UBLife Logo
Спорт

Эрсийн ертөнц дэх Бэрсийн нүүдэл

Эрсийн ертөнц дэх Бэрсийн нүүдэл

Я.Баяраа

Дэлхийн шатрын түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй их мастер Юдит Полгар 1976 оны энэ өдөр мэндэлжээ.

Унгарын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Ласло Полгар “Суут ухаантан төрдөггүй, бүтээдэг” гэх үзэлтэй байв. Ласло энэ гүн бат итгэл үнэмшлийнхээ улмаас гурван охиноо академик сургуульд явуулалгүй шатрын тусгай хөтөлбөр бүхий гэрийн сургалтаар хүмүүжүүлжээ. Шүүх, цагдаадаа тулж, маргаан дагуулсан туршилт нь эерэг үр дүнд хүрч, том охин Сюзан нь эрчүүдийн чансаагаар Шатрын анхны эмэгтэй их мастер цолд хүрсэн бол дунд охин София нь 1989 онд 14 насандаа Ромд болсон олон улсын тэмцээнд алдартай их мастеруудыг дараалан бут ниргэж, 8.5/9 оноо авч түрүүлэн шуугиан тарьсан ч олон улсын мастер цолтой шатраас хөндийрч, уран зураг, дизайны салбарт ажиллах болжээ. Харин бага охин Юдит нь шатрын спортод олон зуунд ноёлсон эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш өрсөлдөөн үзүүлэх боломжгүй гэх хэвшмэл ойлголтыг асар түрэмгий, шийдэмгий довтолгооны тактик, өрсөлдөгчөө сэтгэл зүйн гүн дарамтад оруулдаг өргүүдээрээ нэгмөсөн арчин хаясан юм.

“Шатар бол миний хувьд эх хэл минь. Би уншиж, бичиж сурахаасаа ч өмнө шатрын хэлээр ярьж сурсан” Юдит Полгар

Юдит 1991 онд дөнгөж 15 нас 4 сартайдаа Бобби Фишэрийн 33 жилийн турш хадгалсан рекордыг эвдэн, түүхэн дэх хамгийн залуу дэлхийн их мастер цолтон болсон. Юдит Полгар карьерынхаа турш эмэгтэйчүүдийн тэмцээнд тоглохоос татгалзаж, зөвхөн эрэгтэйчүүдийн буюу нээлттэй ангилалд нүүсээр ирсэн. Шатар сонирхогч, шинжээчид Юдитийн тоглолтын хэв маягийг “хөлөг дээрх дайн” хэмээн тодорхойлдог.

“Эрэгтэй эсвэл эмэгтэй хүний тархи гэж тусдаа зүйл байхгүй. Зүгээр л хүний тархи гэж бий” Юдит Полгар

Юдит дэлхийн чансааны ТОП-10-т (№8) бичигдсэн цор ганц эмэгтэй шатарчин бөгөөд хожлын жагсаалтад нь Гарри Каспаров, Анатолий Карпов, Борис Спасский, Вишванатан Ананд, Магнус Карлсен зэрэг агуу шатарчдыг багтаасан 11 дэлхийн аваргын нэр бий.

“Ялагдлаас суралцах нь зовиуртай хэдий ч ялалтаас хавьгүй чухал. Өвдөлт, зовуурь мэдэрч байж л түвшингээ ахиулдаг юм” Юдит Полгар

Юдитын хамгийн алдартай ялалт “Эмэгтэй хүн хэзээ ч дэлхийн аварга болж чадахгүй, тэд шатрын хүнд дарамтыг даах сэтгэл зүйн чадамжгүй” хэмээн мэдэгдэж явсан Гарри Каспаровыг 2002 онд  Москва хотноо буулган авсан явдал байлаа. “Каспаровыг хожихын тулд би зөвхөн өрөг дээр ялах биш, хэтийдсэн сүр хүчийг нь даван гарах хэрэгтэй болсон” гэж Юдит ярьсан нь бий. Юдит Полгар 2014 онд мэргэжлийн шатраас зодог тайлж, хүүхдүүдийн логик сэтгэхүй, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх сан байгуулан, шатрыг боловсролын системд нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Унгарт 16 жил бэхжин тогтсон дарангуй тогтолцоог халан гарч ирсэн Тиса намаас үндэстний бахархал Юдит Полгарт, Улсынхаа Ерөнхийлөгчөөр ажиллах санал тавьсан ч бүсгүй татгалзсан мэдээ саяхан дэлхий нийтэд цацагдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...