Өнөөдөр Нагоя башёгийн жонидан зиндааны 6 даваатай хоёр бөхийн халз барилдаан боллоо. Асахияма дэвжээний бөх, жониданы 6 дахь бөх Хакүгэцүро А.Сүхбат Кисэ дэвжээний Наказаваг ошидаши мэхээр ялж, жонидан зиндаанд түрүүллээ. Манай бөх мэргэжилд ороод нэг ч унаагүй байгаа.

А.Сүхбат өнгөрсөн тавдугаар сард жонокүчи зиндаанд мөн 7 даван, түрүүлж байсан билээ. Барилдааны дараа тэрээр “Бага зэрэг санадарсан ч зүгээр. Заавал ялна гэсэн бодол дотор байлаа. Одоо сэтгэл амраад сайхан байна. Би ояката шигээ бөх болохыг хүсдэг. Манай багш Котонишики нэрээр барилдаж байхдаа “Хэйсэй эриний Формула-1” хочтой, их хурдтай барилддаг байсан. Багшийнхаа барилдааныг бичлэгээр үзэж, яаж барьц авч, мэх хийж байгааг нь судалдаг. Бид хоёрын жин, өндөр ойролцоо ч багш барилдаж байх үедээ хамаагүй хурдан, мэдрэмжтэй байсан байна. Дээр нь бараг гэмтдэггүй. Үнэхээр хүндэлж явдаг хүн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

А.Сүхбат энэ жил 24 настай. 176 см өндөр, 130 кг жинтэй. Аав нь Монгол улсын гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ. Б.Ариун-Эрдэнэ нь Аймгийн арслан цолтой, Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын 8 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Азийн 5, улсын 13 удаагийн аварга бөх. 2021 оны 5 сарын 26-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Булган аймгийн Засаг дарга байсан.

А.Сүхбат аавынхаа нөлөөгөөр бага ангиасаа жүдо барилдаж, 17 настайдаа аавынхаа дотно танил Хакүхо аваргын урилгаар Японд иржээ. Жёохокү ахлах сургуульд суралцсан. 2021 онд Сэншюү их сургуульд элсэж, өнгөрсөн жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16-д орсон. Ингээд санданмэ зиндаанаас мэргэжилд барилдах эрх авсан ч дэвжээ олдохгүй байсаар хугацаа нь дуусжээ. Өнгөрсөн жил Асахияма дэвжээнд дадлага хийж, энэ жилээс мэргэжилд орсон.
Тэрээр шинэ бөхийн шалгалтын дараа “Хоёр жилийн дотор заавал сэкитори, цолтой бөх болно. Цол авсан хойноо Монголд харина. Асахияма ояката, окамисан намайг аваагүй бол би өдийд Монголд харьсан байх байсан. Сүмоч болж чадахгүй байлаа. Тиймээс тэдний ачийг хариулахын тулд хичээж, зүтгэх болно” гэж ярьж байсан юм.
