ялагдаж, нэг тэнцээд хэсгээс гараагүй түүнтэй Чехийн хөлбөмбөгийн холбоо гэрээ цуцлахаар санал нэгдсэн. Чехийн хэвлэл мэдээллээр өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай ажил өрнөж байна гэж Коубек хэлж байлаа.

Марсело Бьелса (Уругвай)

70 настай аргентин мэргэжилтэн ДАШТ дуусаад ажлаа өгнө гэдгээ эрт хэлж байсан. Гэхдээ энэ удаад Уругвайн баг хэт сулхан тоглосон билээ. Багийн томчууд болох Федерико Вальверде, Родриго Бентанкур, Мануэль Угарте, Серхио Рочет нар дасгалжуулагчтайгаа муудалцаж, багийн уур амьсгал муу байлаа. Бьелса тамирчидтайгаа мэндэлдэггүй байсан гэж Луис Суарес хэлсэн. Харин Бьелса дээрх тоглогчдыг “Тэд намайг ганцааранг минь орхисон” гэж шүүмжилсэн.

Жамал Селлами (Иордан)

Марокко мэргэжилтэн Жамал Селлами Иорданыг түүхэнд нь анх удаа ДАШТ-д оролцуулж, шагналд нь Иорданы иргэншил авсан. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа шигшээ багийг орхилоо.

Юлиан Нагельсманн (Герман)

Юлиан харахад өөрөө ажлаа өгсөн мэт боловч үнэндээ түүнийг халсан. Учир нь түүний гэрээнд халагдвал 14 сая евро авах том заалт байлаа. Хөлбөмбөгийн холбоо түүнтэй хэлэлцсээр албан ёсоор халалгүй, төлбөрийн мөнгийг 7 сая болгон салцгаах тохиролцоонд хүрсэн юм.

Эдгээр эрмүүд дээр удахгүй нэмэгдэх магадлалтай нь ӨАБНУ-ын дасгалжуулагч  Уго Брос, Хорватын Златко Далич, Алжирын Владимир Петкович нар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...