UBLife Logo
Нийгэм

Б.Пүрэвдагва: С.Зоригийн хөшөөг хуучин байршилд нь байрлуулахыг үүрэг болголоо

Ub.life
Ub.life
Б.Пүрэвдагва: С.Зоригийн хөшөөг хуучин байршилд нь байрлуулахыг үүрэг болголоо

С.Зоригийн хөшөөг нүүлгэсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Тэрбээр:

Энэ газар, энэ бууринд өндөр байшин барих сэдлээр бүх ард түмний хандиваар боссон, Монголын ардчиллын удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний шөнө 03:00 цагт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж, хулгайн сэдлээр зөөж, тээвэрлэж нүүлгэсэн ноцтой хэрэг гарлаа.

НЗДТГ-аас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Нийслэл Улаанбаатар хот өмчөө хамгаална.

С.Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг. С.Зоригийн хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Тийм учраас Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх бас хэнд ч байхгүй. Монголын ардчилал Зоригтойгоо хамт байх ёстой.

1990 оны ардчилсан хувьсгал, цагаан морин жил төрсөн хүний хувьд эрх чөлөөний мэдрэмжтэй, шинэ үеийн залуучууд үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахад хатуу зогсох болно гэдгээ хэлье. Санжаасүрэнгийн Зориг хэлэхдээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн. Тийм учраас ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд би дараах шийдвэрийг гаргаж байгаагаа мэдэгдье.

  1. Өнөөдрийн дотор хулгайн сэдэлтэй, зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн, Б.Дэнзэн гуайн бүтээл Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг буцааж нийтийн эзэмшлийн талбайд нь цагдаагийн хамгаалалт дор, мэргэжлийн багтай буцааж байрлуулахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, генерал О.Ганбатад, Захирагчийн ажлын албаны дарга, Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгож байна.

  2. Соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх журмыг зөрчсөн, Зөрчлийн хуулийг зөрчсөн этгээдүүдийг олж, тогтоож, хариуцлага тооцож, олон нийтэд мэдэгдэхийг мөн үүрэг болгож байна.

  3. Намайг хотын даргаар ажиллах энэ цаг хугацаанд энэ газар дээр, энэ талбай дээр дахиж ямар нэгэн барилга байгууламж, байшин баригдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Цаашид нийслэл Улаанбаатар хотынхоо ой санамж болсон түүхийн болон соёлын үнэт өв, дурсгал, хөшөө, барилга байгууламжид хэн нэгэн дураараа гар хүрдэг, шуналын сэдлээр ханддаг нөхцөл байдлыг үгүй болгохын төлөө хуулийн бүх орчныг бий болгож үлдээнэ гэдгээ бас хатуу мэдэгдье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
Хуурамч мэдээллийн эсрэг тэмцлээ эрх баригчид өөрсдөөсөө эхлэх ёстой

Хуурамч мэдээллийн эсрэг тэмцлээ эрх баригчид өөрсдөөсөө эхлэх ёстой

Асуудал нь тэхээр иргэдэд байна уу, эрх мэдэл, мөнгөнд ойрхон бүлэгт байна уу?    Платформын алгоритм, гаднын нөлөө, зохион байгуулалттай дотоодын үйл ажиллагаа нөлөөлж байгаа. Гэхдээ асуудлаа эрх баригчид өөрсдөөсөө хайх хэрэгтэй юм.