UBLife Logo
Спорт

Дэлхий дулаараад байвал Зуны олимп Монголд болно

Дэлхий дулаараад байвал Зуны олимп Монголд болно

Зуны улирал ид дундаа орж, аагим халуун болж байна. Чухам яг энэ үед ОУОХ-ноос цаг уурын дулаарлын асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Хэлэлцэхээс ч өөр аргагүйд хүрээд байгаа сурагтай. Дэлхийн бөмбөрцгийн уур амьсгал хэт дулаарснаас хойд туйлын цас мөс хайлж байгааг бид бүхэн мэднэ. Урьд өмнө сэрүүн сайхан байсан газрууд бүгчим халуун болж, зарим газрын өвс ургамал ургахаа байжээ. Энэ зун Европт хэт халснаас 2000 орчим хүн амиа алдаад байгаа.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад 2084 он гэхэд цаг уурын дулаарлаас болж Зуны олимпийн наадмыг хүлээн авч чадах хот маш цөөхөн үлдэх гэнэ. Энэ бол холын ирээдүй. Ойрын ирээдүйн төлөвийг ажихад тавхан жилийн дараа буюу хоёрхон олимпын циклийн дараа бөмбөрцгийн хойд хагаст Европоос өөр тивийн 8 хот, Хойд Америкийн 3 хот л Зуны олимпын наадмыг хүлээн авч болохоор сэрүүхэн байх аж. WBGT (Wet-Bulb Globe Temperature) хэмээх хэмжүүр ашиглан судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлт гаргасан байна. Энэ хэмжүүр нь дулааны хэм, чийгшил, салхи зэрэг олон нөхцлийг нэгэн дор тооцоолон гаргах боломж олгодог юм. Эрдэмтэн мэргэд WBGT-ээр ирээдүйд олимпын наадмыг зохион байгуулах боломжтой хотуудыг “сонгон” шалгаруулжээ. Эхлээд 600 мянгаас бага хүн амтай хотуудыг хассан байна. Дараа нь далайн түвшнээс 1.6 км өндөрт орших Мехико мэтийн хотуудыг агаарт нь хүчилтөрөгчийн хэмжээ бага гэдэг шалтгаанаар хасжээ. Мөн Зуны олимпын наадмын гол төрөл болох марафон гүйлтийн тэмцээнийг явуулах боломжгүй болох магадлал нь 10 хувиас дээш хотуудыг хассан байна.

Судалгааны дүнд Баруун Европоос өөр тивийн 543 хотоос найм нь л шаардлага хангасан гэнэ. Энэ хотууд дунд ОХУ-ын Санкт-Петербург, Латвийн Рига, Кыргызстаны Бишкек, манай нийслэл Улаанбаатар багтжээ. Харин Хойд Америкаас Сан-Франциско, Ванкувер, Калгари гэсэн 3 хот л тэнцжээ. Таван жилийн дараа Зуны олимп зохион байгуулах боломжтой хот Баруун Европт 25 байсан бол Өмнөд Америк, Африкийн ямар ч хотод олимпын наадмыг зохион байгуулах бололцоогүй болтлоо халуун болох аж. Бүр алсын ирээдүй буюу XXII  зуунд Белфаст, Дублин, Эдинбург, Глазго хотууд л Зуны олимп зохион байгуулж болохүйц, тамирчид тэмцээн уралдаанд орж болохоор сэрүүн байх гэнэ. Ингэхээр энэ зуунд Монголд зуны олимп болох нь.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...