UBLife Logo
Нийгэм

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод цас орж эхлэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд бэлтгэлээ хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6669.6 тонн бодис, 10038.6 тонн давсны нөөц бүрдүүлсэн. Мөн зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1280 ажилтан, давс, бодис цацах 96 автомашин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд шилжүүлээд байна.

Цас орж, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч, зорчих хугацаа уртасдаг. Тухайлбал, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг байна.

Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннел, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа, гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршлуудад давс, бодисыг нэн тэргүүнд цацаж, зам талбайн цэвэрлэгээг шуурхай зохион байгуулна.

Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, явган зорчигчдыг зөвхөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахыг анхааруулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...